Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг боллоо
Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэх гэж байгаатай холбогдуулан УИХ, Засгийн газрын гишүүд болон эрчим хүчний салбарын удирдлагууд, инженер, техникийн ажилтнуудын төлөөлөл оролцсон хэлэлцүүлэг 2013 оны гуравдугаар сарын 27-ны өдөр BLUE SKY TOWER-т боллоо.
Хэлэлцүүлгийн эхэнд Эрчим хүчний дэд сайд Д.Доржпүрэв “Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн хэрэгцээ шаардлага, хэрэгжилтийн тухай” танилцуулж, “Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн төслийн тухай”, “Хууль батлагдсанаар гарах үр дүнгийн тухай” гэсэн сэдвүүдээр холбогдох газар хэлтсийн дарга, мэргэжилтнүүд дэлгэрэнгүй мэдээлэл хийсний дараа оролцогч аж ахуйн нэгж, иргэд, эрдэмтэн судлаачдийн зүгээс хуулийн төсөлд оруулах санал, шүүмжийг сонсч хүлээн авлаа.
Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн төслийг Эрчим хүчний дэд сайд Д.Доржпүрэвээр ахлуулсан ажлын хэсэг таван бүлэгтэйгээр боловсруулсан бөгөөд хуулийн зорилт нь эрчим хүчний хэмнэлттэй хэрэглээг дэмжиж, илүү үр ашигтай зүй зохистой хэрэглэх эдийн засгийн сонирхлыг бий болгоход чиглэгдсэн байна.
Өсөн нэмэгдэж байгаа эрчим хүчний хэрэглээг хангахад эрчим хүчний шинэ эх үүсвэр барихын зэрэгцээ бүтээгдэхүүн үйлдвэрлэл, ажил үйлчилгээний цахилгаан эрчим хүчний зарцуулалтыг үндэслэл сайтай тооцож, үр ашигтай, хэмнэлттэй хэрэглэх нь хамгийн өгөөжтэй арга хэрэгсэл мөн гэдгийг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч байгаа.
Эрчим хүчийг хэмнэх асуудал нь дан ганц нэг салбарын бус улс орны нийгэм, эдийн засгийн бүх салбарт хамааралтай асуудал болоод байна.
Эрчим хүчийг хэмнэх асуудал нь дан ганц нэг салбарын бус улс орны нийгэм, эдийн засгийн бүх салбарт хамааралтай асуудал болоод байна. Өөрөөр хэлбэл эрчим хүчийг үр ашигтай, хэмнэлттэй зарцуулснаар нэн түрүүнд байгаль орчноо хамгаалж, тогтвортой хөгжлийг хангах, шинэ эх үүсвэр, шугам сүлжээ, дэд станц барих, хөрөнгө оруулалт болон аж ахуйн нэгж байгууллага, хувь хүмүүсийн эрчим хүчний зардлыг багасгах ач холбогдолтой.
Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль батлагдсанаар эрчим хүчний хэмнэлтийг амьдралд хэрэгжүүлэхэд шаардлагатай эрх зүйн зохицуулалтын механизм бүрдэж, эрчим хүчийг илүү үр ашигтай, зүй зохистой хэрэглэх арга замыг эрэлхийлэх эдийн засгийн сонирхол бий болох юм.
Улмаар үргүй зардлыг багасган агаарын бохирдол, эрчим хүчний үнийн дарамтыг бууруулж, эдийн засгийн өсөлтөд бодитой нөлөөлөх бөгөөд байгалийн хязгаарлагдмал нөөцийг хэмнэх, экологийн тэнцвэртэй байдлыг хангах нөхцөл бүрдүүлэх ач холбогдолтой хэмээн хуулийн төсөл дээр ажилласан мэргэжилтнүүд үзэж байна.
Хуулийн төслийн нэгдүгээр бүлэгт хуулиар зохицуулагдах харилцааг тодорхойлсон бол хоёрдугаар бүлэгт Эрчим хүч хэмнэлтийн талаарх төрийн байгууллагын бүрэн эрхийн хүрээнд УИХ, Засгийн газар болон төрийн бусад байгууллагын бүрэн эрхийг тусгасан байна.
Хуулийн төслийн гуравдугаар бүлэгт Эрчим хүчний хэмнэлтийн мэргэжлийн үйлчилгээ гэсэн асуудлыг тусгайлан оруулсан бол дөрөвдүгээр бүлэгт Эрчим хүч хэмнэлтийн урамшууллын системийн талаар тусгаж өгчээ.
Дашрамд дурдахад Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн төслийг боловсруулахад Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн “Эрчим хүчний системийн үр ашиг төсөл”-өөс техникийн туслалцаа үзүүлсэн байна.