Сэргээгдэх эрчим хүч малчны хотыг гэрэлтүүлнэ
Сэргээгдэх эрчим хүчийг түлхүү ашиглахын тулд засгийн газар цөмийн энгергийг ашиглахгүй гэсэн бодлоготой байгаа гэж М.Сономпил сайд хэлэв.
Сэргээгдэх эрчим хүчийг эрчимтэй хөгжүүлэх дэлхий дахины хөгжлийн хандлага, манай орны хэрэгцээ шаардлагыг үндэслэн сэргээгдэх эрчим хүчийг өргөн ашиглах явдал өнөөгийн хөгжлийн чухал зорилт болж байна.
Манай улсад том, жижиг нийт 3800 гаруй гол мөрөн байдаг бөгөөд тэдгээрийн эрчим хүч үйлдвэрлэх зориулалтаар ашиглах нөөц нь 6417.7МВт буюу жилдээ 56.2 тэрбум кВт цаг цахилгаан гаргах нөөцтэй гэж үнэлэгдсэн байдаг.
Монгол орны нутаг дэвсгэр дээр газрын гүний дулааны эх үүсвэрийн 40 гаруй илэрц байдаг бөгөөд тэдгээрээс Хангайн бүсэд оршдог Цэнхэр, Хужирт, Шаргалжуут зэрэг газрууд нь газрын гүний дулааныг эрчим хүчний зориулалтаар ашиглах боломжтой юм.
Монгол Улсын салхины эрчим хүчний нөөцийн атласт тодорхойлсноор, манай орны нутаг дэвсгэрийн 10 хувь буюу 160 мянган ам километр гаруй газарт салхины хүчийг эрчим хүч үйлдвэрлэх зориулалтаар ашиглах хангалттай нөөцтэй байна.
Улсын хэмжээнд 13 аймгийн нутаг дэвсгэр 20 000МВт-аас доошгүй салхины эрчим хүчний нөөцтэй, 9 аймгийн нутаг дэвсгэр 50 000МВт-аас дээш нөөцтэй байгаагийн дотор Өмнөговь аймгийн нутаг дэвсгэр дангаараа 300 000МВт гаруй салхины эрчим хүчний нөөцтэй болохыг тогтоосон байна.
2006 оны 12-р сард Дэлхийн банк нь нэгдсэн сүлжээнд холбогдоогүй малчин өрх болон хөдөөгийн хүн амыг цахилгаан эрчим хүчээр хангахад туслах Сэргээгдэх Эрчим Хүч ба Хөдөөгийн цахилгаан Хангамж төслийн 7.0 сая ам, долларын буцалтгүй тусламжийг Олон Улсын Хөгжлийн Нийгэмлэгийн тусламж ба Дэлхийн Хүрээлэн буй Орчны Итгэлцэлийн Сангаар дамжуулан олгохоор боллоо. Энэ ажлыг Недерланд улсын Засгийн газар ба Монгол улсын Засгийн газар хамтран санхүүжүүлэх ба нийт тусламж 23 сая ам.долларт хүрэх юм байна. 1990 онд зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойш Монгол улсад макро эдийн засгийн тогтвортой байдал бүрдэж бүтцийн өөрчлөлт хийгдсэн.