2011.05.05

Д.Очирбат: Их, дээд сургуулийн тоо их байна

УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого,боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Очирбаттай УИХ-аар хэлэлцэж буй Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын цалин, тэтгэлэг, тэтгэмж, нийгмийн баталгааны тухай хуулийн төслийн талаар болон дээд боловсролын шинэчлэлтийн асуудлаар тодруулга авлаа.
-Монгол Улсын Ерөн­хий­лөгчийн зүгээс санаач­лан бо­ловс­руулсан хуу­лийн төслийг дэмжиж байгаа юу. Зарим иргэд энэ хуулийг сонгуулийн амлалтаа биелүүлсэн болж харагдах арга гэж харж байна. Харин та хэрхэн харж байна?
-Ерөнхийлөгчийн өргөн барь­сан Дээд боловсролын сан­­хүү­жилт, суралцагчдын цалин, тэтгэлэг, тэтгэмж, нийг­мийн баталгааны тухай хуу­лийн төслийг хэлэлцэхийг чуул­ганаар дэмжсэн. Улс ор­ны­хоо хөгжлийг бодож бай­вал сурч боловсрох оюутан залуусаа дэмжих хэрэгтэй. Төлбөрөө төлж чадахгүй бай­гаа оюутнуудаа дэмжих ёс­той. УИХ-ын гишүүд бөө­нөөр нь хавтгайруулан тэтгэ­хийг шүүмжилж байгаа. Ерөн­хийлөг­чийн өргөн барь­сан төс­лөөр аливаа нэгэн ял­гаварлалгүйгээр бүхэлд нь олгох тухай байна. Байнгын хороогоор хэлэлцэх үед төрийн дэмжлэгийг хэрэгцээтэй хэсэгт нь өгөх саналууд орж магадгүй.
-Их, дээд боловсролын сал­барт ямар хууль эрх зүйн орчин дутагдалтай байгаа вэ. УИХ-д хэлэл­цэгдэхээр орж ир­сэн энэ хууль тэр орчинг бүр­дүүлэхэд нийцэж байгаа юу?
-Одоогоор монголд 160 гаруй, үйл ажиллагаа тогтмол явуулж байгаа 110 гаруй их дээд сургууль байна. 2,7 хон сая хүнд энэ тоо арай л ихэдчихсэн. Энэ их дээд сургууль байх шаардлага байгаа эсэхэд эргэлзэж байна. Боловсрол соёл, Шинжлэх ухааны сайд нь саяхан хэлэхдээ “Энэ олон их дээд сургуулийг цөөлөх, стандартчилал тогтооох ёстой. Аттестатчилал хийж хоёр оронтой тоонд оруулна” гэж байсан.  Гэхдээ энэ тоог 10, 20-д багтаасан ч болно. Ингэж байж л чанартай сургалт явагдана. Оюутны тоо багасна гэсэн үг биш сургуулийн тоо багасна гэсэн үг. Харин цөөн хэдэн сургуультай болчихвол тэднийг төрөөс маш сайн дэмждэг байх хэрэгтэй. Оюут­нууд чанартай сургуульд сурал­цах ёстой болохоос биш подваль, айлын хажууд, түрээсийн байранд байдаг сургуульд суралцахаа болино. Сургалтын орчин байхгүй газар их дээд сургууль үйл ажиллагаа явуулж болохгүй биз дээ. Дээд боловсролын стандарт гэж байдаг бол түүндээ л хүрэх хэрэгтэй. Үүнд нь хүрч чадаагүй ар өврийн хаалгаар ороогүй бүх сургуулиудын хаалгыг нь барих ёстой. Оюутан залуус тэтгэлэг дэмжлэг олгож байгаа боловч энэ нь дахиад л нөгөө олон сургуулиудыг санхүүгээр нь дэмжиж буй хэлбэр л болж байна.
-Ингэхээр Дээд боловс­ролын санхүүжилт, сурал­цагч­дын цалин, тэтгэлэг, тэт­гэмж, нийгмийн ба­тал­гаа­ны тухай хуу­лийн тө­сөл Боловс­ролын сай­дын хэлсэн тоог буу­руулна гэсэн тооцоотой зөрчилдөхгүй биз дээ?
-Юуны өмнө Боловсролын сайдыг аттестатчилалаа хий гэж Байнгын хорооноос шахаж байгаа. Гэхдээ энэ асуудал аяндаа шийдэгдэх болно.
-Сургалтын төлбөр өндөр байх ёстой юу, эсвэл үнэгүй байх ёстой юу?
-Мэдээж чанараа дагаад үнэ нь өндөрсөх ёстой. Төлбөрийг нь бага байлгана гэдгээс болоод чанаргүй олон сургуультай болчихсон шүү дээ.