Монголын эрчим хүчний сүлжээ бэлэн биш байгаа нь тулгамдаж буй асуудал
Эрчим хүч, тэр дундаа сэргээгдэх эрчим хүчийг ашиглан дотоодын хэрэглээг хангахад тулгамдаж байгаа асуудал юу байгааг мэргэжилтнүүдээс тодрууллаа.
Сэргээгдэх эрчим хүчний төслийн удирдагч физик технологийн хүрээлэнгийн захирал Монголын сэргээгдэх эрчим хүчний үүсгэн байгуулагч Б.Чадраа
“Салхины эрчим хүчээр томоохон цахилгаан станц барьсан. Нарны эрчим хүчийг хаана ч ашиглаж болно. Одоо бол нарны эрчим хүчээр 100 мянган айлын хэрэгцээг хангаж байна. Тэр дундаа хөдөөгийн малчдын хэрэгцээг хангасан. Одоогоор 10 мянган кВт-ын томоохон хоёр цахилгаан станц байгуулахаар ажиллаж байна.
Нарны эрчим хүчийг өргөн ашиглах боломж манай улсад бий. Сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхэд монголын эрчим хүчний сүлжээ бэлэн биш, үнэ тариф өндөр байгаа нь тулгамдаж буй асуудал. Үүнд засгийн газар анхаарал тавихдаа их сул байгаа”
Эрчим хүчний яамны стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга П.Товуудорж:
Сэргээгдэх эрчим хүчийг ашиглах хөгжүүлэх хөтөлбөр үр дүнгээ өгч байгаа. 100 мянган нарны гэрэл хөтөлбөр дөрвөн үе шаттайгаар амжилттай хэрэгжиж дууссан. 160 гаруй мянган малчин өрхийн 90 хувь нь эрчим хүчний эх үүсвэрээр хангагдаад байна. Ирээдүйд сэргээгдэх эрчим хүчний технологи, нүүрсний эрчим хүчний өртөг нэг түвшинд ирнэ гэсэн таамаг бий.
Сэргээгдэх эрчим хүчний 4 байршилд нөөцийн судалгаа хийж байна.
Одоогоор манай улсын эрчим хүчний хүчин чадлыг дээд цэгт нь тулган ажиллаж байгаа. Хамгийн гол нь одоо эрчим хүчний дутагдлаа нөхөх, эрчим хүчний эх үүсвэрээ яаралтай барих хэрэгтэй. Энэ бол нэгдүгээрт тулгамдаж байгаа асуудал. Цаашдаа эрчим хүчний баялаг нөөцтэй учир экспортлогч орон болох зорилго тавьж байна.
Эрчим хүчний яамны зүгээс шинэ станц барихад 4-5 жил шаардана. Харин богино хугацаанд дутагдлаа нөхөх зорилготой станцуудын өргөтгөл, Амгалангийн дулааны станцын өргөтгөлийн хөтөлбөр хэрэгжсэнээр 2014 оноос энэ төслийн биелэлт хангагдана.
Дараагийн хүндрэлтэй тулгамдсан асуудал бол боловсон хүчин. Ялангуяа хөдөө орон нутагт хүндрэлтэй байна. Сэргээгдэх эрчим хүчний сүүлийн үеийн технологийг ашиглах боловсон хүчин хэрэгтэй байна. Ашиглалт, засвар үйлчилгээ, горимын дагуу ашиглах тал дээр үнэхээр учир дутагдалтай байна.
Цаашдаа мөн техник технологийн хувьд стандартаа сайн мөрдүүлэх ёстой. Хаана станц барих гэж байгаа тэр бүс нутгаас түлхүү боловсон хүчин элсүүлэх чиглэлд анхаарах хэрэгтэй. Энэ бол ганцхан салбарын асуудал биш ерөнхий боловсролын салбар, байгаль орчин гээд бусад бүх салбар хоорондын зохицуулалтын асуудал юм.