2023.06.28

Цахилгаан станц барихад шаардлагатай тоног төхөөрөмжийн гаалийн татварыг чөлөөлж, хөнгөлнө

Бид өмнөх “Шилэн хууль” буландаа “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай” хуулийг онцолсон билээ. Уг хуультай хамт “Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн юм. 

Эрчим хүчний үүсвэрийг нэмэгдүүлэх, нүүрсээр ажиллах дулааны цахилгаан станцуудыг байгуулахын тулд дээрх хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар УИХ-аар хэлэлцсэн. Тэгвэл эл хуультай агаар нэг Гаалийн тариф, гаалийн татварын  тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы хуралдаанаар хийж, эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлээд байна. 

Эрчим хүчний салбар сүүлийн гурван жилийн хугацаанд буюу 2019 онд 59 тэрбум төгрөг, 2020 онд 92 тэрбум төгрөг, 2021 онд 78 тэрбум төгрөг, 2022 онд 187 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллажээ. 

Тиймээс эрчим хүчний эх үүсвэрийн хүч чадлыг нэмэгдүүлж, хэрэглээний өсөлтийг хангах үүднээс шинээр томоохон цахилгаан станцуудыг барих төслийг хэрэгжүүлэхээр болсон. Үүний тулд цахилгаан станц барих тоног төхөөрөмжийг гаалийн албан татвараас чөлөөлж, нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх хугацааг 4 жил хүртэл хугацаагаар сунгах, эсвэл уг татварыг 4 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр эл хуульд тусгасан юм. 

Тодруулбал цахилгаан эрчим хүчний 5 мегаваттаас дээш хүчин чадалтай эсхүл дулааны эрчим хүчний 1.5 мегаваттаас дээш хүчин чадалтай эх үүсвэр барих, суурилагдсан хүчин чадлыг өргөтгөх, тухайн шинэ эх үүсвэрийг цахилгаан дулаан хангамжийн системд холбох шугам болон дагалдах дэд бүтцийн ажлын татварыг энэхүү хуулиар зохицуулна. 

Энэ нь хөрөнгө оруулалагчдад ихээхэн дэмжлэг болно гэж үзэж буй. 
Анхны хэлэлцүүлгийг хийх үед УИХ-ын гишүүдээс асуулт, санал гараагүй. Харин хуулийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар уг хуулийн төслийг олонхын саналаар баталбал нүүрсээр ажиллах станцын хүчин чадал нэмэгдэж, системийн найдвартай, тогтвортой үйл ажиллагаа сайжирна. Мөн ойрын хугацаанд оргил ачааллын зохицуулалт хийх зориулалттай цэнэг хураагуурын станц 200 МВт.ц, Амгалан дулааны станц 116 МВт, Чойбалсангийн дулааны цахилгаан станц 50 МВт төслүүд 2023-2024 онд ашиглалтад орох юм. 

Түүнчлэн Монгол улс “Шинэ сэргэлтийн бодлого”-доо 450 мегаватт хүчин чадал бүхий “Таван толгой” цахилгаан станц, 400 мегаватт хүчин чадал бүхий Багануурын цахилгаан станц,  300 мегаватт хүчин чадал бүхий Бөөрөлжүүтийн цахилгаан станцыг барьж байгуулах, Дулааны III цахилгаан станцыг 300 мегаваттаар өргөтгөх төслүүдийг хэрэгжүүлнэ гэж тусгаад буй.