Г.Шийлэгдамба: Намын үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандах амархан
МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба
2013.07.31

Г.Шийлэгдамба: Намын үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандах амархан

МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г. Шийлэгдамбатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-МАХН-ын дарга Н.Энхбаярын өвчний учир ялаас чөлөөлөгдөх хүсэлтийг шүүх эмч нар шаардлага хангаагүй гэх дүгнэлт гаргасан гэж дуулсан. Та намын даргатайгаа өдөр болгон уулзаж байгаа гэсэн, биеийнх нь байдал ямар байна. Танай намын гишүүд, дэмжигчид ямар бодолтой байна?

-Н.Энхбаяр даргын бие, эрүүл мэнд ямар байгаа талаарх бодитой хариуг өмнө нь түүнийг үзсэн эмнэлгийн комисс, нарийн мэргэжлийн эмч нар нотолж гаргасан. Олон нийтэд тэр мэдээлэл хүрсэн. Тэгэхээр тэр үеийн байдлаас улам л доошилж байгаа.

Эмнэлгийн комиссын гаргасан оношийг шүүх эмнэлгийн шинжээч эмч нар үзэж давхар нотолсон гэж би хувьдаа үзэж байгаа. Өвчний учир ялаас чөлөөлж гаднын улсад эрчимтэй эмчилгээ хийлгэх шаардлага байгааг эмч нар нотолсон.

Тэгэхээр хуулийн хүрээнд авч үзэж, прокурор хяналт тавьж, улмаар шүүхийн шатанд асуудлыг шийдэх үйл явц дахин яригдах байх гэж бодож байна. Гагцхүү энэ асуудал яагаад эргэж буцаж, удааширч байна, тодорхой байгаа асуудалд яагаад бүрхэг байдлаар үйл ажиллагаа явуулж байна вэ гэдэгт манай намын гишүүд, дэмжигчид сэтгэл зовниж байгаа.

Өдөр болгон уулзаж байгаа хүний хувьд гадна талаас нь дүгнэж хэлэх хэцүү. Мэдээж биеийн байдал нь муу байгаа хүнийг би тухайлбал, хэвлэл, мэдээллээр яаж тодорхойлж хэлэхээ мэдэхгүй байна. Биеийн байдал нь маш муу байгаа, үүнд эргэлзэх асуудал байхгүй.

-АТГ-аас хэд хоногийн өмнө гэрт нь болон хүүгийнх нь хадмын гэрт нэгжлэг явуулсныг хэвлэлүүд Т.Билэгтийн мэдүүлэгтэй холбон ярьж, бичсээр байна. Танд бодитой ямар мэдээлэл байна?

-Хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон янзын таавар, таамаглал, хардлага, олон янзын хувилбар гарч байна. Асуудал өөрөө олон нийтийн анхаарлын төвд байгаа учраас албан бус эх сурвалжуудаас авсан мэдээлэл олон нийтэд хүрэхдээ эргэлзээ, тээнэгэлзээ төрүүлэхүйц байдлаар хүрч байх шиг байна.

Т.Билэгт

Албаны эх сурвалжаас буюу хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулж өгсөн тэр мэдээллээс харахад Т.Билэгт даргатай холбоотойгоор тусгаарласан хэргийг шалгах явцад тодорхой объектуудыг үзэж шалгах шаардлага гарсан гэсэн. Асуудалд хяналт тавьж байгаа прокурорын өгсөн мэдээлэл ийм байна.

Тэгэхээр би тийм л хэмжээнд ойлголттой байна. Харин ийм асуудал үүссэнтэй холбогдуулаад Н.Энхбаяр даргын бие, эрүүл мэнд муу байгаа үед, мөн ар гэрийнх нь хувьд, өндөр настай аав, ээж, хань, үр хүүхдийн сэтгэл санаанд ихээхэн нөлөөлөхүйц байдлаар асуудал өрнөж байгаад би сэтгэл их зовж байна.

Хэвлэл, мэдээллийн хэрэгслээр огт хамаагүй асуудлаар, тухайлбал музейн үзмэртэй холбоотой зүйлүүдийг хөндөж тавиад байгаа нь ард иргэдэд буруу ташаа ойлголт төрүүлж байна.

-Нэгжлэг явуулах үеэр Н.Энхбаярын аавын бие муудаж эмнэлэгт хүргэгдсэн гэсэн мэдээлэл гарсан. Зарим нь ийм үйл явдал болоогүй худал гэж ярьж, бичсэн?

-Хэн ч байсан ойр дотных нь нэгний бие муудсан, өвдсөн үед хүндэтгэлтэй хандах ёстой. Тэгж ойлгож, ярьж бичих нь тухайн хүний хүн чанартай л холбоотой асуудал болов уу.

Ер нь бол сэтгэл санаа, эрүүл мэндийн талаас ч тааруухан байгаа өндөр настай хүмүүсийн гэрт очиж нэгжлэг хийсэн нь үнэн. Аав нь даралт нь ихсэж, зүрх нь өвдөөд эмнэлэгт хэвтсэн нь ч бас үнэн. Залуу гэр бүлд ч гэсэн ийм асуудал энгийнээр тусахгүй нь ойлгомжтой.

Тийм болохоор хөгшчүүлийн эрүүл мэндийн асуудлыг өөр асуудалтай холбож ойлгоно уу. тусад нь ойлгоно уу энэ бол хувь хүмүүсийн өөрсдийнх нь ухамсар, төлөвшлийн хэм хэмжээнээс шалтгаалах болов уу гэж бодож байна.

-Намын даргынх нь эрүүл мэндийн асуудал ярьж байхад гишүүд нь дотроо талцан удирдлагын төвшинд ажиллаж байгаа хүмүүсээ огцруулъя, сольё гэлцэн удаа дараа хэвлэлийн бага хурал зарлан мэдэгдэл хийсэн. Ерөнхий нарийн бичгийн даргын хувьд та юу гэж тайлбарлах вэ?

-Би тодорхой хэлж байгаа. Намын дотоод амьдрал нээлттэй байдаг, аль ч намд ийм асуудал бий. Яагаад гэвэл аливаа нам гэдэг өөрөө олон үзэл санааны бүрдэл байдаг. Гагцхүү тэдгээр бодол санаа нь өөрөө улс төрийн намын эв нэгдэл, цаашид оршин тогтнох нэгдмэл ашиг сонирхлын төлөө байна уу.

Эсвэл явцуу, ядруухан эрх ашгийн төлөө байна уу гэдэг л илүү чухал юм. Сонгинохайрхан дүүргийн МАХН-ын Мянгатад асуудал бий. Тэнд болж байгаа асуудлыг шийдэж чадахгүй байгаа нь бас үнэн Үүнд бид өөрсдөдөө дүгнэлт хийх ёстой.

Тухайлбал, би Ерөнхий нарийн бичгийн даргын хувьд Сонгинохайрхан дүүрэгт болж байгаа асуудалтай холбож өөрийн үйл ажиллагааг анхаарч дүгнэх нь зүйтэй гэж үзэж байгаа. Гэхдээ намын үйл ажиллагаа гэдэг олон талтай учраас олон хүчин зүйлээс нөлөөлдөг.

-Сонгинохайрхан дүүргийн намын гишүүд ийм байр суурь илэрхийлэх болсныг юу гэж дүгнэж байна?

-Сонгинохайрхан дүүргийн нэр бүхий хүмүүсийн явуулж буй үйл ажиллагааг би намын эрх ашгийн төлөө гэхээс илүү элдэв бусармаг үйл ажиллагааны илрэл биш байгаасай гэж бодож байна. Бидэнд байгаа баримттай мэдээллээр бол манай нам доторх эв нэгдлийг алдагдуулах гэсэн, цаанаа эдийн засгийн хөшүүрэгт нөлөөлсөн ийм хүмүүсийн явуулга гэдгийг шулуухан хэлчихье.

Намд орж ирэхдээ намынхаа төлөө ажиллана, намын эрх ашгийн төлөө үүрэг хариуцлага хүлээнэ гэчихээд хэлсэн үгэндээ байх эсэх асуудлаасаа халиад харин ч намынхаа эсрэг үйл ажиллагаа явуулсан хэсэг хүн байсныг бид эгнээнээсээ гаргасан нь бас бодитой. Дахиад ийм бодол санаатай хүмүүсийн үйл ажиллагааг цааш нь нэг их гүнзгийрүүлээд байхгүйгээ бид бас мэднэ.

Тэгэхээр улс төрчид, бусад улс төрийн намууд МАХН руу ийм улс төрийн зохион байгуулалттай явуулга хийх сонирхол ч байна. Гэвч бид асуудлыг зохицуулна, ингэж удаан үргэлжлүүлэхгүй. Намын удирдлага энэ асуудалд ийм л байр суурьтай байгаа. Асуудал үүсгэж байгаа хүмүүстэй ярина, хариуцлага тооцохыг сануулна. Энэ бүхэн намын дүрэм, журмаар шийдэгдэнэ.

-Тэгвэл ойрын үед танай нам хурал хийх үү?

-Бид нарийн бичгийн дарга нарын хүрээнд цаг үеийн асуудалтай холбоотойгоор байнга уулзаж, зөвлөлдөж ажлаа явуулж байна. Гүйцэтгэх товчоо хуралдана. Түүний дараа манай намын Бага чуулган хуралдана. Болж буй үйл явдлуудад дүгнэлт хийнэ.

Тухайлбал, сонгуулийн үйл ажиллагааны тухай, намын байгууллагын ажлын үр дүнгийн талаар ярина. Намын удирдлагаас зохион байгуулсан ажлынхаа талаар хэлэлцэнэ. Хэн нэгэн хариуцлага хүлээх тухай асуудалд эргэлзээ тээнэгэлзээ байхгүй. Намын үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандах амархан.

Ажил хийж буй хүмүүсийн алдаа дутагдлыг хайх бүр ч амархан. Харин тэр бүгд нь шударга, тэгш оролцоотой байж чадсан уу гэдэг анхаарал татах асуудал. Тэгэхээр намын зохих төвшний хурлууд болдгоороо болно. Нам цаашдын ажлаа ярина, гишүүдээ идэвхжүүлэх, бэхжүүлэх чиглэлээр төлөвлөсөн ажил олон бий.

-МАХН Д.Сүхбаатарын үндэслэсэн нам гэж явж ирсэн. Сүүлд МАН болж намынхаа нэрийг солисоноо ч мөн ингэж тайлбарладаг. Тэднээс тасарч гараад намынхаа хуучин нэрийг сэргээсэн та бүхэн ч бас нэг үгээр хэлбэл сүхбаатарчууд биз дээ. Ингэж асуухын учир төв талбайн нэрийг өөрчилж байгаа талаар ямар бодолтойг сонсъё гэсэн юм?

-Маш товчхон дүгнэж хэлэхэд Монгол Улсын өнгөрсөн улс төрийн түүхэнд хүн хэлмэгдүүлдэг хар толбо байсан. Харамсалтай нь хүн хэлмэгдүүлдэг энэ хар түүх өнөөдөр ч үргэлжилж байна. Түүхийг хэлмэгдүүлдэг үйл ажиллагаа эхэлчихжээ. Түүхээ хэлмэгдүүлэх нь маш хортой, тухайн улс орны ирээдүйд ихээхэн хөнөөлтэй.

Ардчилсан хувьсгал Монгол Улсын онцгой түүхэн үйл явц, гэвч 92 жилийн түүхийг үгүйсгэж огт болохгүй. Энэ хэн нэгэн улс төрч, хувь хүнд, аль нэгэн намд хамаатай асуудал биш. Монгол Улсын өөрийнх нь туулж ирсэн түүхэн үйл явц. Монголын ирээдүйд энэ түүхэн үйл явцын үнэ цэн хэвээр хадгалагдаж үлдэх ёстой.

Ардчилсан хувьсгал Монгол Улсын онцгой түүхэн үйл явц, гэвч 92 жилийн түүхийг үгүйсгэж огт болохгүй.

Хэдийгээр бид улс орныхоо өнгөрсөн түүхийн бүх үйл явцыг үнэн бодитоор нь мэдэж чадаж байгаа юу гэвэл тийм биш. Өнгөрсөн нэг түүхээр нөгөөг нь үгүйсгэдэг ийм бодол санаа шийдвэр гаргах төвшний хүмүүст яагаад төрөх болов гэдэг нь улс төртэй холбож ойлгохоос өөр аргагүй байдалд хүргэж байгаа.

МАХН-ын нэр дэх Ардын хувьсгал гэдэг үг бол Монгол Ардын хувьсгалтай салшгүй холбоотой юм. Шулуухан хэлэхэд энэ үгийг авч хаяснаар энэ үйл ажиллагааны эхлэлийг тавьсан. Нэг нам хувьсгалт гэдэг үгнээс татгалзаж энэ түүхэн үйл явцыг үгүйсгэх эхлэлийг тавьсан бол нөгөө нам нь бүхэл бүтэн түүхийг үгүйсгэж хэлмэгдүүлж байна.

Н.Энхбаяр даргыг хэлмэгдүүлэх үйл ажиллагааг МАН эхэлсэн бол АН үргэлжлүүлж байгаа. Тэгвэл МАН- ын эхлүүлсэн ардын хувьсгалын үгүйсгэлийг өнөөдөр АН мөн үргэлжлүүлж байна гэж ойлгохоос аргагүй.

-Бас нэг асуулт байна. Магадгүй та өөр намын дотоод асуудал учраас хүндэтгэлтэй хандаж тэр талаар ярихгүй гэх байх. Гэхдээ цаашид яах учраа олохоо байсан гээд байгаа МАН тарж танай намтай нэгдэнэ гэвэл яах вэ?

-Улс төрийн түүх үргэлжлэх хугацаандаа олон зүйлийг туулдаг. Үүнийг л харуулж байна. Өмнө нь МАХН, МАН болж задарсан. Энэ байдлаар улс төрийн түүх үргэлжилж байна. Өнөөдөр хоёр намыг тусдаа улс төрийн хүчин гэдгээр нь хүлээж авах ёстой, тэгж ч байгаа. Нэгдэн нийлэх асуудал байж гэмээ нь цаг хугацаанаас хамаарна.

Монгол ардын нам

Ер нь бол үзэл баримтлал нэг үү гэвэл, тийм. Асуудалд ханддаг байр суурь нь хоёр өөр үү гэвэл бас тийм. Бид МАН-ын явуулж байгаа үйл ажиллагаанд хүндэтгэлтэй ханддаг. Гэхдээ бас шүүмжлэлтэй асуудлыг ч авч үздэг. МАН цаашаа хөгжих дэвших улс төрийн том зорилго нь ихээхэн мохсон юм болов уу гэж боддог.

Бид тэдний гаргаж буй алдааг давтахгүй юмсан гэж хичээдэг. Боловсон хүчний асуудал, үзэл баримтлалдаа тууштай байдаг эсэх, наанаа улс төр гэж ярьчихаад цаанаа хор найруулдаг байдал, улс төр, бизнесийн бүлэглэл гээд хөндлөнгөөс харахад хүнд хэцүү зүйл МАН-д байдаг нь бодитой зүйл. Манай намд ч гэсэн бэрхшээл, зовлон байгаа.

Өөрийн намын дотоодод байгаа бэрхшээл зовлонгоо шийдэх нь бидний асуудал. Бусад нам ч алдаа дутагдлаа дотооддоо дүгнэж, хамгийн гол нь Монгол Улсын нийтлэг эрх ашгийн төлөө зөв зүйтэй асуудалдаа нэгдэж чаддаг байгаасай.

Мэдээж намуудын хооронд бол улс төрийн өрсөлдөөн байж л таарна шүү дээ. Хамгийн гол нь аль ч нам нь байсан Монгол эх орны газар шороонд Монгол хүн үе удмаараа амьдарна гэдгийг л хоорондын сөргөлдөөн, янз бүрийн юмтайгаа хольж хутгаж ойлгохгүй байгаасай гэж хэлэх байна.

-Магадгүй МАН-ын гишүүдийн зарим нь танай намд оръё гэвэл яах вэ?

-Энэ нам дотор олон ургальч үзэл бий гэдэгт би огтхонч эргэлзэхгүй байна. МАН олигархжсан гэдэг юм уу, зөвхөн тодорхой төвшний хүмүүст үйлчлэх байдлаар энэ намыг цаашид авч явна гэвэл түүнээс татгалзах хүмүүс бий байх. Гэхдээ нэг нам дотроо задрах нь сайн зүйл гэж би хэлж чадахгүй.

Мөн нэг нам задарвал бидэнд сайн зүйл, ашигтай гэж асуудалд хандахгүй байна. Гэвч МАН-ын цаашдын ирээдүйн талаар надад тийм ч өөдрөг зүйл бодогдохгүй байгаа. Үүнээс илүү асуудлыг МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хувьд хэлэх, өөрийн бодлыг дэлгэрүүлж ярих нь зохимжгүй болов уу.