2021.12.16
Б.Жаргалмаа: Шинээр авсан Боинг онгоцны төлбөр дууссан уу?
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.12.16/ нэгдсэн хуралдааны үдээс хойших хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Засгийн газар 2021.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа:
"Сэлбэг тоног төхөөрөмж гэж орж ирсэн байна. Үүний дээр онгоцны шатахуун хамаардаг уу? Тийзний үнэ өндөр байгаа шалтгаан нь шатахуунтай холбоотойт гэж тайлбар хэлдэг. Энэ үнэн үү? Олон нийт ч үүн дээр хариулт хүлээж байна.
2013 онд Монгол Улсын Ерөнхийлөгч АНУ-д айлчлахдаа БОИНГ онгоц авах гэрээ хийж, анхны Боинг авах мэдээ цацагдсан. Түүнээс хойш олон суудалтай хамгийн сүүлийн үеийн загварыг ашиглах боллоо гэж байсан. Үүний төлбөр хийгдсэн үү? Энэ онгоц зорчигч тээвэрлэсэн үү? Төлбөрийн тооцоо дууссан уу? Боингын онгоц осолдсоноос шалтгаалж энэ компанийн онгоцыг олон улсад ашиглахаа больсон гэх мэдээлэл байгаа. Бид тэгвэл энэ онгоцоо яах ёстой вэ? Үнэ төлбөрийн тал дээр санал дүгнэлт өгнө үү?
Байнгын хорооны санал, дүгнэлт дотор ...зардлын тооцоо хийж ирүүлсэн бөгөөд хуулийг батлан хэрэгжүүлсэнээр зорчигч тээврээс бусад үйл ажиллагаа явуулдаг агаарын тээврийн байгууллагын улсын төсөвт төвлөрүүлэх орлого багасч, үүнээс өөр аливаа иргэн, хуулийн этгээд, төрийн байгууллагын үйл ажиллагаанд өөрчлөлт орохгүй. Шинээр үүсгэх ачаалал, зардал гарахгүй гэж тооцсон байна. Энд ...зорчигч тээврээс бусад... гэсэн байна. Зорчигч тээвэрт өөрчлөлт орно гэсэн үг үү? Үүнд тайлбар өгнө үү?
Нислэгийн тийз гэхээр цар тахлаас шалтгаалан нөхцөл байдлын улмаас бид онгоцоор нисэхдээ хоол ч идээгүй явсан. Ийм байхад хөнгөлөлт ч үзүүлээгүй. Нислэгээс нэг ч үйлчилгээ аваагүй хэрнээ тийзээ өндөр үнээр авч байсан. Энэ мэт цаг үеийн асуудал дээр тодорхой зохицуулалт хийж болдоггүй юм уу?"
Түүний асуултанд ЗТХ-ийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ хариуллаа.
Сэтгүүлч
Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn