ЦАХИЛГААНЖУУЛАЛТ
Э.Мөнхбаясгалан Эрчим хүчний инженер
2024.06.04

ЦАХИЛГААНЖУУЛАЛТ

НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцийн гишүүн орнууд "Парисын хэлэлцээр”-ээр хүлэмжийн хийн ялгарлаа хэрхэн бууруулах тухай өөр өөрсдийн зорилтоо тавьж харилцан үүрэг, амлалт авч байгаа.

Монгол Улсын Засгийн газар ногоон хөгжил, сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх талаар бодлогын тодорхой амлалт өгсөн нь эрчим хүчний системийн нийт суурилагдсан хүчин чадалд эзлэх нар, салхи, усны сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх суурилагдсан хүчин чадлыг одоо байгаа 18.1%-иас өсгөж 2030 он гэхэд 30%-д хүртэл нэмэгдүүлэх зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна.

Монгол Улс хүлэмжийн хийн ялгарлаа бууруулах чиглэлээр ямар нэгэн бодлого, арга хэмжээ аваагүй тохиолдолд 2030 онд 74.2 сая тонн СО2-той дүйцэхүйц хүлэмжийн хийн ялгаруулдаг болох тооцоололтой байгаа юм. Үүнийг 22.7%-иар бууруулж 57.4 саяаас тонноос хэтрүүлэхгүй байх үндсэн зорилтыг тавьсан ба энэхүү зорилтын 49.4%-ийг эрчим хүчний салбарт, 31.3%-ийг хөдөө аж ахуйн салбарт төлөвлөсөн ажлын үр дүнд бий болгоно гэж Монгол Улсын Засгийн газар тооцоолсон. Тиймээс Монголчууд бид дэлхий дээр бусад улс орны хамт тогтвортой хөгжихийн тулд эрчим хүчийг зөвхөн өдөр тутмын хэрэглээнээс илүү үнэ цэнтэй, ач холбогдолтой зүйл болсон гэдгийг ухамсарлах цаг болжээ.

Ингээд харвал эрчим хүчний салбарт ажиллаж буй бидэнд том үүрэг хариуцага ирсэн. Эрчим хүчний салбарт хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахын тулд гол хийх ажил нь сэргээгдэх эрчим хүчийг нэвтрүүлэх, цахилгаан дулаан үйлдвэрлэл, дамжуулалт, түгээлтийн үр ашгийг дээшлүүлэх явдал юм.

ЭРЧИМ ХҮЧНИЙ ЭХ ҮҮСВЭРЭЭ СОЛОНГОРУУЛЪЯ

Монгол орон маш урт хүйтний улиралтай, жижиг эдийн засагтай хөгжиж буй орон гэдэг утгаараа нүүрснээс бүрэн татгалзаж болохгүй нэг том хүчин зүйл байдаг боловч "100% цахилгаанжуулах” гэдэг зорилгоос ухарч болохгүй. Юутай ч хямдаар ашиглах боломжтой, найдвартай анхдагч түүхий эд болох нүүрсээ ашиглах ёстой.

Гэтэл нэг талаас нүүрсээ олборлох, тээвэрлэх, нүүрснээс цахилгаан, дулааны эрчим хүч гаргаж авах станцаа барьж байгуулахад шаардлагатай хөрөнгө оруулалт, санхүүжилт нь өндөр өртөгтэй, эсхүл санхүүжилт олдохгүй байгаа, нөгөө талаас тэдгээрийн байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг нь саармагжуулах боломж муутай байгаа тохиолдолд бүх зүйл бидний хүссэнээр болохгүй нь бодитой үнэн. Тиймээс бид дотооддоо нүүрстэй учраас эрсдэлгүй гэсэн үг биш. Бид дэлхий дахинтай хөл нийлүүлж, боломж бололцоогоороо эрчим хүчний шилжилт хийхээс өөр гарцгүй болсон. Өөрөөр хэлбэл эрчим хүчний анхдагч эх үүсвэрээ солонгоруулж бүх талын зорилтыг хангахуйц байдлаар шилжих хэрэгтэй юм.

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ БИЗНЕСИЙН ОРЧНЫГ НЭЭЛТТЭЙ БОЛГОЁ

Эрчим хүчний салбар нь төрийн зохицуулалттай, төрийн өмч давамгайлсан хэвээр байна. Гэхдээ бүтцийн хувьд үйлдвэр, компаниудад хуваагдаж бүгд арилжааны зарчмаар, зохицуулалттай зах зээл дээр ажилладаг. Сүүлийн үед хувийн хэвшлийн компаниуд нэмэгдэж гадаад, дотоодын хөрөнгө оруулагч нар орж ирж байгаа учраас эрчим хүчний салбар бизнес, хөрөнгө оруулалтын тогтвортой орчинтой байх шаардлагатай. Гэтэл салбарын дийлэнх орон зайг эзэлж буй төрийн өмчит компаниуд болон хувийн хэвшил харилцан ялгаатай орчинд ажиллаж байна.

Бизнесийн орчин нь бүрэлдээгүй байгаагаас үүдэн хувийн хэвшлийн компани төслийн хөрөнгө оруулалт хүсэх үед хөрөнгө оруулагч, санхүүжүүлэгч нараас маш хатуу нөхцөлтэй тогтвортой байдлын гэрээ, эсхүл баталгаа, зарим тохиолдолд Засгийн газрын баталгаа шаардах тохиолдол ч байдаг. Мэдээж хувийн компанийн төсөлд Засгийн газар баталгаа гаргахгүй, тийм төрлийн гэрээ хийхгүй. Ийм учраас эрчим хүчний салбар нь хаагдмал, улсын төсөв, гадаадын зээл тусламжаас хараат нөхцөл байдалд гацчихсан гэж хэлж болно.

Нэг талаас эрчим хүчний үнийг хямд байлгах, нөгөө талаас эрчим хүчний салбарыг ашигтай ажиллуулах гэсэн харилцан зөрчилтэй 2 зорилгыг зэрэг биелүүлэх мэдээж амар биш. Гэхдээ боломж байгаа. Тухайлбал, эх үүсвэрийн зөв төлөвлөлт хийх, шугам сүлжээний алдагдлыг бууруулах, компанийн засаглал, менежментийг сайжруулж үргүй зардлыг танах, технологи хямдрах, бизнес хөрөнгө оруулалтын орчныг тогтвортой байлгаснаар санхүүжилтийн зардлыг бууруулах зэрэг олон талын арга хэмжээг авч хэрэгжүүлэн үр ашигтай ажиллах суурь нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай байна.

Сэтгүүлч

Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn