Г.Шийлэгдамба: МАХН-ыг энэ засагт ажиллуулахгүй байх талд нь өдөөн турхирдаг улстөрчид бий
МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбатай ярилцлаа.
-МАХН сайд нараа татаж, Засгийн газраас гарна гэж өнгөрсөн долоо хоногт нэлээд яригдлаа. Магадгүй энэ нь Н.Энхбаярын суллах гэсэн дохио, сануулга юм болов уу?
-МАХН-ын Гүйцэтгэх товчоо хуралдаад, аливаа нэгэн асуудал болох сайд нараа татах, улмаар Засгийн газраас гарах талаар албан ёсоор ярилцаж, шийдвэр гаргаагүй. Нөхцөл байдал юунаас улбаалж мэдээлэл гарах болов гэдгийг ажиглаж, судалж байна.
Энэ Засгийн газрыг тогтвортой, үйл ажиллагаагаа илүү урагштай явуулаасай гэж хамтарсан Засгийн засгийн газарт ажиллаж байгаа улс төрийн хүчний хувьд МАХН-ын удирдлага нэгдмэл байр суурьтай байгаа.
-МАХН-ын зүгээс Засгийн газарт, тэр дундаа намынхаа сайд нарт шүүмжлэлтэй хандах нь бий гэдэг шүү дээ?
-Гэхдээ аливаа асуудалд шүүмжлэлтэй хандах, сайд нарынхаа явуулж байгаа болон Засгийн газрын үйл ажиллагаа, тэр тусмаа улс төрийн шинжтэй нөхцөл байдалд санал бодлоо илэрхийлэх нь аль улс төрийн хүчинд нээлттэй байдаг.
МАХН-ыг засгаас гарна гэдэг зүйлийг сайд нар руу чиглүүлж байгаа нь маш зохимжгүй асуудал.
Манай намын болон Гүйцэтгэх товчооны зарим гишүүний хувьд Засгийн газрын улс төрийн шинж чанартай зүйлд шүүмжлэлтэй ханддаг. Энэ талаар Засгийн газарт ажиллаж байгаа гишүүдэд санал, шүүмжлэл хэлэх асуудал байдаг. Гэхдээ энэ нь Засгийн газрын нөхцөл байдалтай холбогдож, албан ёсоор яригдах ийм нөхцөлд хүрч байгаагүй гэдгийг хэлмээр байна.
Тэгэхээр МАХН-ыг засгаас гарна гэдэг зүйлийг сайд нар руу чиглүүлж байгаа нь маш зохимжгүй асуудал. Ер нь МАХН-ыг энэ засагт ажиллуулахгүй байх талд нь өдөөн турхирдаг, ийм байдлаас нь нийгмийн сэтгэл зүйг бэлтгэхийг санаархдаг улстөрчид байгаа. Энэ нь МАН, АН, өөр бусад улс төрийн хүчин дотор ч байдаг.
Гэхдээ хэн нэгэнд бодол санаа байлаа гэхээр тэдний бодсоноор асуудал шийдэгдэхгүй. Монголын ард түмэнд тогтвортой төр засаг, хариуцлагатай улс төрийн хүчин чухал. Манай нам ард олныхоо нийтлэг эрх ашгийн төлөө ажиллах ухамсарт ойлголтоо хэрэгжүүлсээр байгаа.
-МАХН-ыг Засгийн газраас гарна гэдэг нь Н.Энхбаяртай холбоотой юу?
-МАХН-ын дарга Н.Энхбаяртай холбож, энэ асуудлыг тайлбарлах хандлага байна. Тухайлбал, Н.Энхбаяр даргыг чөлөөлөх тухай асуудал шийдэгдэхгүй байгаа учраас МАХН-ын ийм шийдвэрт хүрэх гэж байна. Н.Энхбаяр дарга өөрөө эмнэлгээс захиалж, зохион байгуулах үйл явц хийж байна гэх мэтчилэн хардлага таамаг байх шиг байгаа юм.
МАХН-ын дарга Н.Энхбаяр
Бодит байдал дээр ийм асуудал огт байхгүй. Ер нь Н.Энхбаяр даргын биеийн байдал ноцтой хүндэрсэнтэй холбогдуулаад ялаас чөлөөлж эмчлүүлэх үйл ажиллагаа зохих үйл ажиллагааны хүрээнд явагдаж байгаа. Өөрөөр хэлбэл биеийн байдлаас шалтгаалж ялаас чөлөөлдөг оношин дотор Н.Энхбаяр даргын биеийн байдалтай холбоотой хэд, хэдэн нөхцөл багтсан.
Үүний дагуу эмч нарын дүгнэлт гараад үүн дээр нь Шүүх эмнэлгийн тусгай эмч нар гарч үүнийг нь давхар шалгаад бодитой байна гэж тогтоосон. Одоо хуулийн хүрээнд шүүх, прокурорын байгууллага хяналт тавиад асуудлыг шийдэх ёстой.
-Өнгөрсөн долоо хоногт Н.Энхбаяр даргатай холбоотой тодорхой шийд гарчих болов уу гэтэл бас л удаашралтай байна. Та үүнийг юу гэж харж байна вэ?
-Шүүх, хяналтын байгууллага удаашруулдгаараа л удаашруулж байна. Өнгөрсөн долоо хоногт багтаж тодорхой шийдвэр гарах болов уу гэж найдаж байсан. Ер нь удаашруулах чиг хандлага байсаар байгаа. Гэхдээ нэгэнт хууль, хяналтын байгууллага судалж, хянаж байгаа учир хөндлөнгөөс үнэлэлт дүгнэлт нь өгөх нь зохимжгүй.
Гэхдээ цаана нь хүний эрүүл мэнд, амь настай нь холбоотой асуудал нэгэнт тавигдсан учир тодорхой хариуцлагатай түвшний хүмүүс цаг алдаж алгуурлахгүй, хурдан шийдэж үзэх ёстой гэж үзэж байгаа.
-Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуульд МАХН-аас нэр дэвшигч иргэдийн 10 хүрэхгүй хувийн саналыг авсан. Намын зүгээс үүнийг юу гэж дүгнэсэн бэ?
-Би хувьдаа бодохдоо үр дүнг нь хоёр байдлаар дүгнэж үзэх нь зүйтэй гэж үздэг. Нэг нь шууд үр дүн буюу сонгуульд үзүүлсэн нөхцөл байдал, хувь хэмжээ байгаа юм. Нөгөө нэг талын ойлголт нь арай өөр. Тухайн сонгуульд оролцсон байдлаар цаашид хүрэх ямар дүн, нөхцөл байдлыг улс төр, нийгмийн хүрээнд бий болгосон бэ гэдэг.
Монголын ард түмэнд тогтвортой төр засаг, хариуцлагатай улс төрийн хүчин чухал.
Өөрөөр хэлбэл МАХН энэ удаагийн сонгуульд бие даан оролцсон явдал нь улс төрийн бусад намын хувьд гуравдагч хүчнийхээ чиг үүргийг биелүүлсэн, хариуцлагатай оролцсон явдал болсон. Манай намыг нэр дэвшүүлэхгүй байх олон асуудал хийгдсэн. Бид бусад намтай хамтрах уу, эсвэл бие даах уу гэдэг дээр ажлын хэсэг гаргасан.
Гэвч эцсийн байдлаар аль ч улс төрийн намуудтай харилцан, тохиролцсон байдлаар хүрч чадаагүй учир дангаараа нэр дэвшсэн. Энэ нь өөрөө манай намын хувьд маш чухал шийдвэр байсан. Нөгөөтэйгүүр эмэгтэй нэр дэвшигчийг гаргасан нь эргэлзээ төрүүлж байсан ч нөгөө талдаа улс төрийн шийдвэр байсан.
Энэ нь МАХН-ын өөрийн үзүүлж байгаа нөлөө гэдэг талаас харахын бол амжилттай оролцсон гэж болохуйц. Бид ирэх сард намынхаа Бага чуулганыг хуралдуулж, Ерөнхийлөгчийн сонгуульд оролцсон нөхцөл байдлын талаар ярилцана.
-Улс төрийн намуудтай тохиролцож чадаагүй нь нам ялагдах хэмжээнд хүрсэн гэж хэлж болох уу?
-Бид аль ч намтай хэд хэдэн асуудлыг ойлголцох ёстой гэж үзэж байсан. Улс төрийн намуудтай Ерөнхийлөгчийн сонгуулиар хамтрах биш цаашлаад улс орны эрх ашигт нийцсэн асуудлыг шийдье.
Үүнийгээ багцаар авч үзье гэсэн. Гэвч нөгөө намууд ганцхан Ерөнхийлөгчийн сонгуулиар хамтарч ажиллах сонирхолтой байсан. Гол зарчмын зөрүү энд л байсан юм.