Ж.Сүхбаатар: Манай намд бүтцийн өөрчлөлт илүү чухал
МАН-ын нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатараас цөөн асуултад хариулт авлаа.
-МАН-ынхан Бага хурлаа товлох гэж нэлээд удлаа. Хэчнээн ч удаа хойшлов. Эцэст нь “Шинэчилье” хөдөлгөөнөөс шаардсан болохоор л Бага хурлын товыг зарласан гэсэн зүйл яригдаж байна?
-УИХ-ын сонгуулийн дараа гарч ирсэн удирдлагууд бол сонгуулийн тусгай үүргийг биелүүлэгчид байлаа. Ингэж ажилласан гэхдээ санасан хэмжээнд хүрээгүй.
Өмнөх УИХ-ын сонгуулийн дүнг орон нутагтай харьцуулахад, бүх нэр дэвшигчид дэвшсэн ч гэсэн 30 гаруй хувийн санал авсанаа 40 болгож нэмэгдүүлсэн. Иймэрхүү байдлаар дотор нь задалж ярих зүйл их бий.
Түүнчлэн МАН-ын дүрэмд зааснаар хоёроос дөрвөн жилийн хугацаанд нэгээс доошгүй удаа Их хурлыг зарлан хуралдуулах ёстой. Намын Их хурал гурван жил орчим хугацаанд явагдаагүй байсан. Тэгэхээр Их хурлыг хуралдуулах нь зүйтэй гэж үзэж байгаа.
МАН
Хамгийн чухал нь Их хурлын тов хэзээ байх вэ гэдэг зүйл яригдаж байгаа юм. Тиймээс намын дүрэмд зааснаар Их хурлаа хугацаанд нь явуулах ёстой. Түүнчлэн Их хурал болохоос 45 хоногийн өмнө Бага хурал хуралдсан байх ёстой учраас маргааш /өнөөдөр/ гэж зарлаж байгаа юм.
-Бага хурлаар ямар, ямар асуудлыг хэлэлцэх вэ?
-Бага хурлаар намын Их хурлын тов, төлөөлөгчийн тоо сонгох журам, намын даргын улс төрийн илтгэл болон бусад асуудлууд яригдана. Мөн МАН дотооддоо зөрчил хямралтай байна уу. Үүнийгээ хэрхэн өөрчилж, үүссэн нөхцөл байдалд хүчин чадлаа бэхжүүлж, хэр дасан зохицож чадах вэ гэдэг зүйл яригдаж байгаа.
Тиймээс МАН-ын Бага хурал ямар болох вэ гэсэн олон нийтийн хүлээлт бий. Мөн МАН олон жилийн түүхтэй учир шинэчлэл ярих цаг нь болсон. Харин бусад намуудын тухайд шинэчлэгдэх бус шинээр байгуулагдан бий болж байгаа учраас хэрхэн хэлбэр галбир, дүр төрхөө олж төлөвших вэ гэдэг зүйл яригдана.
-Танай нам сүүлийн хоёр жилд ялагдал, шинэчлэлийн талаар их ярьж байгаа. Зөвхөн удирдлагаа өөрчилснөө шинэчлэл гэж байна гэсэн шүүмжлэл ч гарч байсан. Энэ талаар тодруулаач?
-Шинэчлэл гэхээр онол арга зүйн талаас ярих болно. Түүнчлэн аливаа улс оронд байдаг л зүйл. Энэ ганцхан Монголд яригдаад байгаа зүйл биш шүү дээ. Шинэчлэл гэхээсээ илүүтэй шинэтгэл хэмээн ярих нь чухал.
Харин шинэтгэлийнхээ хувьд манай нам бүрэн гүйцэд орж, татагдаад явж чадахгүй байгаа. МАН удирдлагынхаа дээд төвшний хүрээнд намын дарга, цэргээ сольсноор бусад намаас илүү байсан.
Сонгуулийн үр дүнгээр аваад үзвэл энэ 20 жилийн хугацаанд бид гурван удаа ялсан байгаа юм. Тиймээс манай намын шинэтгэл үр дүнгээ өгөөгүй биш өгсөн.
Түүнчлэн нэлээд том ялагдлын дараа үүсээд байгаа гол асуудал нь удирдлагын солилцооны төвшинд яригдах зүйл биш юм байна. Ерөөсөө МАН -ын зохион байгуулалт юм байна. Гишүүддээ анхдагч эрх мэдэл болон тэд шийдвэрээ илүү гаргадаг нам болох нь чухал байна. Манай намд бүтцийн өөрчлөлт илүү чухал.
-Танай намын залуус одоогийн удирдлагуудаа огцруулах саналыг гаргаад байгаа шүү дээ. Үндэслэл нь хэд хэдэн удаагийн сонгуульд ялагдал хүлээсэн гэх зүйл ярьдаг?
-Намын дүрэмд УИХ-д цөөнх болох юм бол намын удирдах зөвлөл, намын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга огцрох хүсэлтээ гаргана. Харин орон нутгийн сонгуульд цөөнх болох юм бол тухайн орон нутгийн намын удирдлага огцрох хүсэлтээ гаргах заалттай шүү дээ. Гэтэл Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгээр дүрмийн хариуцлага хүлээлгэхээр намын дүрэмд тусгагдаагүй.