
Хаягдал үнсний ашиглалтыг өргөжүүлэх, эдийн засгийн эргэлтэд оруулах боломжийг хэлэлцэв
Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хороо, Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо хамтран өнөөдөр (2025.06.04) “Хаягдал үнсний ашиглалт, байгаль орчны нөлөөллийн талаар салбар дундын асуудал” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Эрчим хүчний яам, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Барилгын хөгжлийн төв, дулааны цахилгаан станцуудын удирдлага зэрэг холбогдох төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд, эрдэмтэн, судлаачдын төлөөлөл хэлэлцүүлэгт оролцон Улаанбаатар хотын дулааны цахилгаан станцуудын хаягдал үнсийг барилгын материалын үйлдвэрлэл, авто замын бүтээн байгуулалт, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд эдийн засгийн үр өгөөжтэй байдлаар ашиглах боломжийн талаар хэлэлцсэн.
Улсын Их Хурлын гишүүн С.Цэнгүүн тус хэлэлцүүлгийг нээж үг хэлэхдээ, эрчим хүчний реформ хангалттай ахицтай урагшилж чадахгүй байгааг дурдаж, салбарын хүндрэлийг даван туулах, хаягдал үнсийг эдийн засгийн эргэлтэд оруулж, ашигтай бүтээгдэхүүн болгох боломжийг эрэлхийлэх шаардлагатайг онцлов. Тэрбээр “Өнөөдөр дулааны цахилгаан станцуудаас гарч буй үнсийг хаяхаар зөөвөрлөхөд улсын төсвөөс шаардлагагүй зардал гарч байна. Үүний оронд технологи, инновацад түшиглэж, үнсийг дахин боловсруулан барилгын материал болгох боломжийг бодлогын түвшинд хэлэлцэх хэрэгтэй” гэлээ.
Хаягдал үнсийг ашиглах бусад улс орны сайн туршлагыг нэвтрүүлэх боломж байгааг тэмдэглэж, бидэнд технологи, шийдэл байгаа ч бодлогын зохицуулалт дутмаг байна. Тиймээс Байнгын хороод хамтран, холбогдох яамдтай нэгдэж, бодлогын дэмжлэг үзүүлэх нь чухал гэв.
Мөн дулааны цахилгаан станцуудын аюулгүй байдал, үнсэн сангийн нөхцөл байдлыг онцлон дурдаж, салбар хоорондын уялдаа, мэдээллийн солилцоог сайжруулж, үнсийг дахин боловсруулах ажлыг нэгдмэл бодлогоор урагшлуулах шаардлагатай гэлээ.
Мөн Улсын Их Хурлын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргал хэлэлцүүлгийг нээж үг хэлсэн.
Тэрбээр, Инновац, цахим бодлогын байнгын хороо, Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо энэ асуудалд анхаарал хандуулж, бодлогын дэмжлэг үзүүлэх, Улсын Их Хурлын түвшинд нэгдсэн шийдэлд хүрэх зорилготойгоор хэлэлцүүлгийг санаачилж, зохион байгуулж байгааг тэмдэглэв. Салбар дундын асуудал учраас харилцан ойлголцол, уялдаа маш чухал хэмээгээд “Үүний зэрэгцээ хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах НҮБ-д өргөн барьсан Монгол Улсын Үндэсний хувь нэмрийн (NDC) зорилтуудтай энэхүү асуудал нягт уялдаж байгааг сануулж, өнөөдрийн илтгэлүүдийг анхааралтай сонсож, тодорхой шийдлийн суурийг тавихыг уриалсан юм.
Хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын гишүүн С.Цэнгүүн чиглүүлж, оролцогч байгууллагуудын илтгэгчид мэдээлэл хийв.
Эрчим хүчний яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Ерэн-Өлзий, нүүрсэнд суурилсан станцууд эрчим хүчний 81 хувийг үйлдвэрлэж, жилд 1 сая орчим тонн үнс ялгаруулдаг болохыг илтгэлдээ дурдсан. Үүнээс 70-90 хувь нь үнсэн санд хуримтлагдаж, эдийн засгийн эргэлтэд орохгүй байна. Дулааны цахилгаан станц IV, “Амгалан” дулааны станц нь хуурай үнсээ цементийн үйлдвэрт нийлүүлж 1.2 тэрбум төгрөгийн орлого олсон бол бусад станцууд тээвэр, хадгалалтын боломж муу, технологийн хоцрогдлоос шалтгаалан үнсээ зайлуулж чадахгүй байгаа аж. Цаашид хуурай үнс зайлуулах шүүлтүүрийн шинэчлэл, шинэ үнсэн сангийн хөрөнгө оруулалт, хуучин сангийн цэцэрлэгжилт хийх шаардлагатайг онцоллоо.