Ө.Энхтүвшингийн илтгэл эрх баригчдад цочроо өгөв
УИХ-ын гишүүн, МАН-ын дарга Ө.Энхтүвшингийн намынхаа Бага хурал дээр тавьсан илтгэл шинэчлэгчдэд төдийгүй эрх баригчдад жинтэйхэн ташуур өглөө. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын чуулганы нээлт, хаалтад тааллаараа оролцохдоо УИХ-ын эрхэм гишүүдийн нүүрийг улалзтал үнэнийг хэлж “загатнасан газар мааждаг” шиг Ө.Энхтүвшингийн илтгэл МАН-ынхан төдийгүй эрх баригчдад ч цочроо өгөв.
Сандал, суудлын төлөөх даргын шинэчлэл хийхээр аядсан намын залуус нь ч эх орны эрх ашгийн төлөө түүнийг дагахаас аргагүйд хүрэв. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Зандан-шатар алганы амт үзсэн хүүхэд шиг хөл нь хөнгөрч, УИХ-ын ээлжит бус чуулган хуралдуулахыг эрх баригчдаас шаардаж, УИХ дахь МАН-ын бүлгийнхэн Төрийн ордон дахь эзэнгүй танхимуудад дуу шуу оруулж эхлээд байна.
Долоо хоногийн өмнө Ө.Энхтүвшинг илтгэл тавьж байхад 1550-д дөхөж байсан ам.доллар өдгөө 1560 төгрөгөөс давж, евро, юанийн ханш ч дагаад “галзуурав”. Энэ нь Монголын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал эрх баригчдын амралттай зэрэгцээд эзэнгүй хаягдсаныг илчиллээ.
Дөрвөн ч аймгийн 90 жилийн ой зэрэгцэн эрхэм гишүүдийг мориноосоо буух завгүй наадамлаж, Ерөнхий сайд Н.Алтанхуягийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой эвлэрэн Буйр нуурт амарч байх хооронд Монгол даяар их амралт үргэлжилсэн.
“Эрдэнэс Тавантолгой" зардлаа дийлэхээ больсноос нүүрсний экспортоо багасгасан бол Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт хойшлогдсоныг олон улсын хэвлэлүүдээс монголчууд мэдэв. Ийм цаг үед МАН Бага хурлаа хуралдуулсан нь “сохорсон биш завшив” гэгчээр уналтад ороод байсан нийгэм, эдийн засгийн байдалд эрх баригчдын анхаарлыг хандуулж чадлаа.
Эрх баригчид эдийн засгаа аварч чадах уу
Ө.Энхтүвшингийн илтгэл намынхаа төдийгүй Монголын улс төрд үүссэн нөхцөл байдлыг хачир чимэггүйгээр дүгнэж, цаашид баримтлах бодлого байр сууриа шулуунаар илэрхийлсэн нь шинэчлэгч гэх залуучуудын хувьд нэгийг бодуулж хоёрыг сануулсан.
Зөвхөн шинэчлэгчид төдийгүй энэ намын нэрээр УИХ-д сууж буй МАН-ын үнэмлэхтэй эрхэм гишүүдийн хувьд ч нийгэм, эдийн засгийн байдал хүндэрсэн ийм үед намынхаа төлөө биш ард түмнийхээ төлөө ажиллах ташуур болж өглөө.
Өчигдөр Үндэсний статистикийн хорооноос хийсэн мэдээлэл нийгэм, эдийн засагт таагүй нөхцөл үүсч, инфляци өссөн талаарх Ө.Энхтүвшингийн илтгэлийг хүлээн зөвшөөрлөө. МАН-ыг эрх барьж байх үед нийгэм, эдийн засгийн байдал өнөөдрийнх шиг эгзэгтэй хүнд байдалд орж байсангүй.
Зүүний чиглэлийн намын хувьд ард түмэнд халамжийн амлалт ихээр өгдөг, түүнийгээ биелүүлдэг ч байлаа. Гэхдээ улс орныхоо эдийн засгийг өнөөдрийнх шиг мөлхөх хэмжээнд оруулж байсангүй. Харин АН эрх баригч болсон хоёр дахь боломжоороо 1996-2000 оны “Ардчилсан холбоо эвсэл”-ийн үеийнх шиг нийгэм, эдийн засгийг доройтуулж эхэлсэн нь гашуун ч гэсэн үнэн болоод байна.
Эрх баригч намын бодлого, үйл ажиллагаанаас шууд шалтгаалсан ийм хүндрэлийн үед сөрөг хүчний үүрэг асар их. Тэдний хараа хяналт, шахалт шаардлага, улс төрийн хүчтэй бодлогын үр дүнгээр хүнд байдлаасаа гарсан улс орнуудын жишээ олон бий. Өнөөдөр Монголд яг ийм байдал нүүрлээд байна.
Засгийн газрыг муу ажиллалаа гээд огцруулах боломж, эрх мэдэл ганц сөрөг хүчин МАН-д байхгүй. Харин эрх баригчдад шахалт шаардлага үзүүлэх, ард түмний төлөө дуу хоолойгоо хүргэх эрх нь нээлттэй. Тиймдээ ч МАН-ынхан энэ эрхээ эдэлж, сөрөг хүчнийхээ ажилд ханцуй шамлан орсон нь ард түмэнд бага ч гэсэн найдлага төрүүлээд байна.
УИХ дахь МАН-ын бүлгийн өчигдрийн хуралдаанаас улс орны нийгэм, эдийн засгийг ийм байдалд хүргэсэн албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг шаардлаа. Эрх баригч АН-ын Засгийн газар тэдний шаардлагыг хүлээн авахгүй л болов уу.
Иифляци өссөнийг ч хүлээн зөвшөөрөхгүй, эдийн засаг хүнд нөхцөлд байгааг ард түмнээсээ өнөөдрийг хүртэл нууцалж буй тэд энэ шаардлагыг хүлээн авбал цаашлаад Засгийн газрыг унагаж мэдэх магадлалтай. Өнөөдөр Н.Алтанхуягийн Засгийн газрын 19 сайдын 17 нь УИХ-ын гишүүний давхар сэтэртэй.
Засгийн газарт хяналт тавин ажиллах үүрэгтэй УИХ гүйцэтгэх засаглалтайгаа ийнхүү “нэгдэж” зэрэг зиндаагаа алдчихаад байгаа. Энэ нь өнөөдрийн улс орны нийгэм, эдийн засгийг хяналтгүйгээр хуйвалдан унагахад хүргэсэн хэмээн зарим ажиглагч үзэж буй нь үнэний ортой.
Тиймээс АН бугшсан, хуйвалдсан энэ бантангаа өөрсдөө цаг алдалгүй засч залруулж эхлэхгүй бол “Алтан загас”- ны үлгэрийн эмгэн шиг эргээд навтсан байшингийнхаа хаяанд очиж мэдэх юм. Нэгэнт эрх баригч болсон АН-ын Засгийн газрыг хэн удирдах, хэн огцрох нь ард түмэнд хамаагүй.
Харин хэн нь нийгэм, эдийн засгийн байдлаа сайжруулж, зөв бодлого хэрэгжүүлж чадах нь л сонин. Тиймээс АН эрх баригч болсон хоёр дахь боломжоо өмнөх шиг хар толботой үлдээхгүйн тулд сөрөг хүчний шаардлагад хүссэн ч, үл хүссэн ч чих зөөлөн хандах цаг ирэв.
Улс төрийн ийм шинэчлэл ганц МАН-д биш эрх баригч АН-д төдийгүй сонгуулиас сонгуулийн хооронд амь ордог бусад улс төрийн намуудад ч хамаатай. АН ч шинэчлэгдэх цаг болсныг өнөөдрийн улс тор харуулж буй.
Энэ намын бодлого шийдвэр нь хэдхэн фракцын эрх ашигт захирагдан, лидер гэх хэдхэн хүний хүсэл сонирхолд үйлчилдэг болсон. Энэ нь Н.Энхбаярын үеийн эрх баригч МАХН шиг хэдхэн хүний хэмжээлшгүй эрх мэдлийг АН-д нэгэнт бий болгоод эхэлсэн.
Ганц МАН-д биш бусад улс төрийн хүчинд ч шинэчлэл хэрэгтэй
Эрх барьж байснаас биш сөрөг хүчин байж үзээгүй шахуу МАН-д одоо сөрөг хүчний дүрэм хэрэгтэй. Үүний тулд намынхаа дүрэм, бүтэц зохион байгуулалтыг ч өөрчлөх шаардлагатайг Ө.Энхтүвшин илтгэлдээ дурдсан байсан. Энэ нам сөрөг хүчин мөртлөө эрх баригч намынхаа нүсэр бүтэц бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж буй.
Удирдах зөвлөлөөсөө эхлээд намын Их, Бага хуралд хэн нэг дарга дагасан далдаганагч, фракц төлөөлсөн саналын “квотууд” сонгогдож, намын эрх ашгаас ангид үйл ажиллагаа явуулдаг болсон. Үүнийг ч Ө.Энхтүвшин илтгэлээрээ илчилсэн байна билээ.
Тиймдээ ч тэр намынхаа эрх ашгийн үүднээс намын даргын хувьд фракц бүлэглэлийг дэмжилгүй, өөрийн гэсэн бүлэглэлийг үүсгэлгүй зөв бодлогоор намаа удирдаж, цаашид ч энэ байдлыг өөрчлөн, жирийн гишүүдээ дэмжиж шинэчлэл хийхээ илэрхийлсэн.
Энэ нь зарим хүмүүст айдас дагуулж буй. Ө.Энхтүвшингийн энэ сануулга гишүүн бүрт таалагдаагүй нь мэдээж байх. Өнөөдөр МАН д албан ёсны биш ч, албан бус хэд хэдэн фракц бий. Ганц хүний эрх ашиг, нэр нөлөөг түшсэн эдгээр фракцын гишүүн л бол намын батлах авангуутаа Их, Бага хуралд хуйвалдаанаар сонгогддог жишиг тогтсон.
Даргынхаа эрх ашгийг хамгаалж санал өгөх үүрэгтэй тэдний олонхид намын бодлого шийдвэр, үйл ажиллагаа, санхүүгийн байдал нь падлийгүй. МАН-ын Хяналтын ерөнхий хорооноос саяхан нэгэн дүгнэлт гаргасан. Уг дүгнэлтэд Бага хурлын 330 гишүүний 180 гаруй нь гишүүнийхээ татварыг төлөөгүй гэж дурджээ.
Тэдний дийлэнх нь хэн нэг даргын татаас, фракцын хуйвалдаанаар Бага хуралд орж ирсэн. Удирдах зөвлөл нь ч өнөөдөр бодлогын “уураг тархи” биш эрх ашгийн бөөгнөрөл болсныг Ө.Энхтүвшин илтгэлдээ дурджээ. Энэ бүхэн нь МАН-ын өнөөдрийн ялагдлын үндэс суурь болсон гэж үзэж болно.
МАН 2012 оны сонгуулийн дараа Удирдах зөвлөлөө бүрэн шинэчилсэн. Орон тооны болон орон тооны бус нарийн бичгээс эхлээд амбицалсан хүн бүрийг шахуу Удирдах зөвлөлдөө багтаасан. Удирдах зөвлөлийнхөө 60 орчим хувийг залуучуудаар цус сэлбэн, шинэ “толгой”-гоор хүч нэмсэн.
Харамсалтай нь МАН-ын удирдах зөвлөлд залуучууд олноор орсон ч намаа шинэчилж сайжруулах нь байтугай өөр хоорондоо амбицлах нь хэрээс хэтэрсэн. Энэ нь эрх баригч байсан энэ намын 90 жилийн түүхтэй бодлогыг нь алдагдуулж, нэг туган дор зангидагддаг босоо удирдлагыг унагасан хэмээн ажиглагчид үзэж буй нь үнэний ортой байх аа.
МАН-ын дарга Ө.Энхтүвшин “Дараагийн хүнээ дарга шиг дарга болгож, дэмжин тусалж, эрх, үүргийг нь тодорхой болгох шаардлагатай" хэмээн Бага хурлын гишүүддээ анхааруулсан нь нэгийг хэлсэн биз ээ. Ямартай ч МАН-ын өргөн хүрээнд шинэчлэгдэх эсэхййг Их хурлын гишүүд шийднэ.
Гэхдээ Их хурлын гишүүдээ Ө.Энхтүвшин даргын хэлсэнчлэн фракц бүлэглэлээс гадуур, гишүүд дэмжигчдээсээ шударгаар сонгож чадахаас энэ шинэчлэл шууд шалтгаалах нь нэгэнт тодорхой болоод байна.