Д.Доржпүрэв: Сэргээгдэх эрчим хүчийг төвийн хэрэглээ болгохын тулд ажиллана
Эрчим хүчний дэд сайд Д.Доржпүрэв Налайхын Дулааны цахилгаан станцаар зочлов
2013.09.05

Д.Доржпүрэв: Сэргээгдэх эрчим хүчийг төвийн хэрэглээ болгохын тулд ажиллана

Монгол улс сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр нилээн олон бүтээн байгуулалтыг босгоод байна.

Тухайлбал байгалийн мөнхийн урсгалыг ашиглан Тайшир, Дөрөгийн усан цахилгаан станцыг ашиглалтад оруулсан.  Үүнээс харахад усны эрчим хүч бол байгаль орчинд ээлтэй, орчны таатай нөхцөлийг бүрдүүлдэг болох нь нэгэнт тодорхой болоод байна. 

Харин энэ оны 6 сарын 23-ны өдөр сэргээгдэх эрчим хүчний хамгийн том эх үүсвэр болох Салхитын салхин цахилгаан станц байгуулж, төвийн эрчим хүчний системтэй цахилгаан түгээж байгаа.

Хөдөөгийн малчид нарны эрчим хүчийг өргөнөөр ашиглаж байна.

Эрчим хүчний дэд сайд Д.Доржпүрэв “Сүүлийн жилүүдэд монгол улсад цөлжилт эрчимтэй нэмэгдэж байна. Үүний нөлөөллийг багасгахад сэргээгдэх эрчим хүч ихээхэн нөлөөлнө. Хөдөө орон нутагт малчид гэрийнхээ гадаа самбар зоон нарны эрчим хүчийг ашиглаж цахилгаанаар хангагдаж, салхин сэнсийг өргөнөөр хэрэглээндээ нэвтрүүлсэн нь сайшаалтай.

Харин үүнийг хотын хэрэглээ болгохын тулд энгийн сумын инженерээс эхлүүлээд эрдэмтэн мэргэд нэгдэн санал солилцох шаардлагатай байна” хэмээн хэллээ. Энэхүү ажлын эхлэл болгон сэргээгдэх эрчим хүчний үндэсний форумыг зохион байгуулж байна.