НӨАТ-ын асуудлыг авч хэлэлцлээ
Өнгөрсөн долоо хоногт Сангийн сайдын зөвлөлийн хуралдаан болж борлуулалтын татвар ба нэмэгдсэн өртгийн албан татварын харьцуулсан судалгааны талаар авч хэлэлцлээ. Манай улс НӨАТ-ыг нэвтрүүлээд 13 жил болж байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд уул уурхайн эрчимтэй хөгжил, эскпортын бараа бүтээгдэхүүний өсөн нэмэгдэлттэй холбогдуулж НӨАТ-ын буцаан олголттой холбоотой асуудал шүүмжлэл дагуулж энэ хуулийг хүчингүй болгох тухай санал гарах болсон. Энэ чиг хандлага нь НӨАТ-ыг буцаан олголтгүй шууд бус татварын бусад хувилбараар орлуулах санаачлагад хүргэж болох юм. Иймд өнөөгийн мөрдөгдөж байгаа НӨАТ болон шууд бус татварын хамгийн нийтлэг хувилбар болох борлуулалтын татварын харьцуулсан судалгааг Сангийн сайдын зөвлөлийн хурлаар авч хэлэлцсэн байна.
2010 оны жилийн эцэст 14358 НӨАТ төлөгч бүртгэлтэй байгаа нь бүртгэгдвэл зохих хуулийн этгээдийн 23,7 хувь, ААНОАТ-ын тайлан тушаасан аж ахуйн нэгжүүдийн 25,9 хувь нь НӨАТ төлөгч байна. Үлдсэн нь үйл ажиллагаа явуулдаггүй, 10 саяаас доош борлуулалттай эсхүл НӨАТ-аас чөлөөлөгдөх үйл ажиллагаа явуулдаг байна. Энэхүү цөөн тооны НӨАТ төлөгчөөр дамжуулан нийт борлуулалтын 82 хувийг НӨАТ-т хамруулдаг байна. Харин борлуулалтын татвар нь хувь хэмжээ бага байдаг хэдий ч үйлдвэрлэл худалдааны үе шат, дамжих бүрт татвар ноогдуулдагаас “татварын давхардал”, үйлчилгээний хүндрэл үүсгэдэг. Энэ нь НӨАТ-тай харьцуулахад үр ашиг муутай бөгөөд эргээд НӨАТ төлөгчийн тооноос 6-7 дахин багасах магадлалтай гэдгийг зөвлөлийн гишүүд онцолж байлаа.
Хуралдаанаар татварын буцаан олголтын хувь хэмжээ өндөр байна гэсэн шүүмжлэл их гарч байгаатай холбогдуулан энэ хуулийг хэрэгжүүлдэг 156 орны хуулийг харах, тэдний туршлагаас судлах, хөнгөлөлтийн хуулиар хэдэн бараа, үйлчилгээ байгааг тус бүрд нь судалгаа гаргах, уул уурхайн хувьд НӨАТ-аас гадна бусад татварын дарамтын харьцуулсан судалгаа, буцаан олголтын талаарх нарийвчилсан судалгааг гаргаж дахин оруулж ирэхийг Сангийн сайд С.Баярцогт үүрэг болголоо.