З.Баянсэлэнгэ: АТГ-аас гэрт нь нэгжлэг хийсэн талаар Н.Энхбаяр даргад хэлээгүй, нууцалж байгаа
УИХ-ын гишүүн, НББСШУ-ны байнгын хорооны дарга З.Баянсэлэнгэ
2013.07.23

З.Баянсэлэнгэ: АТГ-аас гэрт нь нэгжлэг хийсэн талаар Н.Энхбаяр даргад хэлээгүй, нууцалж байгаа

Өнгөрсөн долоо хоногт экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын гэрт АТГ-аас нэгжлэг хийсэн. Тус газраас ямар учраас нэгжлэг хийсэн талаар мэдээлэл өгөөгүй байгаа билээ. Энэ талаар болон цаг үеийн бусад асуудлаар УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэтэй ярилцлаа.

-Н.Энхбаяр даргын биеийн байдал нэлээд муудсан талаар эх сурвалжууд мэдээлж байна. Биеийн байдал ямар байгаа вэ?

-Н.Энхбаяр даргын биеийн байдал ерөөсөө дээрдээгүй. Улам л дордож байгаа. Манайд даргын биеийг эмчлэх, даргын биеийн байдалд гараад байгаа өөрчлөлтүүдийг оношлох тоног төхөөрөмж оношилгооны аппаратууд байхгүй.

Одоогоор шинж тэмдгийн эмчилгээ л хийж байгаа. Дарга нойргүйдлийн шинж тэмдэг илэрсэн, ямар ч хоолны дуршилгүй болсон учраас биеийн жингээ өдөр ирэх тусам биеийн жингээ алдаж байсан.

-Өнгөрсөн долоо хоногт Н.Энхбаяр даргын гэрт нэгжлэг хийсэн. Энэ тухай Н.Энхбаяр дарга мэдсэн үү?

-Гэрт нь үзлэг, нэгжлэг хийсэн талаар Н.Энхбаяр дарга мэдсэн эсэхийг бид мэдэхгүй байна. Бид аль болох нууцалж байгаа. Тухайн хүнийг сэтгэл санааны дарамтад орчихвий гэсэн үүднээс одоогоор нууцалсан байдалтай байгаа.

-Гэрт нь нэгжлэг хийсний дараа аавынх нь биеийн байдал муудаж эмнэлэгт хүргэгдсэн тухай мэдээлэл гарч байсан. Энэ талаар танд ямар нэг мэдээлэл байна уу?

-Намбар гуайн хувьд сэтгэл санааны дарамттай байгаа. Мэдээж хүү нь хилс хэрэгт холбогдоод, гэр оронд нь үзлэг нэгжлэг хийхээр өндөр настай хүн дор хаяж л даралт нь хэлбэлзэнэ биз дээ.

-АТГ-аас Н.Энхбаярын гэрт ямар учраас нэгжлэг хийсэн талаар асууж тодруулсан уу?

-АТГ-аас асууж тодруулсан юм алга. Ямар үндэслэлээр, хэний зөвшөөрлөөр нэгжлэг хийсэн талаар мэдээлэл алга.  Нэгэнт шүүхийн шийдвэр гараад хэрэг нэг тийшээ шийдэгдсэн энэ үед АТГ-аас намын даргын ар гэрийнхэн, хамаатан саданг тайван байлгахгүй байгаад харамсаж байна.

-Т.Билэгтийн мэдүүлгээс болж Н.Энхбаярын гэрт нэгжлэг хийсэн тухай эх сурвалжууд мэдээлэх боллоо. Үүн дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Хүмүүс янз бүрээр хардаж тайлбарлаж байна. Миний бодлоор бүх юмны гогцоо тайлагдах сэжүүр гарав уу гэж бодож байна. Хүмүүс Т.Билэгт даргатай холбож тайлбарлаад байгаа. Т.Билэгт гэдэг хүн бол тухайн үед нийслэлийн ИТХ-ын дарга байсан.

Даргатай холбоотой өмч хувьчлалын асуудал бүгд л нийслэлийн ИТХ дээр олонхиороо шийдвэрлэгдсэн асуудал. Тэгэхээр эцсийн дүндээ Т.Билэгт дарга ирнэ гэдэг нь өөрөө бүх зүйлийн зангилаа тайлагдаж, дан сургаар хэрэгт холбогдуулж байсан даргын хэрэг цагаадах болов уу гэсэн байр суурьтай байна.

-Т.Билэгтийн өгсөн мэдүүлгийн дагуу Н.Энхбаярыг цагаатгах биш харин ч ялыг нэмэгдүүлэх талаар зарим хэвлэлүүд бичиж байна л даа?

-Хэвлэлүүд ч гэсэн юмыг үнэн зөвөөр нь мэдээлж байгаасай гэж хүсч байна. Өнөөдөр намын нөхөд, гэр бүлийнхэн нь мэдээгүй байхад Н.Энхбаяр суллагдана гэх мэдээлэл цацагдаж байсан.

Хэт их улстөрчдийн хараанд орчихоор хэвлэл мэдээллийн үнэн бодит  байдал алдагдаж, зарим хүмүүсийн зовлон дээр шоудсан, ард иргэдийг төөрөгдүүлсэн зүйл болж хувираад байна.

Магадланг хүлээнэ гэдэг нь аажмаар үхэл рүү нь явуулж л байгаа хэрэг.

Нарийн зүйлийг би мэдэхгүй байна. Тэгэхээр удаа дараа нэг хүн дээр олон дахин хэлмэгдүүлэлт явахгүй байх гэж найдаж байна. Төр түмэн нь харж байгаа. Энэ бүхний гогцоо, ээдрээ тайлагдаад дарга маань суллагдаж цагаадах байх.

Даргад үүсгэсэн хэрэг бол дандаа гүйцэтгэх ажлын шугамаар, утсаар дам яриагаар үүсгэгдсэн нотлох баримтад суурилсан болохоор бодитой хүн ирэхээр асуудал шийдэгдэх байх гэсэн байр суурьтай байна.

-Н.Энхбаяр даргыг магадлангаар суллах талаар яригдаж байгаа юу?

-Даргыг баригдаж хоригдсоноос хойш нэлээд цаг хугацаа өнгөрлөө. Хүмүүс магадлан гэж яриад байгаа юм. Магадлан бол эрүүл мэндийн ялын гуравны хоёрыг эдэлсэн тохиолдолд яригддаг шүү дээ. Тэгэхээр магадланг хүлээж суух цаг хугацаа биш шүү дээ.

Хүний эрүүл мэнд бол хоног өдрөөр биш цаг минутаар хэмжигддэг. Магадлангийн хувьд би хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Магадланг хүлээнэ гэдэг нь аажмаар үхэл рүү нь явуулж л байгаа хэрэг.