УИХ-ын гишүүн С.Бямбацогт
2013.08.13

Ээлжит бус чуулганыг энэ сард хуралдуулахыг МАН шаардлаа

УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр ээлжит бусаар хуралдаж, улс оронд үүсээд буй нөхцөл байдлын талаар ярилцжээ. Энэ талаар Бүлгийн дэд ахлагч С.Бямбацогт мэдээлэл хийсэн юм.

Тэрбээр “Төгрөгийн ханш суларч, гадаад валютынх чангарч байна. Өмнөх оны энэ үед талх 650 төгрөг байсан бол одоо 810 төгрөг, үхрийн нэг кг мах 8800 байсан бол 10500, доллар 1360-1580, шатахуун 1570-1620 төгрөг болж нэмэгдсэн байна.

Төсвийн хүлээгдэж буй гүйцэтгэлээр алдагдал нэг их наяд төгрөгт хүрэх нь. Нийгэм, эдийн засгийн байдал ингэж хүндэрч байхад эрх баригчид бурууг өмнөх Засгийн газар руу чихэж, сайныг нь өөрсдөдөө нааж байгаа.

Үнэхээр буруу байсан юм бол өнгөрсөн нэг жилд шинэчлэлийн Засгийн газар түүнийг засаж, залруулах ёстой байсан шүү дээ. Бас өмнөх Засгийн газарт АН-ынхан ч ажиллаж байсан. Тиймээс тэд бурууг бусдаас хайхын оронд хариуцлагаа хүлээж, эрхээ эдэлж ажиллах ёстой.

Тэд бурууг бусдаас хайхын оронд хариуцлагаа хүлээж, эрхээ эдэлж ажиллах ёстой.

Өмнөх Засгийн газрын үед мал 50 саяд хүрч, 400.000 тонн улаан буудай хурааж, 30 сая тонн нүүрс экспортолж, эдийн засгийн өсөлт 12.7 хувьд хүрсэн. Ийм нөхцөл байдлыг бид шинэ Засгийн газарт хүлээлгэж өгсөн.

Одоо үүсээд буй нийгэм, эдийн засгийн хүндрэлийг давах бодлого, төлөвлөгөө боловсруулах, хууль эрх зүйн орчин бүрдүүлэх шаардлагатай.

Тиймээс УИХ дахь МАН-ын бүлгээс ээлжит бус чуулган хуралдуулах, хариуцсан албан тушаалтанд нь хариуцлага тооцох шаардлагыг хүргүүлэхээр боллоо. Ээлжит бус чуулганыг энэ сардаа багтаан хуралдуулах хэрэгтэй” гэлээ.