Улаанбаатар хот баяр наадмын үед цэвэр цэмцгэр байх учиртайг анхаарууллаа
2011.06.23

Улаанбаатар хот баяр наадмын үед цэвэр цэмцгэр байх учиртайг анхаарууллаа

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны өргөтгөсөн хурал өнөөдөр боллоо. Хурлаар нийт 12 асуудлыг комиссын гишүүд хэлэлцэж байна. Баяр наадмын худалдаа үйлчилгээний салбар хорооны дарга Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ч. Бат бэлтгэл ажлын талаар танилцууллаа. 


Олон ой давхцсан түүхэн баяртай холбоотойгоор хотод 14 гудамж талбайд тохижилтын ажил хийгдэж байна. Томоохноос дурьдвал Баянгол дүүрэгт Магсаржавын гудамжны тохижилт,  Чингэлтэйд Явуухулангийн цэцэрлэгт хүрээлэн, Хан-Уул дүүрэгт Төв цэнгэлдэхийн орчимд Тусгаар тогтнолын өндөрлөгийг наадмаас өмнө ашиглалтанд оруулна гэв.  Хотын төвд 40, 50 мянгатын явган хүний замыг шинэчлэхийн дээр Төв цэнгэлдэхийн гадаахь фасадыг шинэчлэх гээд тохижилтын ажлаас танилцуулав. Авто замын ажлын тухайд 45 төсөл бүхий ажил төлөвлөснөөс наадмын өмнө 13,7 км авто замыг засварлаж дуусгахаар товложээ.  Наадмаас өмнө 22-ийн товчооны өргөтгөлийн ажил дуусаж амжихгүйгээс шалтгаалан уг хэсэг дээр автомашины бөглөрөл үүсэж магадгүй тул шинэ зам гаргах асуудлыг тэрбээр хөндлөө.  Энэ жил Төв цэнгэлдэхийн гадаа зөвхөн хүнс эрхлэх зөвшөөрөл олгох болсныг мэдээллээ. Өмнөх жилүүдэд худалдааны зөвшөөрлийг дагаад бараан зах бий болдог байсан.

Харин энэ жил зөвхөн аж ахуйн нэгжид хуушуур, хүнсний үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгоно гэлээ.  Аж ахуйн нэгжид зөвшөөрөл өгснөөр баталгаагүй, хүнсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх худалдаа үйлчилгээ гарахгүй байх. Дараа нь арга хэмжээ авахад ч буух эзэн буцах хаягтай болохыг хэлэв.  Энэ жил 1024 бөх барилдах учраас бөхийн барилдаан оройтож болзошгүй. Ийм болохоор Төв цэнгэлдэхийн долоон прожукторыг бүгдийг нь ажиллуулах тухай ярьлаа.  Худалдаа үйлчилгээний талаархи энэхүү мэдээллийн дараа хурдан морины салбар хорооны дарга С. Баасанхүү морин уралдааны шинэ журмын талаар танилцууллаа. Энэ жил 6 насны морьдоос гадна 13 ны өдөр эрлийз  морины уралдаан зохион байгуулна. 13 ны өдөр буюу уяачдын баярын өдөр 3 насны эрлийз морь уралдах юм байна. 

Монгол адууны цусыг шинэчилж буй уяачдын хөдөлмөрийг үнэлж, айргийн тавд орж ирсэн адуунд  улсын баяр наадамд үзүүлсэн амжилтыг тооцож уяачдыг үнэлэх гэнэ.  6 насны морьдтой адил бай шагналыг 5 сая төгрөгөөр тооцож Засгийн газрын хуралдаанаар хөрөнгө мөнгийг гаргажээ.  Наадмын хөтөлбөрийн талаар баяр наадмыг зохион байгуулах хорооны нарийн бичгийн дарга Ц. Болдсайхан мэдээлэл хийв. 7 сарын  5 ны өдрөөс  наадмын уур амьсгал эхэлж төв талбай дээр “Монгол туургатан”-ы тэмдэглэлт арга хэмжээ эхэлнэ. Энэ жил төрийн далбаанд хүндэтгэл үзүүлэх шинэ арга хэмжээтэй болж байгаа.  Тийм болохоор 10 ны өдөр зохион байгуулдаг “Монголын сайхан орноор” гэрэл зургийн үзэсгэлэнг 9 ны өдөр нээхээр болжээ.  Баяр наадмын нээлт 50 минутанд багтана.  1024 бөх барилдах учраас бөхчүүдийн барилдах цагийг шуурхай байлгахыг салбар хорооныхонд анхааруулав.  Бусад арга хэмжээ  өмнөх жил шиг хөтөлбөртэй  байх юм байна.  Өнгөрсөн жилүүдэд нэг хөтөлбөртэй байсан бол энэ жил 13 ны өдөр эрлийз морьдын уралдаан болохтой холбоотойгоор хоёр хөтөлбөртэй болж буйг дуулгалаа. Энэ жилийн наадам 4 их ой давхцсан түүхэн баяр болж байгаа тул  энэхүү баярыг сурвалжлах хэвлэл мэдээллийнхний тоо 700 даваад байна. 

Эдгээр мэдээллийн дараа  үндэсний их баяр наадмыг зохион байгуулах салбар хорооны дарга, МУ-ын Шадар сайд М.Энхболд хэд хэдэн үүрэг өглөө. Юун түрүүнд  Улаанбаатар хот баяр наадмын үед цэвэр цэмцгэр байх учиртайг анхаарууллаа. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал нэн чухал. Өмнөх жилүүдэд хоол хүнс ховор, хуушуур олдохгүй байна гэсэн гомдол наадамчдын зүгээс гарч байсан.  Энэ тал дээр анхаарч ажиллахыг салбар хорооныхонд хэллээ.  Төв цэнгэлдэх гэлтгүй хотын гэрэлтүүлэг, чимэглэлд холбогдох газрууд анхаарахыг сануулж байна. Наадамчдын зорьж очдог Хүй долоон худаг руу чиглэх замд ачаалал ихэсэх нь дамжиггүй. Энэ үед ямар дэглэм тогтоох вэ гэдгээ сайтар төлөвлөхийг замын цагдаагийнханд анхаарууллаа. Төв цэнгэлдэх болон Хүй долоон худагт цахилгааны эх үүсвэр шинээр нэмэхийг ч хэлж байв.  Морь бариа, уралдааны замд анхаарч уралдааны замыг одооноос хамгаалалтанд авахыг зөвлөв. Баяр наадмаар наадамчин олон ая тухтай наадах бүх бололцоог анхаарч ажиллахыг салбар хорооныхонд үүрэг болголоо.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.