2013.09.05

Эрүүл мэндийн хуулийг шинэчлэн боловсруулах ажил дуусчээ

Манай улсын хүн амын 90,4 хувь нь иргэний эрүүл мэндийн даатгалд даатгуулсан хэдий ч үр дүнг нь хүртсэн хүмүүсийн тоо харьцангуй бага байна.

Эмнэлгийн ихэнх үйлчилгээ даатгалаар төлөгддөггүй бэлэн мөнгөөр үйлчилдэг учраас цаашид тогтолцоонд өөрчлөлт оруулах шаардлагатайг иргэд шүүмжилдэг. Эзэн биегүй гэгддэг эрүүл мэндийн хуулийг шинэчлэн боловсруулах ажил дуусч УИХ-ын нэгдсэн чуулганаар орох үлдээд байна.

ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ: Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж буй эрүүл мэндийн даатгалын хуульд даатгуулагчийн оролцоо ерөөсөө байхгүй. Шимтгэл төлдөг ч үр шим нь даатгуулагчид хэрхэн бууж байгааг мэдрэх, хяналт тавих, оролцох боломж байхгүй.

Манай улсын хүн амын 90,4 хувь нь иргэний эрүүл мэндийн даатгалд даатгуулдаг.

Хуулийн зохицуулалт нь даатгуулагчийг гортигны гадна талд үлдээгээд даатгуулагчийн оролцоогүйгээр бүх асуудлыг зохицуулдаг зохицуулалттай хууль гэлээ.

Эрүүл мэндийн даатгал үйлчилгээний бас нэг асуудал нь шимтгэл төлж буй хувь хэмжээ харилцан адилгүй байна. Шимтгэлийг төр хариуцах хүрээ хэт хавтгай мөртлөө зорилтот бүлгийн зарим хүмүүсийн шимтгэлийг төр хариуцахгүй байна.

Эмнэлгүүд хүнд суртал гаргаж, иргэдэд чирэгдэл учруулдаг бол даатгалын тогтолцоо шинэчлэгдсэнээр хаана чанартай эмчилгээ үйлчилгээ байна тэнд иргэн сонголтоо хийж үйлчлүүлэх орчин бүрдэнэ гэж үзэж байгаа юм. Энэ байдлыг тусган эрүүл мэндийн даатгалын шинэ хуулийг боловсруулсан байна.