Шинэчлэгчид зорилгоо биелүүлсэн
МАН-ын “Шинэчлэл”-ийн нэгдсэн хөдөлгөөний ерөнхий зохицуулагч Ж.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, НИТХ-ын гишүүн Б.Амарбаясгалан нар өчигдөр мэдээлэл хийлээ.
Өнгөрсөн даваа гаригт болсон Бага хурлын үр дүнд өөрсдийн хамгийн чухал зорилгоо биелүүлсэн гэж үзэж байгаагаа хурлын эхэнд хэлсэн.
Хэдийгээр МАН-ын Удирдах зөвлөл, намын даргыг өөрчлөх асуудлыг хэлэлцэж шийдвэрлээгүй ч Их хурлыг хуралдуулахаар болсон нь намын удирдлага, Бага хурлын 310 гишүүн огцорч байна гэсэн үг гэдгийг тэд хэллээ. Тэд хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчдийн асуултад хэрхэн хариулсныг хүргэж байна.
Гишүүн Ж.Эрдэнэбат: Шинэчлэл гэж өөрийн санаагаа бусдад тулгахыг хэлэхгүй
-Болж өнгөрсөн намын Бага хурлыг олон нийт тийм ч үр дүнтэй болсонгүй гэж дүгнээд байна. Та бүхэн хүсч хүлээж байсан үр дүндээ хүрч чадав уу?
УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат
-Манай хөдөлгөөний гол зорилго бол шинэчлэл хийх Их хурлыг хуралдуулах байсан. Энэ зорилгодоо бид хүрсэн. МАН-ын шинэчлэлд гишүүн бүрийн оролцоо чухал учраас Их хурлын гишүүдийн тоог нэмэгдүүлэх шаардлага хүргүүлсэн.
Их хурлын төлөөлөгчдийн тоог нэмэгдүүлж, 1134 болгосон, Ерөнхийлөгчийн сонгуулиар МАН-ын нэр дэвшигчийн эсрэг үйл ажиллагаа явуулсан гишүүдэд хариуцлага тооцох, авилга, албан тушаалын хэрэгт холбогдсон нь шүүхээр тогтоогдсон бол намаас хасах гэх мэтээр хариуцлагыг чангатгах нь зүйтэй гэсэн “Шинэчилье”-ийн нэгдсэн хөдөлгөөний шаардлагууд биеллээ олсон.
Хамгийн чухал нь Их хурлыг товлох, үүнээс өмнө намын дүрмийн шинэчлэл хийх, Их хуралд анхан шатны байгууллагын төлөөллийг түлхүү оролцуулах, Их хурлын гишүүдийг сонгох журам гэх мэт олон үр дүн Бага хурлаас гарсан.
-Хариуцлага тооцох талаар ярилаа. Сонгуулийн өмнө танай намын гишүүн Э.Мөнх-Очир өөрийн нэр дэвшигчийн эсрэг турхирсан ярилцлага өгсөн. Энэ мэт үйлдэлд ямар хариуцлага тооцох вэ. Намын гишүүнчлэлээс нь хасах уу?
-Энэ талаар намын дүрэмд заалт байдаг. Дүрмээрээ бол энэ хүн гишүүнчлэлээсээ татгалзах ёстой. Цаашид иймэрхүү байдлаар нам руугаа дайрсан байдлыг таслан зогсоох талаар шийдвэртэй ажил хийх хэрэгтэй.
-Бага хурал дээр таны тавьсан илтгэлийг сул байна, энэ байдлаараа шинэчлэгдэж чадах уу гэх шүүмжлэлийг цөөнгүй хүн хэлж байна. Үүнд тайлбар өгнө үү?
-МАН шинэчлэлийн асуудлыг 90 гаруй жилийн хугацаанд маш олон удаа ярьж байсан. Шинэчлэл гэдэг бол хэн нэгэн хүн өөрийн санаагаа бусдад тулгахыг хэлэхгүй.
Манай нам Монголын өнцөг булан бүрт салбартай, 200 гаруй мянган гишүүнтэй нам. Гишүүд дэмжигчдийнхээ санал бодлыг тусгасан шинэчлэл илүү бодитой байна гэж бид үзэж байгаа. Тиймээс илтгэлийн маань санаа ч ийм л зарчим дээр суурилсан байгаа.
Гишүүн Н.Номтойбаяр: Шүүмжлэл чинь өөрөө дэмжлэг шүү дээ
-Авилга, албан тушаалын хэрэгт холбогдсон нөлөө бүхий гишүүддээ хариуцлага хүлээлгэх үү. Тухайлбал, Ё.Отгонбаяр гишүүнийг намаасаа хасах уу?
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр
Энэ талаар намын дүрэмд тодорхой тусгаж өгөх хэрэгтэй. Нэг ёсондоо ийм нөхцөлд яах талаар тодотгол хийж өгөх хэрэгтэй.Одоогоор шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон тохиолдолд хасна гэж байгаа.
Иймэрхүү асуудлыг бид мөн л шинэчлэх, нэмж тодотгох зорилготой ажиллаж байгаа. Өнөөдрийн байдлаар шүүхээр эцсийн байдлаар МАН-ын гишүүдийн буруутайг тогтоогоогүй байна.
-Аравдугаар сарын 27-нд намын Их хурал болно. Түүнээс өмнө шинэчлэлийнхэн ямар ажил хийхээр төлөвлөсөн бэ?
-Их Сөрөг хүчний байр суурьт шилжсэн энэ цаг үед бид түргэн шуурхай, зөв оновчтой ажиллаж чадах бүтцийг байгуулах ёстой. Мөн дүрэмдээ өөрчлөлт оруулах, ирээдүйн сонгуулиудад ялалт байгуулахын тулд МАН хөгжлийн хөтөлбөрөө боловсруулах ёстой. МАН-ын улс төрийн үзэл баримтлалд тулгуурлан улс, эх орны нийгэм эдийн засгийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох гэсэн гол гол бодлогын асуудал Их хурлаар орох юм.
Тэгэхээр энэ асуудлынхаа хүрээнд “Шинэчилье” нэгдсэн хөдөлгөөнийхөн зохион байгуулалтад орж, тодорхой хороодыг байгуулж ажиллана. Түүнчлэн гадаад дотоодын эрдэмтэн, судлаачидтай хамтарч ахмад, дунд үе, залуучуудынхаа нягт хэлхээ холбоос дээр үндэслээд ажлуудыг шинжлэх ухааны үндэслэлтэй, тооцоотой, судалгаатай эхлүүлээд явж байгаа. Түүнийгээ үргэлжлүүлээд явна.
-Намын Их хурлын гишүүдийн тоог нэмэх шийдвэр гаргасан. Гишүүдийг хэрхэн сонгох вэ?
-Их хурлын төлөөлөгчдийг сонгох журам гаргасан. Энэ журмыг холбогдох мэдээллийн сайтад тавина. Гол нь намын анхан шатны байгууллагуудаас эхлээд төлөөллүүдийг түлхүү оруулж дотоод ардчиллаа бэхжүүлэх үүднээс гол журмаа баталсан.
-Бага хурлаар намын удирдлагууд шинэчлэлийн хөдөлгөөнийхнийг нэлээд шүүмжилсэн гэсэн. Тухайлбал, Ц.Нямдорж гишүүн намын залуу гишүүдэд уурлаж, шинэчлэлийн тодорхой гаргалгаагаа гаргасангүй гэх мэдээлэл байна?
-Аливаа юманд шүүмжлэл, дэмжлэг аль аль нь байдаг. Уур амьсгал тийм л байсан. Шүүмжилсэн хэсэг байхад дэмжсэн нь ч байсан. Шүүмжлэл чинь өөрөө дэмжлэг шүү дээ.
Ер нь бол зөвхөн Ц.Нямдорж гишүүнээс гадна манай зарим Бага хурлын гишүүдээс бидэнд цаашдын бодлого үйл ажиллагаандаа хэрэгжүүлээсэй гэдэг үүднээс сургаал, шүүмжлэл, зөвлөмжүүдийг хэлсэн. Зарим нэг ахмад дунд үеийн залуучууд нь нэгдэж хамтарч ажиллах болсноо илэрхийлсэн.
Цаашдаа МАН сөрөг хүчний байр сууриндаа түргэн шуурхай шилжиж үүсээд байгаа нөхцөлтэй эрх баригч АН-тай зөв асуудал дээр нь дэмжиж, бурууг нь засах чиглэлээр тодотгол хийж, нэлээн түргэн шуурхай ажиллана гэдэгт санал нэгдсэн.
-Намын дарга Ө.Энхтүвшин ажлаа хүлээлгэж өгөхөө мэдэгдсэн, Тэгэхээр дараагийн намын дарга хэн байх вэ?
-Ер нь намын дарга ямар хүн байхыг нэр цохож ярихгүй “Шинэчилье” нэгдсэн хөдөлгөөнийхөн ямарваа нэгэн байдлаар хэн нэгэн хүний дэмжиж ажиллахгүй. Тэр бол бидний тэргүүн зарчим. Бага хурал, намын гишүүд ямар хүн тохиромжтой юм бэ гэдэгт санаа зовниж байгаа. Ер нь бидний нэн тэргүүний зарчим бол намын эв нэгдлийг сахих.
-Н.Номтойбаяр гишүүн намын дарга болно гэж яригдаад байна. Ийм яриа гарах болов. Тайлбар өгөхгүй юу?
-Намаа шинэчилье гэж явж байгаа болохоос биш ямарваа нэгэн албан тушаал горилж тэр тусмаа намын дээд удирдлага, намын дарга болох сонирхол надад байхгүй. Бид залуу хүмүүс учраас намаа шинжлэх ухааны үүднээс шинэчилье гэж байгаа юм. Тийм зүйл байхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье.