Б.Даваасүрэн: Төмрийн хүдэр хангалттай байгаа ч боловсруулах үйлдвэр нэг ч алга
“Ган хийц” ХХК-ийн захирал Б.Даваасүрэн
2013.07.31

Б.Даваасүрэн: Төмрийн хүдэр хангалттай байгаа ч боловсруулах үйлдвэр нэг ч алга

“Ган хийц” ХХК-ийн захирал Б.Даваасүрэнтэй ярилцлаа.

-Таныг барилгын салбар, түүний дотор барилгын төмөр хийц үйлдвэрлэлд олон жил хүч, хөдөлмөрөө зориулж явааг мэдэх юм байна. Төмөрлөгийн үйлдвэрлэлд түүхий эд маш чухал. Гэтэл манай улсын энэ салбарын томоохон төлөөлөл болох Дарханы төмөрлөгийн үйлдвэр Сэлэнгэ аймаг дахь Төмөртэй зэрэг орд газраасаа төмрийн хүдрийг ухаж аваад шууд Хятад руу гаргаж хэдэн “ногоон” олж байгаагаас биш боловсруулах талаар нэг их анхаарахгүй байх шиг санагддаг. Та энэ тухайд ямар бодолтой байна вэ?

-Миний санаж бодож явдаг зүйлийн нэг нь энэ л дээ. Аливаа улс орны хөгжлийн нэг хэмжүүр нь хүнд буюу металлургийн үйлдвэрийн хөгжил, цэцэглэлт байдаг юм. Манай улсын хувьд ийм үйлдвэрлэл хөгжих түүхий эдийн нөөц хангалттай бий. Социалист нийгмийн үед улсын төсвийн хөрөнгөөр хайж илрүүлсэн 800 сая тонн төмрийн хүдрийн нөөц байгааг тогтоочихсон.

Тэдгээр нь говь, хангай, хээр гээд бүхий л нутаг дэвсгэрт тархаж байгаагийн дотор 400 сая тонн төмрийн хүдэр агуулж байгаа Дархан, Сэлэнгийн бүс нутаг онцгой байр суурь эзэлж байдаг. Гэтэл энэ их баялаг, стратегийн ач холбогдолтой түүхий эдээ боловсруулахгүйгээр гадаадад гаргаж, дотооддоо ашиглахгүй байгаад эмзэглэж явдаг.

Одоо болохоор Оюутолгойн алт, зэс юм уу Тавантолгойн нүүрс гэж олон нийтийн анхаарлыг өөр зүгт хандуулсантай зэрэгцээд Төмөртэй, Төмөр толгойн ордын хүдрийг өдөр шөнөгүй зөөж байна. Үүнд анхаарлаа хандуулахгүй байгаад харамсаж байдаг.

-Таны бодол, хүслээр болдогсон бол төмөрлөгийн үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн тулд юу хиймээр байна вэ?

-Мэдээж гол орд газраа түшиглэж Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг өргөтгөж, хүчин чадлыг нь сайжруулах хэрэгтэй. Үүнтэй зэрэгцээд Засгийн газрын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын дагуу бүс нутагт төмрийн жижиг буюу дунд оврын үйлдвэр байгуулж гаргасан бэлдцийг цувих машинд оруулаад юу хэрэгтэйгээ гаргаж болно биз дээ.

Дарханы төмөрлөгийн үйлдвэр

Ядаж хадаас хийх нарийн утсаа хийчихдэг болвол энэ чинь том дэвшил болно. Илүү гарсныг нь одоогийн ханшаар бодохоор нэг тонныг нь 470 орчим ам.доллараар экспортолж болж байна. “Зүсээ хувиргасан хаягдал төмрийг экспортлохоо больё” гэсэн гарчигтай өгүүллийг арваад жилийн өмнө сонинд хэвлүүлж байлаа.

Тухайд үед манайхан 220 ам.доллараар нэг шоо метр төмрийн хүдэр гаргаад нөгөөдүүл нь хэдэн дамжлагаар дамжуулаад л булан болон хавтгай төмөр болгож, манайд 600 орчим ам.доллараар худалдаг байсан. Одоо ч ийм л байгаа. Түүний оронд ямар өндөр үнэтэй байх нь хамаагүй, сүүлийн үеийн техник, төхнологид суурилсан ганцхан том үйлдвэрийг л Монголдоо байгуулъя л даа.

-"Цахилгаан тээвэр” компанийн захирал Д.Жаргалсайхан машин үйлдвэрлэгчдийн холбоо байгуулж, дотооддоо троллейбус, дуобус үйлдвэрлэж байгаа. Та тэдэнтэй хэр холбоотой ажиллаж байна вэ?

-Залуучууд сайхан үйл хэрэг үүсгэж, сайн ажиллаж байгаад талархаж явдаг. Гэхдээ тэд нэг ч эд ангийг нь дотооддоо үйлдвэрлэхгүй байгаа шүү дээ. Тэдний угсарч байгаа нэг эд анги, нэг “арьс”-ыг ч болов дотооддоо хийдэг, үйлдвэрлэдэг болохын төлөө л бид зорьж ажиллах ёстой юм. Хөдөө аж ахуй, уул уурхай манай эдийн засгийн гол хөдөлгөгч хүч л гэнэ.

Тэдгээр салбарт ашиглаж байгаа бүх л техник төхөөрөмж төмрөөс бүтдэг биз дээ. Үүний тулд бүх зүйлийг үгүй юмаа гэхэд ядаж ганц нэгийг нь дотооддоо хийдэг болмоор байгаа юм. Ингэхийн тулд одоо зах замбараагүй гадагш зөөж байгаа төмрийн хүдрийн экспортыг зогсоох хэрэгтэй. Тэгээд дотоодын үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжмээр байна.

Өмнөх Засгийн газрын үед бид Дорнод аймгийн Чойбалсан хотод төмрийн жижиг үйлдвэр байгуулъя гэсэн санал санаачилга, төслөө өргөн барьсан. Одоо хүртэл чимээгүй л байна. Тэр төсөлтэй танилцаад болно, болохгүйг нь эсвэл яагаад болохгүй, үндэслэлгүй гээд байгаад нь хариулдаг болмоор юм.

-Жижиг үйлдвэрийг тоодоггүй юм гэхэд ганц байгаа Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг өөд нь татмаар юм. Энэ үйлдвэрийг японууд дайны төлбөрт барьж өгөхдөө зөвхөн хаягдал төмөр ашигладаг байх технологиор хийсэн нь бас л нэг бодлого байх. Тийм үү?

-Нарийн учир утгыг нь мэдэхгүй юм. Хамгийн гол нь манай улсын төмрийн хүдрийн гол нөөцийг түшиглэж барьсан нь чухал. Гэхдээ бүрэн хүчин чадлаар нь ашиглаж байсан удаа нэг ч байхгүй.

Аливаа улс орны хөгжлийн нэг хэмжүүр нь хүнд буюу металлургийн үйлдвэрийн хөгжил, цэцэглэлт байдаг.

Яагаад гэхээр нөгөө төмрийн хүдэр нь байвч түүнийг боловсруулдаг газар алга. Сүүлийн үед “Бэрэн” групп Архангайгаас төмрийн хүдрээ татаж Эрдэнэтэд баяжуулж байгаа нь сайн эхлэл. Гэхдээ бас л дутуу байна.

Чех, Герман зэрэг улс төмрийн хүдрийн нөөцөө барчихаад бусад улс орноос төмрийн баяжмал авч, эцсийн бүтээгдэхүүн хийж байна. Бид өөрийн гэсэн нөөцтэй байгаа болохоор одоо эцсийн бүтээгдэхүүн хийх тал руугаа явах нь чухал. Ингэж байж л бид хөгжинө.

-Төмөр бетон ярихаар барилгын салбар өөрийн эрхгүй холбогдож таарна. Цементийн үйлдвэрлэлийн талаар ямар бодолтой байна вэ?

-Монголд Дархан, Хөтөлийн цементийн үйлдвэр л гэж байлаа. 18 аймагт Барилгын материалын үйлдвэрлэлийн бааз гэж байсан. Түүний адил өнөөгийн Засгийн газар барилга, барилгын материалын үйлдвэрлэлийг жинхэнэ утгаар нь хөгжүүлье гэвэл ийм л арга хэмжээ авмаар байгаа юм.

Өнөөдөр энэ Засгийн газар барилгын материалын хөгжлийн асуудлыг хэлэлцэж, өвөл зунгүй ажиллах боломжийг олгож, урт хугацаатай, бага хүүтэй зээл өгч байна. Энэ бол том дэмжлэг, барилгын салбарын үйлдвэрлэлийн нэгэн шинэ үе гэж бид ойлгож байгаа.

Хөтөлийн цементийн үйлдвэр

380 тэрбум гаруй төгрөг гэдэг бага юм биш. Манай компани гэхэд гурван тэрбум орчим төгрөгийн хөнгөлөлттэй зээл авсан. Дээр нь Хөтөлийн цементийн үйлдвэрийн бүтээгдэхүүнийг тонн тутам нь 380 мянгаас хэтрэхгүй байхаар жишиг тогтоож өгсөн нь сайн хэрэг.

Эдгээр нь сайн шийдэл байлаа. Өмнөх Засгийн газрууд үүнийг хийх боломж байсан ч сэтгэл зүтгэл, итгэл үнэмшил дутаад байсан юм. Манай компани зүүн бүсийн эрчим хүчний шонгийн тулгуурыг бүрэн, Улаанбаатарын төвийн бүсийн эрчим хүчний тулгуурын 25 хувийг цементээр үйлдвэрлэж нийлүүлдэг.

Энэ бүхэнд зарцуулдаг 7-8 мянган тонн цементийг бид Хөтөлөөс авч байна. Дотоодын үйлдвэрлэлээ дэмжиж ингэж л ажиллаж байна. Засгийн газраас бодлого боловсруулж, хөрөнгө гаргаснаар Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг өргөтгөж, Бор-Өндөрт нэг сая тонны хүчин чадалтай үйлдвэр барихаар боллоо.

Налайх, Эрдэнэтэд ч цементийн үйлдвэр барьчихлаа. Энэ бүхнээс харахад өргөжин тэлэх боломж ирээдүй байна. Үүнтэй адил металлургийн үйлдвэрлэлээ хөгжүүлэхийн тулд төмрийн хүдрийн орд газраа тусгай хамгаалалтад авч, гадна дотны эрдсийн наймаачдын гараас салгах хэрэгтэй. Үүнийг зөвхөн Монголын төлөө, хөгжлийн төлөө л ашиглах учиртай юм.