2013.09.12

Хотын залуус хөгжлийн төлөө чууллаа

“Дэлхийн зөн-Монгол” олон улсын байгууллагаас санаачлан 2013 оны 4 дүгээр сарын 08-10-ны өдрүүдэд “Хотын залуус хөгжлийн төлөө” чуулга уулзалтыг Улаанбаатар хотын есөн дүүргийн төлөөлөл болон залуучуудын байгууллагын 70 залуусын дунд зохион байгуулжээ.

Энэхүү үйл ажиллагаанд нэр хүндтэй олон зочид уригдаж, Улаанбаатар хотын ирээдүй, хөгжил цэцэглэлтийн талаарх хүсэл мөрөөдөл, зорилго, төлөвлөгөөний тухай ярилцаж, амжилтад хүрэхэд юу чухал байдаг талаар практик зүйлсүүдийг хуваалцлаа. Мөн өөрсдийн амьдралд бэрхшээлийг хэрхэн амжилт болгосон талаар ярилцаж, залуучуудыг урамшуулсан юм.

Хүндэт зочдоос Хотын дарга Э.Бат-Үүл, УИХ-ын гишүүн О.Баасанхүү нарын чуулга уулзалтын талаарх сэтгэгдлийг сонслоо.

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл:

-Та залуучуудыг ямар байдлаар хотын хөгжилд оролцоосой гэж бодож байна вэ?

-Юуны өмнө залуучуудынхаа хотын хөгжилд оролцох оролцоог дэмжих нөхцөлийг бүрдүүлэх ёстой. Ийм нөхцөл бүрдээгүй тохиолдолд залуучуудаа бүтээн байгуулалтад урам зоригтой оруулах бололцоогүй.

Энэ нөхцөл байдал нь юу гэхээр шинэ хөдөлмөрийн бодлого буюу хөдөлмөр хийсэн бол орон сууцтай болж, хэрэгцээгээ хангана гэсэн нөхцөл байдалд бид шилжиж байгаа. Залуучууддаа хэлэхэд ийм боломж байхад хүч чадлаа дайчлан бүтээн байгуулалтад оролцоорой гэж хэлмээр байна гэлээ.

Залуучууддаа суурилж хөгжлийн бодлогоо тодорхойлох нь хамгийн зөв.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

Монгол улсын хүн амын 70 хувь нь залуучууд. Залуучууддаа суурилж хөгжлийн бодлогоо тодорхойлох нь хамгийн зөв. Тэд өөрсдөө санаачлан хийж байгаа нь бахархууштай байна. Шийдвэр гаргах нь зөвхөн бодлого. Гол нь хийж гүйцэтгэх, авч явахад залуучууд, тэр тусмаа өнөөдрийн дүүрэг дүүргээс гарч ирсэн залуус голлох үүрэгтэй гэж ойлгож байна гэсэн юм.

Тус чуулга уулзалт нь Хотын хөгжилд залуучуудын оролцоо санал санаачилгыг дэмжиж, “Дэлхийн зөн-Монгол” олон улсын байгууллагын үйл ажиллагаатай уялдуулан тогтвортой үйл ажиллагааг бий болгох зорилготой байлаа.