Дэлхийн хамгийн том нүүрсний компани манай улсыг сонирхов
Монгол улс салхин эрчим хүчний нөөцөөр баян бөгөөд мэргэжилтнүүдийн тооцооллоор жилд 2.55 Триллион Квт.цаг эрчим хүч үйлдвэрлэх боломжтой
2013.07.09

Дэлхийн хамгийн том нүүрсний компани манай улсыг сонирхов

Манай улсын сэргээгдэх эрчим хүчний салбарт АНУ хамтарч ажиллах саналтай байна. Тэд манай улсын төрийн удирдах албан тушаалтан, салбарын яамны мэргэжилтнүүдтэй хоёр өдрийн турш уулзалт хийх үеэрээ тодорхой ярилцжээ. 

Ингэснээр манай улсын салхины нөөцийг ашиглан эрчим хүчний салбарт гадны хөрөнгө оруулалтыг татах нэгэн том боломж бүрдэв. Өнөөдөр энэ талаарх мэдээллийг АНУ-ын төрийн департментын Ази номхон далайн бүс нутгийн ЭЗ-ийн бодлого хариуцсан зохион байгуулагч, АРЕС-ийн ахлах мэргэжилтэн Атул Кешап болон Ази номхон далайн бүс нутгийн эдийн засгийн бодлого хариуцсан газрын захирал Рэймонд Грини нар Хэвлэлийн хүрээлэнгийн дэргэдэх эдийн засгийн сэтгүүлчдийн "Өөрчлөг" клубын гишүүдтэй уулзалт хийх үеэрээ мэдээлэв. Манай улсын салхины эрчим хүчний нөөц Хятад улсыг бүрэн хангах хэмжээний боломжтой болохыг Америкчууд судалжээ.

Үнэхээр боломжтой эсэхийг манай мэргэжилтнүүд ч тооцсон бөгөөд  жилд 2.55 Триллион Квт.цаг эрчим хүч үйлдвэрлэх боломжтой байна.

Тиймээс эрчим хүчний салбарт тус улсын “Пийбоди Энержи” хэмээх дэлхийн хамгийн том нүүрсний компани манай улсад хөрөнгө оруулалт хийх хүсэлтэй байгаа юм. Одоогийн байдлаар Вьетнам улсад үүнтэй төстэй эрчим хүчний төслийг хэрэгжүүлж байгаа гэсэн.

Харин манайд хөрөнгө оруулахын тулд хамгийн түрүүнд хууль эрх зүйн тогтвортой орчныг бүрдүүлэх шаардлагатай байгааг Америкийн тал илэрхийлж байгаа юм.

Үүний тулд хоёр улсын засгийн газар харилцан хамтарч ажиллан, АНУ зарим зөвлөмж, зааврыг өгөх ажээ.

Сэргээгдэх эрчим хүчний олон улсын бага хурал-2012 он Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлж байгаа нь

Манай улсад өнгөрсөн нэг сараас хойш Европын холбооны Тасис хөтөлбөрийн хүрээнд “Монголын эрчим хүчний салбарт дэмжлэг үзүүлэх” төслөөр алслагдсан сумын төвүүдэд сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэл төсөл хэрэгжиж байгаа юм.

Ер нь энэ салбарт нээлттэй ажиллах талаар МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Сэргээгдэх эрчим хүчний олон улсын бага хуралд оролцох үеэрээ илэрхийлээд амжсан билээ.