УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос Иргэний эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт, зарцуулалтад хяналт шалгалт хийх Ажлын хэсгийг байгуулав.
2013.05.22

Эрүүл мэндийн даатгалын санг шалгахаар боллоо

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос Иргэний эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт, зарцуулалтад хяналт шалгалт хийх Ажлын хэсгийг байгуулав. Ажлын хэсэг байгуулах саналыг УИХ-ын гишүүн С.Ганбаатар гаргасан бөгөөд байнгын хорооны гишүүдийн олонх дэмжсэн юм. Ингэснээр Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан ахалж ажиллахаар болов. Олон жил хэл ам дагуулсан Иргэний эрүүл мэндийн даатгалын сан хэдэн төгрөгийн хуримтлалтай, хэдийг юунд зарцуулсан зэрэг тоо баримтыг Ажлын хэсэг шалгах юм байна.

Эм хангамжийн 13 хувь нь чанарын баталгаагүй байжээ

УИХ-ын гишүүн С.Ганбаатар

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өчигдрийн хурал­даа­наар “Монгол Улсын хууль тог­тоомжийг 2016 он хүртэл боловсронгуй болгох Үндсэн чиглэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд холбогдох салбарын сайд нарт асуулт тавьж хариулт авсан юм. Гишүүдийн асуултад Эрүүл мэндийн сайд Н.Удвал, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр нар хариулав.

С.Ганбаатар:

-Эрүүл мэндийн даат­гал, санхүүжилттэй хол­боо­той тендер будлиулсан гэх олон асуудал гарч бай­гаа. Энэ асуудлыг зохи­цуул­сан зүйлийг хуульд тусгасан уу?

Н.Удвал:

-Эрүүл мэндийн тоног төхөөрөмж худалдан авах үйл ажиллагаа Тендерийн хуулиар зохицуулагдаж байгаа. Эрүүл мэндийн хуультай шууд холбог­долгүй. Тиймээс Тенде­рийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар анхаарах шаардлагатай.

Г.Баярсайхан:

УИХ-ын гишүүн Г.Баярсайхан

-Дэлхий даяар хуурамч эмийн асуудал хурцаар тавигдаж байгаа. Иймд эмийн худалдаа, чанарт анхаарал хандуулах хэрэг­тэй. Цаашид Монгол Улс ямар төрлийн эм дотооддоо үйлдвэрлэх, ямар эмийг импортоор авах асуудлыг тодорхойлох шаардлага байгаа. Өнөөдрийн байд­лаар улсын хэмжээнд эм хангамжийн зах зээлд хуурамч эмийн худалдаа хэдэн хувь эзэлж байна вэ. Мөн эмийн бөөний худал­дааны төвд яам онцгой анхаарах хэрэгтэй. Ямар ч чанарын баталгаагүй эмүүд орж ирж байна.

Н.Удвал:

Эрүүл мэндийн сайд Н.Удвал

-Шинэчлэлийн Зас­гийн газрын хэрэгжүүлж буй “Эрүүл чийрэг монгол хүн” хөтөлбөрийн нэг гол зорилт нь эмийн аюулгүй байдлыг хангах асуудал байгаа. Энэ хүрээнд эмийн чанар аюулгүй байд­­лыг шинэчлэх бод­логыг тодорхойлсон. Одоо­гоор Монгол Улс 40 гаруй орноос 140 гаруй эм ханган нийлүүлдэг. Жилд 160 тэрбум орчим төг­рөгийн эмийн зах зээлийн багтаамжтай байна гэж үзэж, үүнээс 89 тэрбум төгрөг нь иргэдийн эм хангамжид, үлдсэн нь эмийн сангуудаар дамж­даг. Хамгийн сүүлийн су­далгаагаар нийт эм хангамжийн 13 хувь нь чанарын баталгаа хан­гаагүй. Эм ханган ний­лүүлэх үйл ажиллагаанд хамгийн чанартай, үйлчилгээ сайтай эмийг ханган нийлүүлэх улсын оролцоотой төвлөрсөн эм хангамжийн байгууллага байвал хангамжийн ша­танд бар код системийг нэвтрүүлж үйлчилгээг сайж­руулах чанарын баталгааг хангана гэсэн бодлого барьж ажиллаж байна. Монгол Улсад 32 эмийн үйлдвэр ажилладаг. Химийн үйлдвэрлэл хөгж­сөн газарт эмийн үйлд­вэрлэл хөгждөг. Хам­гийн чанартай эмийн үйлд­­вэ­рийг дэмжинэ. Түүнчлэн улсын болон хувь хо­сол­сон эм хан­гамжийн үйлд­вэрлэлийг мөн дэмжиж ажиллана. Чанарын өр­сөл­дөөнөөр тодорхой байр суурь эзэл­дэг шударга өрсөлдөөний механизмыг дэмжих шинэчлэлийн бод­логыг хэрэгжүүлж байна.

Ж.Батсуурь:

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь

-Манай улс их, дээд сургуулийн тоогоор дэл­хийд дээгүүрт орж байгаа. Харин дээд сургууль төг­сөгчдөөс тухайн мэргэж­лээр мэдлэг, чад­вар эзэмшсэн хүн цөөн байдаг. Өнөөдөр бай­шин­гийн орц, хонгилд хичээл явуулдаг, 100 хүрэхгүй оюутантай сургууль нэлээдгүй байна. Мөн аймаг, орон нутагт дээд сургуулийн салбар нэртэй хоёр, гурван багштай газар ч бий. Иймд дээд боловс­ролыг бизнес болгож байгааг зогсоовол яасан юм бэ. Олон сая хүн амтай Европын улс оронд гарын таван хуруунд багтах их, дээд сургууль байдаг. Заавал дээд боловсрол эзэмших шаардлага байна уу. Амьдралдаа хэрэг бо­лох мэргэшил олж авахын оронд чанаргүй диплом олж авах гэж хайран цаг хугацаагаа алдаж байгаад анхаарах хэрэгтэй.

Л.Гантөмөр:

УИХ-ын гишүүн Л.Гантөмөр

-Дээд боловсролыг нухчин дарах, хориглох талаас нь явмааргүй байна. Харин олон хүн дээд боловсролд хамраг­дахын хэрээр сургалтыг чанартай болгох асуудалд анхаарах шаардлагатай. Хүний сурч боловсрох, суралцах сургуулиа сонгох сонголтыг үгүйсгэж болохгүй. Хувийн бизнес муу байна гээд тэднийг шахаж бас болохгүй. Тө­рийн өмчийн дээд сур­гуулиуд хүссэн төвшинд хүрээгүй нь тэнд ажил­лагсдад хангалттай цалин өгөөгүйтэй холбоотой. Дээд боловсролыг хариуц­сан агентлаг, судалгааны газар өнөөдөр байхгүй. Боловсрол, шинжлэх ухаа­ны яаманд энэ асуудлыг хариуцсан найман хүн ажиллаж байгаа нь учир дутагдалтай. Цаашид дээд боловсролд үзүүлэх үйл­чилгээ, хяналтыг сайж­руулах шаардлага бий.

Ингээд Байнгын хо­рооны санал, дүгнэлт бо­лон дэмжигдсэн сана­луу­дыг Хууль зүйн байнгын хороонд хүргүүлэхээр болов.