Монгол жүдочид дэлхийд ноёлж байна
2011.06.13

Монгол жүдочид дэлхийд ноёлж байна

IJF буюу Олон улсын жүдо бөхийн холбооноос олон улсын чанартай томоохон уралдаан, тэмцээний дараа жин, жингийн бөхчүүдийн чансааг шинэчлэн гаргадаг. Гол нь дэлхийн чансааны эхний 20-т багтсан тамирчин олимпийн эрхийн болзол хангаж буй учир IJF төдийгүй жүдочид үүнд ихээхэн ач холбогдол өгдөг юм. IJF-ийн тэмцээн, уралдааны календарчилсан төлөвлөгөөнд багтсан “Дэлхийн цом”, “Гран-при”, “Их дуулга” цуврал тэмцээнээс гадна жин жингийн шилдэг 16 бөхийн халз тулаан “Мастерс”, тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болон олимпийн наадмаас зэрэглэл тогтоон оноо олгодог. Мэдээж олимпийн наадам хамгийн өндөр буюу 600 оноо олгоно. Харин цуврал тэмцээнүүдээс хамгийн өндөр чансаатай нь “Их дуулга”. Энэ ангилалд багтах дөрвөн тэмцээн нэг жилд болдог бөгөөд түрүүлбэл 300 оноо авах бол мөнгө, хүрэл медалийг 180, 120 оноо дагалдана. Түүнчлэн тавдугаар байрт шалгарвал 60 гэхчилэн буурсаар нэг ялж, нэг ялагдсанаар тэмцээнээ дуусгасан ч 12 оноо халааслах боломжтой. Тэгвэл чансаа өндөртэй “Их дуулга”-ын 2011 оны хоёр дахь тэмцээн тавдугаар сарын 28, 29-нд Москва хотноо болсон бөгөөд тус тэмцээний дүнг үндэслэн IJF-ээс бөхчүүдийн шинэчилсэн чансааны жагсаалтыг өнгөрсөн долоо хоногт албан ёсоор гаргасан байна.

Өнгөрсөн хоёрдугаар сарын эхээр болсон Парисын “Их дуулга”-д түрүүлснээр чансаагаа нэлээд ахиулж, гуравдугаарт бичигдсэн Монгол Улсын Гавьяат тамирчин М.Бундмаа “Их дуулга”-ын хоёр дахь цувралд мөн аваргалсан. Ингэснээр тэрбээр алтан медаль, мөнгөн шагналаас гадна чансааны 300 оноо авснаар дэлхийн чансааны гуравдугаар байраа баталгаажууллаа. Тэрбээр өдгөө 1292 оноотой. Түүний өмнө бичигдсэн хоёр тамирчин хоёул Японы жүдочид бөгөөд дэлхийн чансааг тэргүүлж буй Юүка Нишида 1830, харин Мисато Накамура 1660 оноотой байгаа юм. Харин М.Бундмаагаас хойш эрэмбэлэгдсэн тамирчдын тухайд ерөнхийдөө оноогоор тасарсан гэж болно.

Москвагийн “Их дуулга”-д эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд мөнгөн медаль хүртсэн ОУХМ Ц.Мөнхзаяа чансаа ахиж, өдгөө жингийнхээ ангилалд 644 оноотой 12 дугаар байрт бичигдээд байгаа бол хүрэл медалийн эзэн болсон ОУХМ Д.Төмөрхүлэг 60 кг-ын жинд чансаагаараа мөн 12 дугаарт эрэмбэлэгдээд байна. Тэрбээр 582 оноотой байгаа юм. Онцлоход, эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд олимпийн эрх бүхий дэлхийн чансааны эхний 20 байрт Монголын гурван тамирчин багтаж буй. Нэг жингийн өрсөлдөгчид, амидаа нар болох Г.Болдбаатар 510 оноотой 16 дугаарт, Ч.Болдбаатар 500 оноотой 17 дугаар байрт тус тус жагсчээ. Энэ жинд Узбекистаны жүдоч Ришод Собиров 2370 оноотой тасархай тэргүүлж байна. Харин 66 кг-ын жинд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар ноёлж буй. Сүүлийн гурван жилийн хугацаанд дэлхийн чансааг тасралтгүй тэргүүлж буй тэрбээр 1478 оноотой байгаа бол араас нь нэхэж буй ОХУ-ын алдарт бөх Алим Гаданов Москвагийн “Их дуулга”-д аваргалснаар 1340 оноотой болоод байна. Мөн энэ жинд ОУХМ С.Мияарагчаа 712 оноотой 10 дугаар байрт бичигджээ.

Эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жингийн ангилалд дэлхийн топ 20-т Монголын нийт 12 жүдоч багтаад байна. Эдгээрээс эрэгтэйчүүдийн дөрвөн жинд найман тамирчин, эмэгтэйчүүдийн мөн дөрвөн жинд дөрвөн жүдоч байгаа юм.

Монголын жүдочид дэлхийн чансаанд:

Эрэгтэй 60 кг:
1.    Ришод Собиров /Узбекистан/ - 2370 оноо
2.    Георгий Зантарая /Украйн/ - 1224
3.    Хироаки Хираока /Япон/ - 1000
...12. Д.Төмөрхүлэг /Монгол/ – 582
...16. Г.Болдбаатар /Монгол/ – 510
17. Ч.Болдбаатар /Монгол/ – 500


Эрэгтэй 66 кг:
1.    Х.Цагаанбаатар /Монгол/ - 1478 оноо
2.    Алим Гаданов /ОХУ/ - 1340
3.    Жунпей Моришита /Япон/ - 1280
... 10. С.Мияарагчаа /Монгол/ - 712

Эрэгтэй 73 кг:

1.    Ван Ки-Чун /БНСУ/ - 1524 оноо
2.    Дирк ван Тичелт /Бельги/ - 1010
3.    Декс Элмонт /Голланд/ - 1000
... 16. С.Ням-Очир /Монгол/ - 486

Эрэгтэй 81 кг:
1.    Ким Жэ-Бум /БНСУ/ - 1760 оноо
2.    Леандро Гуильерро /Бразил/ - 1300
3.    Иван Нипонтов /ОХУ/ - 882
...63. О.Ууганбаатар /Монгол/ - 63

Эрэгтэй 90 кг:
1.    Илиас Илиадис /Грек/ - 1416 оноо
2.    Такаши Оно /Япон/ - 1306
3.    Дайки Нишияма /Япон/ - 1288
...36. Э.Энхбат /Монгол/ - 266

Эрэгтэй -100 кг:
1.    Такамаса Анаи /Япон/ - 1536 оноо
2.    Хенк Грол /Голланд/ - 1224
3.    Максим Раков /Казахстан/ - 1084
... 14. Н.Түвшинбаяр /Монгол/ - 582
15. Б.Тэмүүлэн /Монгол/ - 580


Эрэгтэй +100 кг:
1.    Тедди Ринье /Франц/ - 2080 оноо
2.    Ислам эль Шехаби /Египет/ - 1540
3.    Андреас Тоелцер /Герман/ - 1186
...73. Б.Сугаржаргал /Монгол/ - 61
...91. Х.Мөнхбаатар /Монгол/ - 40


Эмэгтэй 48 кг:
1.    Томоко Фүкүми /Япон/ - 1830 оноо
2.    Харуна Асами /Япон/ - 1610
3.    Алина Думитру /Румын/ - 1110
... 15. М.Уранцэцэг /Монгол/ - 566
... 26. Б.Бат-Эрдэнэ /Монгол/ - 336


Эмэгтэй 52 кг:
1.    Юүка Нишида /Япон/ - 1830 оноо
2.    Мисато Накамура /Япон/ - 1660
3.    М.Бундмаа /Монгол/ - 1292

Эмэгтэй 57 кг:
1.    Каори Мацүмото /Япон/ - 1850 оноо
2.    Тельма Монтейро /Португаль/ - 1548
3.    Сабрина Фильцмозер /Австри/ - 1264
... 28. Т.Баттөгс /Монгол/ - 282

Эмэгтэй 63 кг:
1.    Ёшиэ Уэно /Япон/ - 1888 оноо
2.    Гевриз Эманэ /Франц/ - 1760
3.    Клаудия Малцанн /Герман/ - 1030
... 12. Ц.Мөнхзаяа /Монгол/ - 644

Эмэгтэй 70 кг:
1.    Люси Деко /Франц/ - 1832 оноо
2.    Эдит Бош /Голланд/ - 1350
3.    Анетт Мешарос /Унгар/ - 1276
... 29. Ц.Наранжаргал /Монгол/ - 250

Эмэгтэй -78 кг:
1.    Акари Огата /Япон/ - 1424 оноо
2.    Ян Сьюли /Хятад/ - 1396
3.    Каяла Харрисон /АНУ/ - 1266
...14. П.Лхамдэгд /Монгол/ - 618

Эмэгтэй +78 кг:
1.    Мегүми Тачимото /Япон/ - 1650 оноо
2.    Мика Сүгимото /Япон/ - 1210
3.    Цинь Цьян /Хятад/ - 1164
...28. Д.Цэрэнханд /Монгол/ - 283

С.Цэлмэг

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.