Говь -Алтайн бөхчүүд өнгөтэй байна
2011.06.20

Говь -Алтайн бөхчүүд өнгөтэй байна

Түүхт ой давхацсан Улсын баяр наадам ойртсон энэ үед зүлэг ногоон дэвжээнээ уран мэхээ уралдуулан, бяр хүчээ сорьдог хүчит бөхчүүд, хүлгийн хурдыг ухааны сийрэгтэй хослуулдаг уяачид, хараа хурц, эрхий мэргэн харваачид хэдийнэ бэлтгэлдээ гарцгаажээ. Манай сурвалжлах хэсэг бөхчүүд наадмын бэлтгэлээ хэрхэн базааж буйг сонирхохоор Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт байрлах «Мандал» амралтын зүг хүлгийн жолоо залсан юм.

 

Энд Говь-Алтай аймгийн «Хантайшир» дэвжээний бөхчүүд сүүлийн дөрвөн жил бууриа засаж, бэлтгэл хангаж буй билээ. Улсын гарьд Н.Ганбаатар, Улсын заан Б.Соронзонболд, Улсын начин Д. Лхагвадорж, Ш.Тогтохбаяр, Ду.Батбаяр, Л.Гантулга, Ж.Бат-Эрдэнэ нараар ахлуулсан аймаг, цэргийн цолтой 40 гаруй бөхийг Улсын начин  Д.Бадрах дасгалжуулж байгаа аж. Биднийг очих үед МУГТ, Ардын багш Ч.Дамдиншарав ирсэн байлаа.Тэрбээр Улсын начин Д.Бадрахын багш учраас шавь дээрээ ирж, амарч буй гэнэ.

Говь-Алтайн галынхан барилдааны бэлтгэлээ «Мандал» амралтын баруун урд байрлах ширгэн дээр хийдэг. Гадаа бүгчим халуун ч газар чийгтэй байлаа. Урьд өдөр нь Эрдэнэ сум орчимд аадар цутгаж, мөндөр орсон гэнэ. Гэсэн ч наадмын өдөр цаг агаар ямар байхыг урьдаас тааварлахын аргагүй учраас бөхчүүд цагийн хуваарийнхаа 11 дагуу бэлтгэлдээ гарцгаасан юм. «Хантайшир» дэвжээнийхээ тугийг ногоон ширгэн дээр зоож, жагсаж зогсоод, дэс дараагаар тоолоод жижүүр бэлтгэл эхлүүлэх зөвшөөрлийг багшаасаа авлаа. Улсын начин Д.Бадрах гартаа бяцхан хөгжим барьсан байсан нь ихэд сонин харагдаж байв. Гэтэл бөхчүүд зодог, шуудгаа өмссөний дараа багш нөгөө хөгжмөө асаахад эгээ л наадам эхэлж буй мэт «Дөрвөн цагийн тал», «Хөөрхөн халиун» зэрэг уртын дууны шуранхай эгшиглэв. Чангаар цангинах шуранхайн хөгөнд ид хаваа гайхуулсан бөхчүүд  «Хантайшир» дэвжээнийхээ тугийн зүг дэвэн дэвсээр гарч ирлээ. Барилдааны бэлтгэлийн үеэр Ч.Дамдиншарав багш Д.Бадрах начны хамтаар бөхчүүдэд заавар зөвлөгөө өгч байсан юм. Уг нь «Саяхнаас амрах гэж ирсэн юм аа. Би чинь энд багшийн багш шүү дээ. Бөхчүүдийг бэлтгэх гэж биш амрах гэж ирсэн» хэмээж байсан хүн ийн зогсохыг харахад ясны бөх, багш хүн зүлэг ногоон дэвжээнийхээ дэргэд л хамгийн таатай амарч чаддаг бололтой гэсэн сэтгэгдэл төрж байлаа.

Наадмын бэлтгэлээс тухайн жилд хэн хэрхэн барилдах өнгө төрдөг гэдэг. Алтайхан ч гараа, дэвээнээсээ л бэлтгэлээ эхлүүлж, өнгө, зүстэйхэн барилдаж байгаагаас үзвэл тэд энэ жил чамгүй амжилт  үзүүлэх  бололтой. Улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ шиг сайхан  дэвээ, шаваа хийхийг залуу бөхчүүдэд заахад эгээ л жаахан хүүхдүүд  мэт «Ингэвэл болж байна уу» гээд л багш болон улсын цолтой бөхчүүддээ харуулах аж. Алтайн хүчтэнүүдийг ажиглаж байхад мэддэг, чаддаг зүйлээ бие биедээ зааж, сургаад их л дотно байх юм билээ. Мэдээж үндэсний бөхийн уламжлалаа дагаад насны болон цолны эрэмбийг ихэд хүндэтгэн харилцана.Тэдэн дунд хамгийн сайн гараа, дэвээтэй бас ч үгүй сайхан шавдаг нь сумын заан С.Содбаяр гэнэ.

Улсын начин Ду. Батбаяр бяцхан жаалтай бэлтгэл хийгээд завгүй

Энэ өдөр улсын начин Ду.Батбаяр бөхчүүдтэйгээ бус бяцхан жаалуудтай бэлтгэл хийлээ.Тэрбээр өм-нөх бэлтгэлийн үеэр хоёр тохойгоо бага зэрэг гэмтээсэн гэнэ. Тиймээс галын эмч н.Шарав түүнийг чөлөөлсөн нь энэ. Гэвч тэрбээр зүгээр сууж чадалгүй өөрсдийнх нь бэлтгэлийг сонирхохоор ирсэн хоёр хүүтэй ноцолдож, биеэ чамгүй сайн халаагаад авна лээ. Хөлс нь бүр урсаж байсан шүү. Бөхчүүд барилдааны бэлтгэлийн үеэр бэртэж гэмтэх нь бишгүй их.Тиймээс бэлтгэл хаана явагдана, эмч тусламжийн хайрцгаа бариад байна» хамт  явна. Бэлтгэлд гараад нэлээд хэд хоносон болохоор  ихэнх  бөхүүдийн бие задарч, бяр орцгоожээ. Ямартаа л аймгийн начин Ш.Шинэбаяр багшаасаа «Би өндөр болчхож уу» гэсээр ихэд гайхсан янзтай бас ч үгүй сэтгэл нь хөөрчихсөн байртай асууж байгаа харагдсан. Хариуд нь багш нь «Газар хол харагдаад байна уу. Бяр орж буй нь тэр» хэмээж байсан юм. Энэ үед «Гарьд магнай» киноны Далайцэрэн «Бяр дуусчихлаа» гэж хэлдэг хэсэг өөрийн эрхгүй санаанд бууж байлаа.Үнэхээр ч бие задарч, бяр орохоор сэтгэл нь хүртэл хөнгөрөөд яахын аргагүй өндөр болсон мэт сэтгэгдэл төрдөг байх.

Уртын дууны шуранхай гаар эхлүүлсэн бэлтгэлд бөхчүүд цолны эрэмбээр ам авч барилдана. Нэг хүн найман удаа барилдах ёстой Гэхдээ яг л наадмын дэвжээнээ буй мэт бүгд барилдаж дуусаад дараагийн амаа авна. Харин ийнхүү барилдсаны эцэст найман давааны дараа тухайн өдрийн бэлтгэлийн цолыг өгдөг юм билээ.Тав давсан начин гэх зэргээр багш нар нь бөхчүүдээ урамшуулна. Тэд ч үүндээ ихэд дуртай байдаг бололтой «Би тэд давсан, тийм цолтой» гээд өөр хоорондоо ярилцацгааж байлаа.Бэлтгэлийн үеэр урамшуулж, сэтгэл санаагаар дэмжих нь тамирчдын амжилтад хамгийн сайнаар нөлөөлдөг. Тиймээс ч бэлтгэл дуусаж, хэсэг амарсныхаа дараа «Мандал» амралтын төвд байрлах сүүдрэвчинд цуглацгаадаг. Энд тэд урьд жилүүдийн наадам болон бусад барилдаануудын бичлэгийг үзэж алдаа, оноогоо дүгнэжээ. Багш, дасгалжуулагчдын зүгээс хэнд ямар бэлтгэл хэрэгтэйг энд хэлж өгнө.

Мэдээж бусад галын бөхчүүдийн барилдааны онцлогийг ч харна, дүгнэнэ. Харин эцэст нь тэдэнд, олдсон» чөлөөт цаг нь болно доо. Тэдний хувьд өглөөний 07.00 цагаас орой 21.30 цаг хүртэл бэлтгэл, хоол, цай, амралт нь үргэлжилдэг учраас багахан хугацаа тэдний мэдэлд байдаг. Тэд зав, чөлөө гарвал л цагийг хөгжилтэй, сонирхолтой өнгөрөөхийг эрмэлзэнэ. Шинэ залуу бөхчүүддээ заавар зөвлөгөө өгөхөөс эхлүүлээд бие биенийхээ авьяасыг хүртэл сорино. Угаас Алтайн бөхчүүдийг сайн дуучид гэдэг. Тэр дундаа Улсын заан Б.Соронзонболд, Улсын начин Д.Лхагвадорж, аймгийн арслан С.Багахүү нар дуучдаас дутахааргүй авьяаслаг болохоо МҮБХ-ны 20 жилийн ойд зориулсан «Хийморь далласан аялгуу» тоглолтын үеэр гайхуулсан. Улсын начин Ж.Бат-Эрдэнэ ч тэднээс дутахгүй цээл хоолойтой. Тэгээд ч зогсохгүй дуучны хувьд ч боломжийн багш бололтой залуу бөхчүүдийн хоолойн өнгө, тоныг хэлж зөвлөж байлаа. Алтайн бөхчүүдийн дунд дуулахаас гадна Дэлхийн шилдэг яруу найргуудыг эх хэлээр нь уншчихдаг авьяаслаг нөхөд ч байдаг юм билээ. «Хантайшир» дэвжээ анх 2001 онд байгуулагдсан бөгөөд тэргүүнээр нь УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр ажилладаг. Нутгийн зөвлөлийнхөн ч бөхчүүдээ ихэд дэмждэг гэнэ билээ. Тиймээс бөхчүүд нь тэднийхээ итгэлийг алдахгүй сайхан барилдахын тулд бэлтгэлээ базааж буй нь энэ биз. Бэлтгэлд гараад хэсэг хугацаа өнгөрсөн болохоор дэвжээний тэргүүн болон нутгийн зөвлөлийн гишүүд бөхчүүдийнхээ бэлтгэлтэй танилцахаар ирэх сураг дуулджээ. Харин бөхчүүд барилдаанаас гадна бяцхан тоглолт хийхээр давхар бэлтгэл хийгээд биднийг очих үед ихэд завгүй байсан шүү.

 

Цол дагаж бяр бас хариуцлага

Бөхчүүдийн хувьд бүх л зүйлд цолны эрэмбээр хүндлэл ирдэг. Гэсэн ч Алтай нутгаас төрсөн улсын цолтой бөхчүүд шинэ залуу бөхчүүддээ туршлага болоод заавар зөвлөгөөг харамгүй өгдөг нь илт. Учир нь улсын цолоор аархаж, омгорхохын оронд хүндлэлээ дагаад өндөр үүрэг хариуцлага ирдгийг ухамсарлуулах нь чухал гэнэ. Тиймээс ч  зөвхөн барилдааныбэлтгэл байтугай сэтгэл санааны хувьд ч байнга зөвлөгөө өгнө. Харилцааны тухайд ч харамгүй зааж сургадаг гэж багш нар нь ярьж байсан юм. Үнэхээр ч залуу бөхчүүд Улсын гарьд Н.Ганбаатар, Улсын заан Б.Соронзонболд, Улсын начин Д.Лхагвадорж, Ш.Тогтохбаяр, Ду.Батбаяр, Л.Гантулга, Ж.Бат-Эрдэнэ нарын хэлсэн ярьсныг тун нухацтай хүлээн авч буй харагдсан.

Бөхчүүдэд багадсан бөмбөг

Наадмын бэлтгэлийн үеэр бөхчүүд барилдааны, биеийн хүчний гээд олон бэлтгэл хийдгийн нэг нь спорт тог-лоом. Сагсан бөмбөг, хөл-бөмбөг тоглох нь тэдний хувьд маш сайн бэлтгэл бол-дог ажээ. Говь-Алтайн бөхийн гал 40 гаруй хүний бүрэлдэхүүнтэй учраас нэг хэсэг нь хөлбөмбөгийн талбайг эзэгнэнэ. Нөгөө хэсэг нь сагсны талбайд өрсөлдөнө. Бөхчүүд хөлбөмбөгийн талбайд бөм-бөг хөөн гүйлдэх нь ихэд сонирхолтой харагдаж, бөмбөгнийх нь хэмжээ улам багассан мэт санагдсан шүү. Энэ өдөр Улсын гарьд Н.Ганбаатар, Улсын заан Б.Соронзонболд нарын баг хоорондоо өрсөлдсөн юм. Гарьдын багт Улсын начин Д.Лхагвадорж, Ду.Батбаяр, Л.Гантулга, аймгийн арслан С.Багахүү, Б.Отгонбаатар нарын бөхчүүд багтсан бол зааны багт дасгалжуулагч, багш Д.Бадрах,Улсын начин Ж.Бат-Эрдэнэ, Н.Баярмагнай, аймгийн арслан Ц.Үржинбаатар, Б.Алтангаагай, Б.Суманчулуун, аймгийн начин Ц.Бямба-Очир нарын хүчтэнүүд оржээ. Спорт талбайд хоёр багийн шүүгчээр МУГТ, Ардын багш Ч.Дамдиншарав ажилласан юм. Тамирчид хурд, хүч ихтэй болоод ч тэр үү нэлээд ширүүн өрсөлдөөнтэй байлаа.Тэмцээний анхны гоолыг Улсын заан Б.Соронзонболд оруулж илүүрхэв. Багийнхан нь ч ихэд урамшин улам бүр ширүүн довтолгоо хийж бай-лаа. Мэдээж нэг удаа алдсан болохоор эсрэг багийн хаалга ч аймгийн арслан С.Багахүүд болон хамгаалагч, холбогчдод ч анхаарлаа сулруулах эрх байгаагүй юм. Тиймдээ ч хоёрдугаар үед байраа сольсноор байдал эсрэгээр эргэв. Улсын заан Б.Соронзонболдын багийн хаалгач аймгийн арслан Ц.Бямба-Очирын хайхрамжгүйгээс Н.Ганбаатар гарьдын багийнхан хоёр ч гоолыг дараалан хийлээ. Хожигдож явсан алдаагаа ухамсарлан гарьдын багийнхан ийн нэг онооны илүүтэйгээр тоглолтын цагийг дуусгаж хожсон юм.Тэд талбайд яг л хөлбөмбөгчид шиг хатуу дүрмээр тоглосон. Харин бие томтой болоод ч тэр үү хэд хэдээрээ бөмбөгөө булаалдахад гэдэс нь түрүүлж мөргөлдөөд байгаа мэт их л инээдтэй харагдана лээ. Угаас хурдтай болоод ч тэр үү эсвэл том биетэйдээ ч юм уу хэдхэн харайгаад талбайн нэг өнцгөөс нөгөө хэсэгт оччихоод байж билээ. Хэдий адилхан зүлэг ногоон дэвжээ ч бөхчүүд хөлбөмбөгөөр өрсөлдөж буй нь тун содон харагдсан. Бас ч үгүй хэдхэн харайгаад л амьсгаадаад эхлэх биз дээ гэсэн голонгуй сэтгэл дотроос хатгаж байсныг нуух юун. Гэсэн ч тоглолтын эхний үе дуусахад бахардаж амьсгаадсан нэгээхэн ч хүн байсангүй. Байнгын бэлтгэлтэй байдаг хүмүүсийн хувьд уран гимнастикаас бусад спортын ямар ч төрөлд хүч үзэхэд бэлэн байдаг бололтой. Магадгүй өглөө бүр таван километрийн кроссонд гүйдэг хүмүүст хөл бөмбөгийн талбай өчүүхэн байсан биз ээ. Наадмын бэлтгэл, гараа дэвээнээс тухайн бөхийн өнгө мэдрэгддэг юм гэнэ лээ. Тэгэхээр Улсын их баяр наа-амдаа Монгол түмнээ хүндэтгэн, ард олноо баясган хүчийг үзэхээр зэхэж буй Говь-Алтай аймгийн «Хантайшир» дэвжээний бөхчүүд аргагүй л өнгөтэй, хурдтай, хүчтэй байна даа

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.