Эрчим хүчний сайд Вена хотод  ажиллаж  байна
УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд М.Сономпил
2013.05.27

Эрчим хүчний сайд Вена хотод ажиллаж байна

Эрчим хүчний сайд М.Сономпил тэргүүтэй эрчим хүчний салбарын төлөөлөгчдийн Бүгд Найрамдах Австри Улсад хийж буй ажлын айлчлал үргэлжилж байна. Өнөөдөр төлөөлөгчид Австрийн Үндэсний Парламентад зочилж, эрчим хүчний асуудлаарх илтгэгч гишүүн Вольфганг Кациан-тай уулзаж, хоёр улсын эрчим хүчний салбарын хөгжлийн өнөөгийн байдал, ирээдүйн хамтын ажиллагааны боломжийн талаар ярилцаж санал солилцов.

Социал демократ намаас Үндэсний Парламентад гишүүнээр сонгогдон ажиллаж буй гишүүн В.Кациан Австрийн хувьд сэргээгдэх эрчим хүч, ялангуяа усан цахилгаан станц эрчим хүч үйлдвэрлэхэд чухал байр суурь эзэлдгийг онцлоод сүүлийн жилүүдэд нар, салхи ашиглан эрчим хүч үйлдвэрлэх асуудалд анхаарал тавьж байгааг хэлэв.

Европын Холбооноос 2008 онд гаргасан «Эрчим хүч, уур амьсгалын багц хөтөлбөр»-т нийцүүлэн Австри улс 2020 он хүртэлх эрчим хүчний стратеги төлөвлөгөөгөө боловсруулахдаа сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх, эрчим хүчний үр ашгийг сайжруулахаар тусгасан байгаа аж.

Сайд М.Сономпил, Монгол Улсын эдийн засаг сүүлийн жилүүдэд хурдацтай өсч байгаа, энэхүү өсөлтөд уул уурхай гол үүрэг гүйцэтгэж байгааг танилцуулав.

Үүнийг дагаад эрчим хүчний хэрэглээ сүүлийн үед жилд 8-10 хувиар нэмэгдэж байгаа тэмдэглээд эрчим хүчний хомсдлыг арилгахын тулд Монгол Улсын Засгийн газар эрчим хүчний шинэ эх үүсвэр бий болгоход анхаарал хандуулан ажиллаж байгааг тэмдэглэв.

Тэрээр энэ зорилтын хүрээнд Австрийн Эдийн засаг, залуучууд, гэр бүлийн сайдтай уулзан энэ салбар дахь хамтын ажиллагааны нөөц боломжийн талаар ярилцаж, Вена хотод хог хаягдал боловсруулан эрчим хүч гарган авч буй орчин үеийн үйлдвэртэй танилцсандаа олзуурхаж байгаагаа хэлэв.

 Австри сэргээгдэх эрчим хүч ашиглалтаар дэлхийд тэргүүлдгийн хувьд энэ салбарын техник технологийг Монголд нэвтрүүлэх хамтран ажиллах боломж бий.

Австри сэргээгдэх эрчим хүч ашиглалтаар Европ төдийгүй дэлхийд тэргүүлдгийн хувьд энэ салбарын техник технологийг Монголд нэвтрүүлэх, эрчим хүчний нэмэлт эх үүсвэр бий болгох, тухайлбал усан цахилгаан барихад хамтран ажиллах боломж бий гэдгийг Австрийн парламентын гишүүн онцлов.

Тус айлчлалын хүрээнд М.Сономпил Австрийн нийслэл Вена хотын хог боловсруулах цахилгаан станцын үйл ажиллагаатай танилцав. 75 мВт-ын хүчин чадалтай тус станц жилдээ 250 мянган тонн хог боловсруулан тус хотын 25000 айл өрхийг цахилгаанаар, 50000 айл өрхийг дулаанаар хангадаг байна.

Агаарт нүүрсхүчлийн ялгаруулахгүй байх үүднээс хог боловсруулан эрчим хүч үйлдвэрлэхдээ 4 давхар шүүлтүүр хэрэглэж, стандартын зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэд дахин бага бохир хий ялгаруулдаг нь мэргэжлийн байгууллагын хэмжилтээр тогтоогдсон байна.