Шинэчлэгчид сэтгэл хангалуун байна
"Шинэчилье" хөдөлгөөн
2013.08.08

Шинэчлэгчид сэтгэл хангалуун байна

МАН-ын бага хурлын талаар тус намын "Шинэчилье" нэгдсэн хөдөлгөөнийхөн өчигдөр хэвлэлийн бага хурал зарлав.

Хөдөлгөөний зохицуулагч УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр нараар ахлуулсан залуучууд  намын Бага хурлаар өөрсдийн хүсэж байсан шийдвэрээ гаргуулсан гэж үзэж сэтгэл хангалуун байгаа гэлээ.

Тэдний хувьд цаашдаа намын Их хурлын төлөөлөгч сонгох асуудалд нэлээд анхаарал тавьж ажиллах бөгөөд 21 аймагт 21 гэр барих гэнэ. Тэдний шаардаад байсан удирдлагууд огцрох нь тодорхой болсон учир дараагийн алхмаа хийхээр анхан шатны нэгжүүдээ зорих бололтой.

Тэдний хэлж байгаагаас харахад ширүүхэн эхэлсэн хөдөлгөөн өдгөө эв нэгдлийн гэх тодотголтой болжээ.

Намын шинэчлэлийн тухай тэд ам нэгтэй байдаг ч намын даргын нэр ярих болоход дөрвөн зүгт хардаг. Намын дэргэдэх Шинэчлэлийн хороо, Зүүний хүчний холбоо, НАМЗХ, НАМОХ гэсэн дөрвөн байгууллагаас нэгдсэн эдгээр залуус Удирдах зөвлөлдөө удаа дараа бичиг цаас өгсний хүчинд болж өнгөрсөн VIII Бага хуралдаа 50 төлөөлөл оролцуулсан.

Тэдний дараагийн зорилго нь XXVII Их хуралдаа төлөөлөл сайтай оролцох юм.