А.Амарбаяр: Сэргээгдэх эрчим хүчний мэдээллийн санг бүрдүүлэх хэрэгтэй
МУИС-ийн Физик, электроникийн сургуулийн багш, доктор А.Амарбаяр
2013.09.03

А.Амарбаяр: Сэргээгдэх эрчим хүчний мэдээллийн санг бүрдүүлэх хэрэгтэй

МУИС-ийн Физик, электроникийн сургуулийн багш, доктор А.Амарбаяртай сэргээгдэх эрчим хүч, тэр дундаа нарны зайн талаар ярилцав.

-Эрчим хүчний хөгжлийн гарц нь сэргээгдэх эрчим хүч байгаа. Одоогийн байдлаар нарны зайн үйлдвэрлэл ямар түвшинд явж байна вэ?

Сэргээгдэх эрчим хүчний нөөцөөр манай улс нөөц арвинтай гэж ярьдаг хэрнээ асуудлаа бүрэн шийдэж чадаагүй байна.

Тухайлбал нарны эрчим хүчийг ашиглах тал дээр бүрэн ашиглах мэдээллийн сан бүрдүүлж чадаагүй. Яг одоо их чадлын сэргээгдэх эрчим хүчний үүсгэвэр тавихад хөрөнгө оруулалтын үнэлгээн дээр нөөцийн асуудал маш чухлаар тавигддаг. Хэр их нарийвчлалтай, алдаа мадаггүй тооцсон байгаа эсэх нь ирээдүйн хөрөнгө оруулалт, ашигт шууд нөлөөлдөг.

Тиймээс эхний ээлжинд сэргээгдэх эрчим хүчний мэдээллийн санг сайжруулах хэрэгтэй. Миний харж буйгаар социализмын үед цэгцтэй сайн явж, тоног төхөөрөмжөө боловсруулдаг байсан. Гэтэл өнөөдөр тэдгээр төхөөрөмжүүд муудсан учир сүүлийн үеийн шинэ техник технологи шаардлагатай болж ирлээ.

Тэгэхээр сайжруулах тал дээр сургалт судалгааны төсөв гаргаж, онцгой анхаарал хандуулах хэрэгтэй. Өшөө цаашилвал хууль эрх зүйн орчинг шинэчилэх шаардлагатай.

-Тухайлбал аль чиглэлд нь шинэчлэх шаардлагатай байгаа вэ?

Жишээлбэл их чадлын сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг сүлжээнд холбоход хууль эрх зүйн орчин нь боломжийн хэрнээ, бага оврын эх үүсвэрийг сүлжээнд холбоход асуудал үүсдэг. Өөрөөр хэлбэл нарны зайг байшин дээрээ тавиад сүлжээнд холбох гэх  мэт гэсэн үг. Одоо бол малчин айл нарны зайг аккумляторт холбоод тэр зайндаа л ашиглаж байгаа. Харин сүлжээнд холбовол батерей шаардлагагүй ашиглана гэсэн үг. Үүнийг Герман, Япон улсууд сайн хэрэгжүүлээд явж байгаа.

Мөн техникийн стандартууд учир дутагдалтай.  Ер нь нарны зайн сүлжээнд холбох анхны хөрөнгө оруулалт өндөр байдаг.

-Малчид бол нарны зайг өргөн ашиглаж байгаа. Төвийн эрчим хүчний сүлжээний эрэл хэрэгцээ жил болгон 10 хувиар өсч байна. Шинэ эх үүсвэрийг хэрхэн шийдэх вэ?

Эрчим хүчний сүлжээгээ тогтворжуулахын тулд усан цахилгаан станц маш чухал нөлөөтэй. Шөнийн цагаар илүүдсэн эрчим хүчийг усан цахилгаан станц өөртөө шингээж, хөргөх байдлаар дулааныг тэнцвэржүүлж ажилладаг онцлогтой. Гэтэл монголын хувьд ийм бүтэц байхгүй учраас шөнө нь Орос руу эрчим хүчээ үнэгүй урсгадаг.

Энэ асуудлыг шийдэхийн тулд Сэлэнгийн сав газарт усан цахилгаан станцыг даруй барьж, эрчим хүчний тогтвортой байдлаа сайжруулах шинэ эх үүсвэр бий болгохоор ажиллаж байгаа.