Иргэний агаарын хөлгийн сэлбэг, тоног төхөөрөмж, холбогдох хэрэгслийг татвараас чөлөөлнө
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.12.16\ нэгдсэн хуралдаанаар Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хуулийн төслийг ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж танилцуулав.
ТБХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Г.Амартүвшин танилцууллаа.
Монгол Улс 1997.01.29-ний өдөр Дэлхийн худалдааны байгууллагын 130 дахь гишүүн болсноор тус байгууллагын гишүүн 164 оронтой нэн тааламжтай нөхцөлөөр худалдаа хийх, гишүүн орнуудын худалдааны бодпого, баримт бичгүүдийн мэдээллээр хангагдах, өөрийн улсын эрх ашгийг хамгаалах, техник туслалцааны хүрээнд дэмжлэг авах боломж бүрдсэн.
Дэлхийн худалдааны байгууллагын “Иргэний агаарын хөлгийн худалдааны хэлэлцээр” 1980.01.01-ний өдөр хүчин төгөлдөр болсон бөгөөд 32 улс нэгдсэн орсон. Хэлэлцээр нь цэргийн зориулалттайгаас бусад иргэний агаарын хөлөг, хөдөлгүүр болон холбогдох тоног төхөөрөмжийн худалдаанд үүсэж байгаа бэрхшээлийг арилгах, тоног төхөөрөмж, эд ангийг гаалийн болон худалдааны татвар, хураамжаас чөлөөлөх зорилготой ажээ.
Манай улсын хууль тогтоомжоор зөвхөн зорчигч тээврийн зориулалтаар үйлдвэрлэсэн агаарын хөлгийг нэмэгдсэн өртгийн татвараас чөлөөлж, ерөнхий зориулалтын болон ачаа тээврийн агаарын хөлөгт хамаарахгүй байгаа тул Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн зохицуулалтыг өөрчлөн “бүх төрлийн иргэний агаарын хөлөг, хөдөлгүүр, газар дээрх дадлагажуур, тэдгээрийн эд анги, бүрэлдэхүүн хэсэг, дэд угсралтын хэсэг, сэлбэг, тоног төхөөрөмж, холбогдох хэрэгслийг татвараас чөлөөлөх” зохицуулалт бүрдүүлэхээр энэхүү хуулийн төслийг боловсруулжээ.
Хуульд нэмэлт, өөрчлөлтийг оруулсны дараа дотоодын хууль тогтоомж, захиргааны журмыг энэ хэлэлцээрт нийцүүлсэн талаар Дэлхийн худалдааны байгууллагын Зөвлөлд мэдэгдэж, хүчин төгөлдөр болгох юм байна.