Нийгмийн бодлогын байнгын хорооны /2025.04.08/-ны өдрийн хуралдаанаар Байнгын хорооны тогтоолын төсөл /Хараат бус шинжээч томилох тухай/-ийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд саналаа хэлсэн юм.
УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа:
ЭМД, НД-ын Үндэсний зөвлөлд хараат бус шинжээчээр ажиллах нэр 2 дэвшигчийн хувьд хувьд харьцангуй туршлагатай, дадлагатай, өмнө нь энэ чиглэлээр судалгааны болоод эрдэм шинжилгээний ажлуудад оролцсон экспертүүд байна гэж харж байна. Ч.Энхбаяр багшийг МУИС-ийн Эдийн засаг, Бизнесийн сургуулийг олон жил удирдсан, зөвхөн эрдэм шинжилгээний ажил гэхээсээ илүү, менежерийн хувьд олон төсөл хөтөлбөрүүд дээр баг хамт олноороо оролцож байсны хувьд илүү өргөн цар хүрээнд харах боломжтой гэж дүгнэж, саналаа өгч орж ирсэнд нь талархаж байна. ЭМД-ын Үндэсний зөвлөлийн гишүүнийг сонгох сонсголыг миний бие ахалж ажиллахаар Байнгын хорооны даргаас үүрэг авсан. Л.Хоролсүрэн шинжээчийн хувьд бид цаашид нэлээдгүй хамтарч ажиллах байх. Даатгалын үндэсний тогтолцоог бодитой хадгалаад явахад өөрийн үнэтэй хувь нэмрээ оруулах, мэдлэг боловсрол, авьяас чадвараа хоёргүй сэтгэлээр зориулах чадвартай, туршлагатай нэр дэвшигчдийг оруулж ирэхэд л та бүхний дүгнэлтийн ач холбогдол орших юм. Хараат бусаар, өөрсдийн мэргэжил арга зүйн хувьд ажлын байранд тавигдах шаардлагыг хангах эсэхийг нь тодорхойлоход хангалттай хэмжээнд дүгнэлт гаргачих шинжээчид байна гэж үзээд дэмжсэн саналыг хэлж байна.