Г.Пүрэвдорж: Хөрөнгө оруулагчдыг татан оролцуулах хэрэгтэй
Монголын эрчим хүчний ассоциацийн ерөнхий нарийн бичгийн дарга, техникийн ухааны доктор Г.Пүрэвдоржтой ярилцлаа.
-Эрчим хүчний салбарт асар их эрэлт хэрэгцээ байгаа. Үүнийг хангахын тулд ямар асуудлыг шийдэх ёстой вэ?
Би эрчим хүчний салбарт гучин гурван жил ажиллаж байна. Өнөөгийн эрчим хүчний салбарт нэн түрүүнд төвийн эрчим хүчний системийн чадлыг нэмэгдүүлэх асуудал тулгамдаж байгаа.
-Үүнийг яаж шийдэх вэ?
Шинэ станц барьж л шийднэ.
-Одоо тавдугаар цахилгаан станцыг барихаар шаваа тавьчихсан байгаа. Тэгэхээр асуудал шийдэгдэх боломжтой юу?
Эхний шатанд л тодорхой асуудлыг шийдэхээс биш бүхэлд нь шийдэж чадахгүй. Цаашид эрчим хүчний чадлыг одоогийнхоос хэд дахин өсгөх шаардлага тулгарч байна. Одоо байгаа станцуудыг өргөтгөж, шинэ цахилгаан станц барих хэрэгтэй. Одоо бол 800-900 мегаваттын хүчин чадалтай станцуудтай байгаа. Үүнийг хоёроос гурав дахин өсгөнө гэсэн үг.
Гэтэл өнөөдөр энэ чадлыг өсгөж чадахгүй байгаа учраас улс орны хөгжилд саад болж байгаа.
Тог тасрах бол энгийн асуудал. Том үйлдвэрүүд, уурхайнуудаа хүчин чадлаар хангаж чадахгүй байна.
Нэгэнт үйлдвэрийг хөгжүүлэх эрчим хүчний эх үүсвэр байхгүй байгаа учраас улс орны үйлдвэрлэл хөгжихгүй байгаа юм. Үйлдвэрүүд дизель асаадаг ч асар өндөр өртөгтэй байдаг.
-Эрчим хүчний салбарт төрийн оролцоо хэт их байж, үнийг барьснаас болж станцууд өртэй ажилладаг. Гэтэл хувийн хэвшлийг дэмжиж, эдийн засгийн эргэлтэд оруулсанаар энэ салбараа хөгжүүлэх боломжтой юм шиг харагддаг. Та үүнтэй санал нийлэх үү?
Хуучин бий болсон эрчим хүчний системүүд бол дандаа төрийн өмчит компаниуд байгаа. Ганцхан Салхит уулын эрчим хүчний станцыг хувийн хөрөнгөөр барьсан. Тэгэхээр шинээр байгуулагдах станцуудыг хувийн хэвшлийн хөрөнгө оруулагчдийг татан оролцуулах замаар хөгжүүлэх хэрэгтэй.
Хувийнхан судалгаа хийгээд, боломж байгааг харж байгаа.
Өнөөдөр станцууд 60-70 тэрбум төгрөгний өртэй. Энэ өр үнийг өөрийн өртгөөс нь доогуур түвшинд барьснаас бий болсон.
Төр зөв зүйтэй бодлогоор дэмжих хэрэгтэй. Нэг засгийн газар орж ирэхээр шинэ бодлого бариад байхаар хөгжихгүй байгаа юм.
-Сэргээгдэх эрчим хүчний салбар дэлхийн нийтийн чиг хандлагыг тодорхойлж байна. Манай улсад ч бас усан, салхин, нарны эрчим хүчийг ашиглаж байгаа. Үүнийг цаашид улам сайжруулж, хурдацтай хөгжүүлэхийн тулд юуг анхаарах вэ. Таны санал?
Сэргээгдэх эрчим хүчийг олон жил судлаад үзэхээр байгаль экологид хохиролгүй, хамгийн шинэ технологитой салбар гэдгийг улам ихээр ойлгож байгаа. Тиймээс үүнийг хөгжүүлэхээс өөр замгүй.
Эрчим хүч нь нэгдүгээрт хангалттай чадалтайгаар, хангалттай аюулгүй байдлыг хангаж ажиллаж байх ёстой. Энэ бол улс орны аюулгүй байдал. Хоёрдугаар үр ашигтай ажилладаг байх ёстой. Гуравдугаарт байгаль орчинд халгүй байх ёстой. Энэ олон шалгуураас манай орны хувьд нэлээд хэд нь алдагдсан байгаа юм. Үүнийг сайжруулахын тулд манай эрчим хүчний салбарынхан хамаг хүчээрээ ажиллаж байна.