Манай улс нийт хэрэгцээнийхээ 25 хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангана
Эрчим хүчний яамны стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга П.Товуудорж
2013.09.04

Манай улс нийт хэрэгцээнийхээ 25 хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангана

Дэлхийн улс орнууд байгальд ээлтэй технологийг дэмжиж тэр дундаа сэргээгдэх эрчим хүчийг түлхүү ашиглах болсон. Өнгөрсөн оны байдлаар дэлхийн 120 гаруй улс сэргээгдэх эрчим хүчийг ашиглахыг дэмжих бодлого боловсруулан ажиллаж байна.

Харин энэхүү дэвшилтэт технологийг бүрэн ашиглаж чадахгүй байгаа мөн эрчим хүчний хомсдолд орж буй манай улсын хувьд байгаль цаг уурын онцлогоо давуу тал болгон эрчим хүч гаргаж авах нь чухал байгаа юм.

Хэдийгээр сэргээгдэх эрчим хүчийг ашиглан Хархорин, Мөнххайрхан, Тосонцэнгэл, Эрдэнэбулган, Завханмандал, Цэцэн-Уул сум, Богдын гол зэрэгт 100-2000 кВт-ын хүчин чадалтай усан цахилгаан станцыг ашиглалтад оруулсан ч төдийлөн үр дүнгээ өгөөгүй жишээ бий.

Иймээс Эрчим хүчний яам, Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлагтай хамтран уулзалт зохион байгуулж манай улсын сэргээгдэх эрчим хүчний нөөц, цаашид авах арга хэмжээний талаар хөндөн ярилцлаа. Одоогоор сэргээгдэх эрчим хүчийг зөвхөн ахуйн хэрэглээнд ашиглах төдий байгаа.

Томоохон аж ахуйн нэгж, үйлдвэрийг эрчим хүчээр хангадаг болохын тулд татвараас чөлөөлжээ. Энэ талаар Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун "Уур амьсгалын өөрчлөлт дэлхий нийтийн санааг зовоосоор байна. Манай улсын хувьд ч гэсэн мөн адил. Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахын тулд нар, салхи гэх мэт сэргээгдэх эрчим хүчийг ашиглах нь чухал байгаа учир байгалийн нөөцийг хэмнэсэн экологид ээлтэй тоног төхөөрөмжийг компанийн борлуулалтын ашгийн татвараас чөлөөлнө гэж заасан.

Эрчим хүчний хэрэглээ

Үүнд: Эрчим хүчний салбарт жижиг чийдэнгээс авахуулаад томоохон- тоног төхөөрөмжүүд хүртэл багтсан" гэлээ. Цаашид сэргээгдэх эрчим хүчний ашиглалтыг нэмэгдүүлж төвийн бүсэд томоохон усан цахилгааны станц барих, сумын төв, суурин газрыг нар, салхи, ус-дизель хосолсон сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрээс хангах зэрэг томоохон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөж буйг Эрчим хүчний яамныхан дуулгав. Түүнчлэн 2020 он гэхэд эрчим хүчний үйлдвэрлэлийн 20-25 хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангах юм байна.

Эрчим хүчний яамны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга П.Товуудоржоос зарим зүйлийг тодрууллаа.

-Манай улс сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх талаар ямар бодлого баримталж байгаа вэ?

-Ирээдүйд сэргээгдэх эрчим хүчний технологи нүүрсээр ажилладаг станц хоёр нэг төвшинд ирнэ. Өнөөдөр манайд сэргээгдэх эрчим хүчний салбарт шийдэх олон асуудал байгаа ч дэлхийн бүх улс орнууд хөгжлийнхөө гол зорилт болгож тавьж байгаа. Манайх ч тэдний эгнээнд багтсан.    

Манай 2007 онд батлагдсан хуулиар сэргээгдэх эрчим хүч нь татаастай байдаг. Салхины хувьд 8-9.5- цент, нар 15-30, ус 4.5-6 цент гээд хуульчилж зааж өгсөн. Эрчим хүчний зохицуулах хороо гэрээнийх нь загварыг баталж гаргаж өгөх ёстой. Энэ хүрээнд анхны салхин станцад мөрдөөд явж байгаа. Цаашдаа зөвхөн ус, салхи гэхгүй газрын гүнээс эрчим хүч гаргах боломж юу байна вэ гэдгийг судална.

-Энэ салбарыг хөгжүүлэх хууль эрхзүйн орчин ямархуу байдаг вэ?

-Одоогийн мөрдөж байгаа хууль 2017 он хүртэл үйлчилнэ. Гэтэл үнэ тарифын зохицуулалт, сэргээгдэх эрчим хүчний сангийн үйл ажиллагаа тогтворжоогүй  байгаа.

Одоогоор сангийн төсөвт нэг ч төгрөг орж ирээгүй байна.

-Сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхэд  ажиллах боловсон хүчин дутагдалтай байдаг гэж байсан?

-Ялангуяа хөдөө орон нутгийн хувьд хүнд байгаа. Сумын төвд сэргээгдэх эрчим хүчний сүүлийн үеийн технологи суурилуулдаг. Гэтэл түүний ашиглалт, засвар үйлчилгээг явуулах хүн олддоггүй. Боловсон хүчин нь хот суурин газар ажиллах сонирхолтой болсон. Цаашдаа технологийнхоо стандартыг зөв мөрдүүлээд явах ёстой.

Өмнө нь тавьсан тоног төхөөрөмж чанарын шаардлага хангахгүй тал байсан. Зах зээлээс аль хямдыг нь авч ирж тавьдаг байлаа. Сэргээгдэх эрчим .хүчний салбарыг хөгжүүлье гэвэл ямар тоног төхөөрөмж ашиглах юм, хэн ажиллуулах вэ гэдгийг эхнээс нь төлөвлөх хэрэгтэй. Бид БШУ яамтай ярилцаж байгаа. Хаана станц барих вэ тухайн орон нутгийнх нь хүүхдүүдийг их сургуульд суралцахад нь дэмжинэ.

Дэлхийн эрчим хүчний нийт үйлдвэрлэлд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувь 2006 оны байдлаар

Тэгэхгүй бол эрчим хүчний сургуулиуд Боловсролын яамнаас хувааж байгаагийн дагуу 200 квот байвал 21 аймагт 10-аар нь хуваагддаг. Эсвэл хотод ихэнх нь төвлөрөөд байна. Эрчим хүчний салбарын чиглэлээр суралцаж буй оюутнуудыг аль болох орон нутгаас авах нь хэрэгтэй.

-Сэргээгдэх эрчим хүч ашиглаж байгаа станцууд нормынхоо дагуу ажиллаж чадаж байгаа юу. Заримынх нь үйл ажиллагаа зогслоо гэж дуулддаг?

-Станцууд сайн ажиллаж байгаа. Тухайлбал, Дөргөний усан цахилгаан станц баруун бүсийн эрчим хүчний салбарын 20 гаруй хувийг хангаж байна. Өмнө нь ОХУ-аас эрчим хүч таслахад харанхуй сууж байдаг байсан бол ядаж гурван аймгийнхаа төвийг цахилгаанаар хангадаг болсон.

Тайширын станц ажиллаж эхэлснээсээ хойш тодорхой хэмжээгээр эрчим хүчээр тухайн бүс нутгаа хангаж байна. Анх байгуулагдахад ард иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч байсан бол одоо ажиллаад эхэлснийхээ дараа голын урсац сайжирсанд нутгийн иргэд ам сайтай байгаа.

Харин сумдад тавигдсан нар салхины жижиг төхөөрөмжүүд доголддог тал бий. Төв аймагт баригдсан салхин станц сэргээгдэх эрчим хүчний салбарыг шинэ шатанд гаргана гэж найдаж байна.

-Манай улсын эрчим хүчний салбар хүнд байдал ороод байгаа. Энэ байдлаас хэзээ, хэрхэн гарах бол?

-Бидний эхний зорилт бол эрчим хүчний дутагдлаас богино хугацаанд гарах. Хугацаанд шинэ станц барина гэвэл 4-5 жил шаардагдана. Иймээс 1-2 жилийн дотор яаж энэ дутагдлыг нөхөхөөр тодорхой зорилт тавьсан. ТЭЦ III, 1\/-ийн хүчин чадлыг нэмэгдүүлнэ.

Энэ төслүүд хэрэгжсэнээр 2014 оноос эрчим хүчний дутагдлаас гарна. Дараа нь ТЭЦ-5, Багануур, Тавантолгойн станц 2016 оноос ашиглалтад орно. Тэгэхээр бид дотоодынхоо эрчим хүчийг бүрэн хангах нөхцөл бүрдэнэ.