Г.Батхүү: Өрсөлдөх чадвартай болох хэрэгтэй
УИХ-ын гишүүн, Монголын төмөрлөг, машин үйлдвэрлэлийн холбооны тэргүүн Г.Батхүү
2013.08.23

Г.Батхүү: Өрсөлдөх чадвартай болох хэрэгтэй

УИХ-ын гишүүн, Монголын төмөрлөг, машин үйлдвэрлэлийн холбооны тэргүүн Г.Батхүүтэй төмөрлөг, машин үйлдвэрлэлийн салбарын хөгжлийн төсөөлөл болон хийж хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар ярилцлаа.

-Төмөрлөг машин, үйлдвэрлэлийн холбооны тэргүүний хувьд энэ салбарыг хөгжүүлэхэд юу хийж чадах вэ?

Монголд уул уурхайн түүхий эд, эрдэс баялгаа түүхийгээр нь гаргаад байх биш, их хэмжээгээр дотооддоо боловсруулах шатанд очих ёстой. Энэ бол цаашдын төсөөлөл. Хэрвээ боловсруулах шатанд гаргаж, бүтээгдэхүүн болгож зах зээлд гаргавал нэмүү өртөг манай улсад шингэнэ. Олон хүн ажлын байртай болно. Олон татвар төлөгчид бий болно.

Ингэвэл Монгол улс хөгжинө. Тийм учраас бид их хэмжээний өнгөт металл, металл, хар төмөрлөгийн тодорхой хэсгийг дотооддоо боловсруулдаг үйлдвэрийг хөгжихөд нь төр, хувийн хэвшлийг холбох гүүр болохоор ажиллаж байна.

Ингэвэл Монгол улс хөгжинө.

Дотоодын сэлбэг үйлдвэрлэлийг хөгжүүлэх нь маш энгийн зүйлээс л эхэлнэ. Хүрз, жоотуу, алх, дөш, хадуур, хадаас зэргийг өөрсдөө хийх боломжтой учраас тодорхой хэсгийг хэсгийг дотооддоо боловсруулья. Үүний тулд төсвийн мөнгийг жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжихэд чиглүүлэх хэрэгтэй. Тоног төхөөрөмжийг гаднаас авч, мөнгөө урсгаж болохгүй.

Нэг талаар энэ салбарыг хөгжүүлэхэд дотоодын үйлдвэрлэлийг бодлогоор дэмжих нь зайлшгүй. Нөгөө талаар зарим өндөр хөгжилтэй орны тоног төхөөрөмжийг нийлүүлэх бололцоо бидэнд байгаа. Тухайлбал Япон улс олон пүүс компаниудтай хамтарч ажилладаг.  Монголд бүтээгдэхүүнийг үйлдвэрлээд Японд нийлүүлээд угсраад явахад хоёр талдаа ашигтай. Ингэснээр шинэ технологи монголд нутагшина.

-Дотоодын сэлбэг үйлдвэрлэгчид төр нь өөрөө дотоодын тоног төхөөрөмжөө худалдаж авдаггүй хэмээн шүүмжилдэг. Энэ талаарх таны бодол?

Бид нар өрсөлдөх чадвартай болох хэрэгтэй. Түүнээс биш дотоодод үйлдвэрлэсэн л бол чанаргүй байсан ч хамаагүй заавал ав гэдэг бодлогоор явах нь зохисгүй. Тиймээс эхлээд үйлдвэрүүдийг төр бодлогоор дэмжих ёстой.

Эдийн засгийн бодлогоор дэмжихийн тулд импортын бүтээгдэхүүний татварыг нэмэгдүүлж, стандарт шаардлагыг сайн тавих ёстой.

-Үйлдвэрүүдийг дэмжих ёстой гэж байгаа ч өнөөдрийн нөхцөл байдлыг та юу гэж үнэлэх вэ?

Одоо хийгдэж байгаа. Бид хөнгөн цагааны хаягдлыг шууд түүхийгээр нь гаргадаг байсан. Монгол хөнгөн цагаан үйлдвэрлэж, олборлодоггүй мөртлөө техник, эд анги сэлбэгийг гадаад руу шууд экспортолчихдог байсныг болиулж,  Улсын их хурал дээр тогтоол гаргаж дотооддоо бүтээгдэхүүн болгож, гаргадаг болгосноороо үр дүн гаргасан. Хөнгөн цагааны цахилгааны утасны үйлдвэр, хөнгөн цагаан гулдмайн үйлдвэрүүдийг дотооддоо барьж, байгуулах нөхцөлийг бүрдүүлсэн. Асуудлыг энэ мэтчилэнгээр л шийдэх ёстой.