П.Даваасүрэн: Манай оюутнууд ажлын байранд гараад шилдэг нь байж чаддаг
“Оюуны эрэл” оюутны холбооны гүйцэтгэх захирал П.Даваасүрэн
2013.07.23

П.Даваасүрэн: Манай оюутнууд ажлын байранд гараад шилдэг нь байж чаддаг

“Оюуны эрэл” оюутны холбооны гүйцэтгэх захирал П.Даваасүрэнтэй ярилцлаа.

-Байгууллагынхаа талаар танилцуулахгүй юу?

-“Оюуны эрэл” оюутны холбоо нь чадварлаг, боловсон, ирээдүйн манлайлагчдыг хөгжүүлэх зорилготойгоор 2005 оноос албан ёсоор үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Оюутан залуусын соёл, боловсрол, мэдлэг ур чадварт нь чиглэсэн хөтөлбөрүүдийг зохион байгуулдаг.

Оюутнуудад онол ярихаасаа илүү дадлага хөтөлбөр дээр голлон ажилладгаараа онцлогтой. Нийгмийн зохистой харилцааны үндэс нь оюутнуудад байдаг. Оюутан ямар байхаас манай улсын ирээдүй, хөгжил, цаашдаа ямар түвшинд хүрэх нь хамаардаг.

Тэгэхээр оюутан байх хугацаанд нь мэргэжилдээ мэргэшсэн, зөв төлөвшсөн, харилцааны соёлтой болгох тал дээр түлхүү ажиллаж байна. Манай байгууллага Улаанбаатар, Дархан, Эрдэнэтэд үйл ажиллагаагаа явуулж байна.  Мөн хөдөө орон нутгийн томоохон их дээд сургуулиуд  манай үйл ажиллагааг хамтарч зохион байгуулдаг.

-Улсын хэмжээний бүх их дээд сургуулиудтай хамтран ажиллаж, оюутнуудад хүрч чаддаг уу?

-Төрийн болон төрийн бус өмчийн сургуулиуд дээр клубүүдээрээ дамжуулан ажилладаг. Одоогоор 10-н клуб ажиллаж байгаа.

-Оюутнууд танай холбоонд хэрхэн хамрагддаг вэ?

-Гишүүн болохын тулд манайхаас зохион байгуулсан ямар нэгэн хөтөлбөрт оролцох хэрэгтэй. Тэгээд хамрагдах хүсэлтэй бол гишүүнчлэлийн хөтөлбөрт оролцож гишүүнчлэлийн карт авна. Ер нь бол гишүүн болох оюутнууд маань эх оронч сэтгэлтэй, өөрийгөө хөгжүүлэх эрмэлзэлтэй байх шаардлагатай.

-Одоогоор танайд гишүүнчлэлтэй хичнээн оюутан байгаа вэ?

-Мянга орчим гишүүд, ажилчид бий. Салбар клубүүдээр гишүүнчлэл нь бүрдээд явдаг. Гишүүн оюутнууд нь үйл ажиллагаагаа өөрсдөө зохион байгуулаад, өөрсдөө гишүүнчлэлээ бүрдүүлдэг системтэй.

-Оюутнууд төгссөнийхөө дараа танай байгууллагатай холбоотой байдаг уу?

Оюуны эрэл, оюутны холбооныхон

-Төгсөөд өөр өөрсдийн мэргэжил, хүсэл сонирхлоороо ажлын байранд гарна. 

Манай байгууллагын хөтөлбөр үйл ажиллагаанд оролцож, дадлагажиж туршлагажсан залуус маань ажлын байран дээрээ бусдадаа үлгэр дууриалал болсон, тухайн байгууллагынхаа тэргүүний ажилчид байж чаддаг.

Зөвхөн их сургуулийн боловсрол аваад гарахаас гадна өөрсдийгөө хөгжүүлэх хөтөлбөрт  оролцсоноороо ажлын байран дээр илүү чадвартай байгаа нь харагддаг. Төгсөгчид маань эргээд бидэнтэй харилцаа холбоотой байдаг.

-Үйл ажиллагааныхаа чиглэлийг танилцуулахгүй юу?

-Үйл ажиллагааны чиглэлийн хувьд нэгдүгээрт боловсрол, хоёрдугаарт дадлагад суурилсан сайн дурын төсөлт хөтөлбөр, сурсан зүйлээ бататгах дадлага хөтөлбөрүүд.

Үүний нэг жишээ нь “Сайнаас агууд дэвшихүй” буюу хөдөө орон нутгийн хөгжлийг дэмжих залуусын хөдөлгөөнийг оюутны өвөл, зуны амралтаар хийдэг.

Гуравдугаарт Олон Улсын Соёлын солилцооны хөтөлбөрүүд зохион байгуулдаг. Хичээлээс гадуур клубээр дамжуулан юмыг зохион байгуулах, бусадтай харилцах, бусдад өөрийгөө илэрхийлэх зэрэг чадваруудад суралцдаг байгаа.

-Хамтын ажиллагааны хувьд?

-Юун түрүүнд Монголын их дээд сургуулиудтай хамтран ажиллаж байна. Мөн аймаг сумдын засаг дарга нартай “хөдөө орон нутгийн хөгжлийг дэмжих хөдөлгөөн”-ийхөө хүрээнд хамтарч ажилладаг.

Бусад идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг ТББ-ууд, ААН-үүд, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, сургалтын төвүүд, олон нийтэд хүндлэгдсэн алдартай хүмүүс гээд бараг зуу гаруй хувь хүн, албан байгууллагатай хамтран ажиллаж байна.

-Гадны улс орнуудын оюутны байгууллагуудтай хамтын ажиллагаа бий юү?

-Байлгүй яахав. Манайх 2011 онд Залуу удирдагчдын чуулганыг төрийн ордонд зохион байгуулсан. Мянга орчим залуучууд цугласан. Мөн АНУ, Кени, Бразил, ОХУ, Солонгос, Хятад, Монгол гээд найман орны оюутан залуусын соёлын солилцооны арав хоногийн хөтөлбөрийг Монгол улсдаа зохион байгуулсан.

Өнгөрсөн онд Малайзад болсон соёлын солилцоонд манай орны 10н оюутан амжилттай оролцоод ирсэн. Удахгүй энэ оны 8-н сард АНУ-д болох Мартин Льютер Кингийн илтгэлийн 50-н жилийн ойг тэмдэглэх чуулганд Монголоос оролцох оюутан залуусыг бүртгэж байгаа.

-Ямар нэгэн төрийн байгууллагатай хамтран ажиллаж байсан уу?

-МҮОНТВ-ийн Болор үзэг наадмын гран при шагналт ”Эгэл амьдралын мөр” нэвтрүүлгийн гол судалгааны ажлыг манай холбооны оюутнууд хийсэн. Тухайн сум аймагтаа хамгийн шилдэг нь болоод явж буй тэр хүнийг нь эрж хайх судалгааны ажлыг эхэнд нь өрнүүлсэн.

Тэр судалгааны ажлыг нь манай оюутнууд гардаж хийсэн бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дэргэдэх Иргэний танхим хамтран зохион байгуулсан.

-“Цэмцгэр монгол наадам” үйл ажиллагаанд хамтран оролцсон гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу?

"Цэмцгэр Монгол Наадам"

-“Цэмцгэр монгол наадам” маань зургаа дахь жилдээ явагдаж байна. Орчноо цэвэрхэн байлгах асуудал ямагт чухал байдаг. Ямар нэгэн баяр, үйл ажиллагааны дараа талбай, төв цэнгэлдэх хүрээлэн аймшигтай хогонд дарагддаг.

Яагаад монгол хүний ухамсар хогондоо дарагдчихсан байдаг юм бэ. Энэ ухамсраас бүгдээрээ салцгаая гэсэн уриалгыг гаргахын тулд “Энхийн төлөө үйлчлэхүй” ТББ-тай хамтран ард иргэдээ уриалсан.

Энэ хөтөлбөрт яагаад оролцдог вэ гэхээр оюутан хүн “би ийм ч гоё ганган, тийм ч мундаг” гэж дээгүүр харан алхахаас илүү “би энэ улсын иргэн, ирээдүй нь учраас хогоо хогийн савандаа зөв хийчихье, биеэ зөв соёлтой аваад явъя, бусадтай зөв эелдэг мэндэлье” гэх наад захын ухамсар, дадалтай байх ёстой гэж үздэг.

-Үүнтэй ижил нийгэм рүү хандсан арга хэмжээ зохион байгуулж байсан уу?

-“Малчдад туслах аян”-ыг Дархан-Уул аймгийн “Дархан-Оюуны эрэл” клубийн гишүүд маань санаачлаад Дарханыхаа зудтай, хүндхэн өвөлжиж буй сумдуудад тусалсан ажил хийсэн. Ерөнхийлөгч маань хүртэл зудад нэрвэгдээд буй аймгуудад туслах хэрэгтэй гэсэн санаачилгыг гаргасан ч төдийлөн ажил хэрэг болоогүй.

Өдөр болгон махыг нь идэж, сүүг нь ууж байгаа учраас малчдадаа хүнд хэцүү үед нь туслах хэрэгтэй гэх ухамсартай оюутнууд өөрсдөө санаачилж хийсэнд ихээхэн ач холбогдол өгч байаа. Цаашид жил бүр үргэлжлүүлэн зохион байгуулах төлөвлөгөө байна.

-Ойрын хугацаанд хийж хэрэгжүүлж буй үйл ажиллагаа юу байна вэ?

-Наймдугаар сарын 20-ноос 29-ний хооронд АНУ-д Мартин Лютер Кингийн “I have dream” илтгэлийн 50 жилийн ойг тэмдэглэх гэж байгаа. Мартин Лютер Кингийн дүү нь “Кинг центр” гэх ахынхаа санг байгуулсан. Кинг центр, НҮБ болон бусад байгууллагууд хамтран 10 өдрийн сонирхолтой хөтөлбөрийг зохион байгуулах гэж байгаа.

Болор үзэг наадмын гран при шагналт ”Эгэл амьдралын мөр” нэвтрүүлгийн гол судалгааны ажлыг манай холбооны оюутнууд хийсэн.

Үүнд оролцох залуусыг монголын талаас манай байгууллага төлөөлөн явуулах гэж байна. Тус хөтөлбөрт АНУ-ын ерөнхийлөгч, НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга болон Дэлхийн нөлөө бүхий хүмүүс оролцох юм.

-Цаашдын үйл ажиллагааны зорилго юу байна вэ?

-Оюутнуудыг оюутан байх хугацаандаа өөрсдийгөө дайчлан суралцаж ажлын байран дээр гарахад чадварлаг, өрсөлдөхүйц, манлайлагч залуусыг дэмжин хөгжүүлэх болно.

Оюутан залуус маань зүгээр нэг амбиц хөөсөн, би л болж байвал бусад нь хамаагүй гэх биш, эх орныхоо хөгжилд бодитой хувь нэмэр оруулахуйц, эх оронч, бүтээлч, зөв хүмүүс байгаасай гэж хүсдэг.

Тийм л ухамсар сэтгэлгээг л оюутнуудад өгөхийн тулд төсөл хөтөлбөрүүдийг зохион байгуулж, ажиллаж байна даа.