УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд М.Сономпил
2013.05.03

Манай улс эрчим хүчний нүүрсний асар их нөөцтэй

Bloomberg телевизийн ярилцах цагийн зочноор УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд М.Сономпил оролцлоо.

-Хамгийн сүүлд гарсан хуулийн талаар ярилцвал. Энэ хуулийг хэр үр дүнтэй болно гэж бодож байгаа вэ?

Эрчим хүчний хэмнэлтийн хуулийг бид нар 10-аад жил ярьсан. Энэ хуулийг ЗГ-т өргөн барьж байгаа. Эрчим хүчний хэмнэлтээр манай эрчим хүчний  инженер техникийн ажилчид, эдийн засагчид олон жил ажилласан. Үүнийг зайлшгүй хийх ёстой.

Хэмнэнэ гэдэг ойлголтыг нийгэмд зөв ойлгуулах ёстой. Дэлхий нийтээрээ эрчим хүч нэг киловатт цахилгаанаар ямар, хэр хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэснээрээ тооцогддог болсон. Тиймээс эрчим хүчний хэмнэлтийг зайлшгүй хийх ёстой.  

Мөн 2013 оныг эрчим хүчний хэмнэлт үр ашгийн жил болгон зарласан. Хуулийг энэ хавар, намрын чуулганаар хэлэлцээд 2014 оноос хэрэгжүүлээд явах бодолтой байгаа.

-Таны хэлснээр энэ хууль нь хэмнэлтийн хууль гэхээсээ илүү хэмнэлтийг урамшуулсан хууль байгаа. Энэ хуультай холбоотойгоор иргэд олон нийт, бизнес эрхлэгчдийн хувьд буруу ойлголт өгч байгаа тэр зүйл нь юу вэ?

Миний хувьд эрчим хүчний хэмнэлтийг үнэ тарифаас нь эхэлж хараад байгаа. Эрчим хүчний хэмнэлтийг ард иргэд маань төдийлөн ойшоодоггүй.

Эрчим хүчний үнэ бага байгаа учраас төдийлөн мэдрэгдэхгүй байна гэж ойлгож байна. Эрчим хүчинд ээлтэй эко технологи ашиглаж байгаа салбарт бид дэмжлэг үзүүлж, урамшуулах ёстой.

-Сэргээгдэх эрчим хүчний эрэлт хэрэгцээ нэмэгдэж байгаа. Монгол Улсын хувьд байдал ямар байна вэ?

Сэргээгдэх эрчим хүчийг дэлхий нийтээр хэрэглэж сурч байна. Монгол Улсын хувьд сэргээгдэх эрчим хүчийг сайн хэрэглэдэг орны тоонд орно гэж үздэг.

Манай эрчим хүчний салбарын “100000 нарны гэр” төсөл хөтөлбөр хэрэгжээд дуусч байгаа. Айл өрхүүдэд 100000 нарны панелийг хямдралтай үнээр хүргэсэн байгаа. Малчин айл өрхүүд цахилгаанд холбогдоогүй сэргээгдэх эрчим хүчээр эх үүсвэрээ авч байгаа.

Сэргээгдэх эрчим хүчийг 15-20 хувь хэрэглэж байгаа. Салхитын хөндийд баригдаж байгаа салхитын 50 мегаваттын станц 6 дугаар сарын 20-нд ашиглалтад орно.

-Цөмийн эрчим хүчний чиглэл хаана явж байна вэ?

Цөмийн энергийн талаар ярьж, цөмийн станц байгуулах асуудал ойрын 10 жилд ярих асуудал биш. Монгол Улс эрчим хүчний нүүрсний нөөцөөрөө дэлхийд нэлээн дээгүүр орно.

Сэргээгдэх эрчим хүчний нарны салхины станц барих зөвшөөрөл авсан компани 10 гаруй байгаа.

Одоо тогтоосон эрчим хүчний нүүрс 100-аад тэрбумаар хэмжигдэж байгаа.  Эрчим хүчний нүүрсний нөөц асар их. Нүүрсээ зөөхийн оронд нүүрсээр ажилладаг цахилгаан станц бариад, эрчим хүчээ экспортлосон нь илүү үр ашигтай.

 -Таны хувьд нэг талаас эрчим хүчний аюулгүй байдлын талаар харахад батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан туршлага хугацаа маань дэмжлэг болсон гэж боддог уу?

Давуу тал л даа. Батлан хамгаалахын сайдаар ажиллахдаа улс орныхоо батлан хамгаалахын талаар бүхэлд нь боддог байсан. Харин эрчим хүчний салбар бол эдийн засаг, нийгэм, аж үйлдвэрийн томоохон салбар. Улс орны тэргүүлэх салбаруудын нэг.