Б.Мөнхсоёл: Гуравдугаар цахилгаан станцын зураг төслийн асуудлыг иргэд анхааралтай ажиглаж байгаа
Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Монгол Улсын Улаанбаатар хотын Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн төслийн зураг төсөл боловсруулах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл дараах байр суурийг илэрхийллээ.
Тэрбээр “Дулааны гуравдугаар цахилгаан станцын зураг төслийн асуудал зөвхөн Төрийн ордон дотор биш бас нийгмийн сүлжээгээр иргэд анхааралтай харж байгаа. Би ээлжит бус чуулган эхэлснээс хойш хэлээд байгаа. Нэгдүгээрт энэ бол мэдээж итгэлцлийн асуудал.
Хоёрдугаарт нь энэхүү мэдээлэл цогц байдлаар иргэд олон нийт, гишүүдэд өгөхгүй байгаатай холбоотой.
Гуравдугаарт нь иргэд өмнө нь хууртагдсан асуудлууд зөндөө байдаг учраас сэрэмжтэй хандаад байна. Энэ тохиолдолд уг ажлыг хариуцаж байгаа яамд агентлагууд мэдээллийг цогц байдлаар маш ойлгомжтойгоор өгч байх хэрэгтэй байна.
Улс төрчид зөвхөн өөрсдийнхөө сурталчилгаанд анхаарах биш иргэдээ мэдээллээр хангах нь тулгамдсан асуудал болсон. Тэгэхгүй бол одоо Б.Чойжилсүрэн сайд шинэ гишүүд гээд бид нарт учир байгаа юм шиг яриад байна.
Бид иргэдийг төлөөлж сонгогдсон учраас тэд янз бүрээр асуулгаж байгаа бөгөөд бидэнд хүртэл итгэхгүй байна.
Мэдээллүүдийг сонсоод байхаар ТЭЗҮ бол хийгдсэн одоо зөвхөн зураг төслийн асуудал яригдаж байна. Энэ зөвхөн ЭХЯ-ны одоо хөөцөлдөөд байгаа ажил биш буюу өмнө нь харилцан 2 улсын одоо тохиролцоогоор явж байгаа ажил байна. ОХУ-ын санал бол 1,3 тэрбум евро гэсэн төсөөлөлтэй тооцоололтой яваад байгаа юм байна. Тэгээд одоогоор салбарын сайдын хэлж байгаа болон яамны холбогдох хүмүүсийн хэлж байгаагаар үнэ дээрээ тохироогүй юм байна. За ингээд юу ч гэсэн зураг төсөл хийгдэх юм байна.
Тэгээд хийгдсэн хойноо харилцан зөвшилцөж чадвал тэр барилга байгуулалт нь хийгдэнэ үгүй бол өөр хөрөнгө оруулагч хайх юм байна. Харин гол нь санаа зовж байгаа дараагийн нэг асуудал бол ОХУ-аас өөр хөрөнгө оруулагч орж ирэх үү гэдэгт байгаа. Тэгээд энэ дээр маш сайн санаа тавьж ажиллах ёстой. Ямар ч байсан мэдээллийн маш сайн урсгал чухал мөн хариуцлагатай ажиллах шаардлагатай гэдгийг нэмж хэлье” гэв.
Сэтгүүлч
Сэтгүүлч Э.Намуунаа namuunaa@vip76.mn