Ж.Энхбаяр: Ө.Энхтүвшин дарга нэгэнт хүчээ авчихсан уналтын үед босч амжсангүй, газардчихлаа
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр
2013.08.06

Ж.Энхбаяр: Ө.Энхтүвшин дарга нэгэнт хүчээ авчихсан уналтын үед босч амжсангүй, газардчихлаа

МАН-ын Бага хурал өчигдөр 10:00 цагт товлогдсон ч үдээс өмнө ирц хүрээгүй гэх шалтгаанаар хуралдалгүй 15:00 цагт эхэлсэн. Завсарлагааны үеэр нь УИХ ын гишүүн Ж.Энхбаяртай уулзаж, зарим асуултад хариулт авснаа хүргэе.

-Ээлжит бус Бага хурлыг зарлаж байгаа нь шинэчлэлтэй холбоотой гэж ойлгож болох уу?

-Намын Их хурлуудын завсарт эрх барих дээд байгууллага нь Бага хурал байдаг. Тиймээс улстөрийн сонгуулиудын мөчлөг өнгөрсний дараа үр дүнг хэлэлцэхийн тулд намууд хуралддаг. Үүний дагуу л хуралдаж байна.

Өнөөдрийн /өчигдрийн/ Бага хурлын үндсэн үүрэг нь Их хурлыг зарлаж, товыг тогтоох юм. Үүний дараа Их хурлаа хийхийн тулд анхан шатны байгууллагуудаас төлөөлөгчид нь ирнэ, санаа, оноогоо дүгнэнэ.

Улстөрийн намын хувьд Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, нийгэмд үүсээд буй нөхцөл байдал, намын гишүүнчлэл, ирээдүйн бодлогоо гаргана, танилцуулна.

-Энэ удаагийн хурлаар МАН-ыг шинэчлэх, намын удирдлагуудыг огцруулах ёстой гэдэг асуудлыг нэлээд хурцаар дэвшүүлж байгаа. Үүнд та ямар байр суурьтай байгаа вэ?

-Шинэчлэл гэдэг хүн солих асуудал биш. Улстөрийн сонгууль болсон, үр дүн гарсан. Үүний дагуу нам Бага хурлаа зарлаж байгаа. Их хурлаа хийхэд анхан шатны гишүүд ирнэ гэдгийг хэллээ. Тэд ирж оролцох нь ардчиллын мөн чанар.

-Гэхдээ үдээс өмнө ирц хүрээгүй гэдэг шалтгаанаар хуралдаагүй. Үүнийг намын удирдлагуудын хийж буй үйлдэл гэж таамаглаж байгаа нь нууц биш?

-Үгүй л дээ. Бид чинь их сайхан ард түмэн шүү дээ. Наадаж дуусаагүй байна. Гэхдээ хамгийн их санаа зовох зүйл бол Монгол Улсын өнөөгийн эдийн засгийн байдал.

МАН-ын бага хурал

Болдог бол Их хурлыг яаралтай товлох, Улсын төсөвт тодотгол хийх хэрэгтэй. Валютын нөөцийн хомсдолд орох нь энэ мэт эдийн засгийн байдал ноцтой болоод байна.

Намын бага хурал, зөвхөн дарга цэргээ солихоос илүүтэйгээр Монгол Улсын нийгэм, эдийн засагт үнэлгээ өгч дүгнэх хэрэгтэй байна.

Эдийн засаг ноцтой байгаа нь намын даргын асуудлаас муу мэдээ. Яагаад гэхээр Монгол Улс өөрийгөө тээгээд аваад явах чадваргүй, зөвхөн зээлээр амь торгоож байна.

Энэ байдлаа хадгалж үлдэхийн тулд дахин зээл авах болно. Засгийн газар дахин өндөр хүүтэй зээл авахаар зэхэж байгаа. Тиймээс МАН-ын Бага хурлаар дарга солихоос илүү улс орны өнөөгийн байдалд дүгнэлт өгөх учиртай.

-МАН шинэчлэгдэх ёстой гэдэг дээр та ямар байр суурьтай байна. Шинэчлэгчдийг дэмжиж байгаа юу?

-Шинэчлэл гэдэг бол тасралтгүй үйл явц. Энэ жамаараа л явж байна. МАН ч шинэчлэгдэнэ гэж бодож байна. Нийгэмд буй эерэг зүйлийг дэмжээд л явж байна. Би 1996 оны намын гишүүн.

Тэр үед бид энэ байтугай хүнд байдалд орж байсан. Нам ялагдчихсан, түүхийн тавцангаас арчина, өмчийг нь хураана. гэх мэтийн асуудлууд тулгарч байлаа. Тийм үеийг даваад гарсан.

Харин өнөөдөр улстөрийн нэлээд томоохон байр суурьтай гэдгийг өнгөрсөн сонгуулиудаар ард түмэн 50 хувийн дэмжлэг үзүүлснээр харагдлаа. Гэхдээ нам өнөөдөр нөхцөл байдлыг зөв үнэлээд түүнийгээ ард түмэндээ зөв илэрхийлээд, манлайллаа үргэлжлүүлээд явах ёстой.

-МАН-ын шинэчлэгчид удирдлагыг солихоос илүүг хийж чадахгүй гэсэн байр суурьтай хүмүүс бас байна. МАН-ын бодлого шинэчлэгдэж чадах уу?

-Их хурал бодлого гаргадаг. Улс орны хэмжээний бодлого, намын дотоод бодлого, бүтэц, зохион байгуулалтаа гаргадаг. Харин бодлогыг дараа нь хэн гэдэг, ямар баг авч явах гэдэг хамгийн сүүлчийн асуудал.

Эхлээд бид бодлогоо, өөрчлөлт, дүгнэлтээ гаргаад ямар баг авч явах вэ гэдгээ шийдвэрлэнэ. Түүнээс өнөөдөр хэн нэгэнд тааруулж бодлого гаргахгүй.

-Их хурлын үр дүн, бодлого, зохион байгуулалтыг аваад явах баг МАН-д байгаа юу?

-МАН их давуу талтай. Бүх шатны сонгуульд ахмад үе, залуу үе сонгогдоод явдаг. Намын Бага хурлын гишүүн болохын тулд, УИХ-ын сонгуульд дэвшихийн тулд мөнгө төлдөггүй. Дотоод өрсөлдөөнөөр гаргадаг.

Өнгөрсөн таван удаагийн сонгуульд ялагдсандаа дүгнэлт хийж, ард түмнийхээ итгэлийг алдсаны төлөө уучлалт гуйх ёстой.

Ахмад үе, залуу үеийн залгамж халаа, хэлхээ холбоогоо бариад улс орны хэмжээний асуудлаа шийдээд явах бүрэн боломжтой. Асуудлыг залуучууд хөндөж тавьсан. Таван удаагийн сонгуульд ялагдсан учраас МАН-ыг ямар шинэчлэл хийх вэ гэдгийг бүгд харж байгаа. Залуучууд залуусын үүргээ биелүүлсэн.

Хувь хүний хувьд хариулахад, бид өнгөрсөн таван удаагийн сонгуульд ялагдал хүлээсэн. Үүндээ дүгнэлт хийж, ард түмнээсээ итгэлийг алдсаны төлөө уучлалт гуйх ёстой. Итгэлийг алдсан ч эргэж олж авах ёстой. Үүний тулд өөрсдөө өөрчлөгдөх хэрэгтэй.

-Ө.Энхтүвшин дарга ажлаа өгнө гэсэн. Гэхдээ энэ хүн өнгөрсөн нэг жил намаа удирдсан үйл явцыг та хувь гишүүнийхээ хувьд хэрхэн үнэлж байгаа вэ?

-Ө.Энхтүвшин даргын хувьд бодлого, бололцоогоо бүрэн дүүрэн хэрэгжүүлэх боломж олдоогүй. Улстөрийн нөхцөл байдал нь ч тэгж таарсан. Системийн хямрал нүүрлэчихсэн, хошуураад уруудчихсан үед удирдлаа. Өөрийнхөө хэрээр л босгох гэж үзлээ. Нэгэнт хүчээ авчихсан уналтын үед босч амжсангүй, газардчихлаа.

-Тэгэхээр МАН газардчихсан гэсэн үг үү?

-Бид хичээсэн. Гэхдээ таван шатны сонгуульд ялагдлаа. Тиймээс ард түмнээсээ уучлал гуйх ёстой гэдгийг л дахин хэлмээр байна.