Д.Доржпүрэв: Үйлдвэрлэсэн эрчим хүчээ бүрэн ашиглаж чаддаггүй
Эрчим хүчний дэд сайд Д.Доржпүрэв
2013.03.27

Д.Доржпүрэв: Үйлдвэрлэсэн эрчим хүчээ бүрэн ашиглаж чаддаггүй

Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн төслийг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцүүлэх гэж байгаатай холбоотой эрчим хүчний салбарын удирдлагууд, инженэр тэхникийн ажилтнуудын төлөөллөөс оролцсон хэлэлцүүлэг өнөөдөр боллоо.

Уг хуулийн төсөлд эрчим хүчний дэд сайд Д.Доржпүрэвээр ахлуулсан ажлын хэсэг таван бүлэгтэйгээр хуулийн төсөл боловсруулсан бөгөөд хуулийн зорилт нь эрчим хүчний хэмнэлттэй хэрэглээг дэмжих, илүү үр ашигтай зүй зохистой хэрэглэх, эдийн засгийн сонирхлыг бий болгоход чиглэгдсэн юм.

Эрчим хүчний дэд сайд Д. Доржпүрэв:

Энэ хууль бараг 10 жилийн өмнөөс яригдаж эхэлсэн. Манай улсын эрчим хүчний эх үүсвэрийн суурь хүчин чадал 2012 оны байдлаар 973 мвт, харин оргил ачаалал нь 951 мвт хүрч, оргил ачаалалын 20 гаруй хувийг импортоор авч байгаа нь үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх асуудал болж байна.

Манай улсын эрчим хүчний хэрэглээ жилд 7-9 хувиар өсч байгаа.

Манай улсын эрчим хүчний хэрэглээ жил тутамд 7-9 хувь өсч байгаа.  Бүс нутгийн хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр хангах, нөхөн сэргээгдэх болон бусад эрчим хүчний нөөцийг ашиглан шинэ эх үүсвэрүүдийг бий болгох,  эрчим хүчний нөөцийг зохистойгоор ашиглаж эхлэх шаардлага ихээр тулгарч байна.

 Хуулинд ямар ямар асуудлыг голлон анхаарч байгаа бэ?

Энэ хуулинд цахилгаан эрчим хүч, дулааны эрчим хүчний хэмнэлтийг голлон анхаарч байгаа. Тиймээс эрчим хүч хэмнэх хуулийн төсөл юм. Гол зорилго нь одоо хэрэглэж байгаа техник тэхнологийн шинэчлэлийг хийх, шинээр ашиглагдах тоног төхөөрөмж, үйлдвэрлэлүүдийн эхлэлийг тавих юм.

Эрчим хүчээ хэмнэлттэй ашигласнаар иргэд, үйлдвэрүүд зардлаа хэмнэх боломжийг олгох давуу талтай.

Эрчим хүчний яамны зүгээс үргүй зардал гаргахгүй байх тал дээр ямар санаачлага гаргаж байна бэ?

Оргил ачаалалын 18-21 цагийн хоорнд эрчим хүчийг хэмнэх уриалга иргэдэд тавьсан. Хамгийн гол нь үргүй зардал гаргахгүй байх.

Залгаад орхисон утас цэнэглэгчээ салгах, уртасгагч залгуураа ашиглаагүй үед унтрааж байх, зурагтаа удирдлагаар нь биш залгуураар нь унтраах гэх мэт уриалга эрчим хүч хэмнэх томоохон алхам мөн хэрэгжүүлэхэд хялбар. Тиймээс иргэд маань санаачлагатай байх хэрэгтэй байна.

Мөн Хуулийн төсөлд үүрэг хүлээсэн этгээд буюу их хэмжээний эрчим хүч хэрэглэгч аж ахуй нэгж, үйлдвэрлэлд санал тавьж байгаа. Үүнд дулаанаа алдахгүй байх болон эрчим хүчээ хэмнэхэд нь туслах зөвлөгөөг санаачлан гаргасан.

Хэзээнээс хуулийн хэрэгжилтийн үр дүнг үзэх боломжтой бол?

Хаврын чуулганаар хэлэлцүүлэх болно. Батлагдах юм бол 2014 оны нэг сараас хэрэгжиж эхлэх төлөвлөгөөтэй байгаа.