Үндэсний их баяр наадам Монгол туургатны өдрүүдээр эхэлнэ
2011.05.27

Үндэсний их баяр наадам Монгол туургатны өдрүүдээр эхэлнэ

Энэ жилийн үндэсний их баяр наадам Хүннү гүрэн байгуулсны 2220, Их Монгол Улс байгуулагдсаны 805, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100, Ардын хувьсгалын 90 жил зэрэг түүхэн ойтой давхцаж байгаа. Иймээс өмнөх жилийн наадмуудаас өргөн дэлгэр хийхээр Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах үндэсний хороо бэлтгэж байгаа. Тус хорооны ээлжит хурал өнөөдөр боллоо.

 Энэ жилийн наадмын өмнө буюу 7 дугаар сарын 5-9-нд Сүхбаатарын талбайд Монгол туургатны өдрүүд болно. Тус хурлаар 7 дугаар сарын 5-нд монгол гэр, 6-нд цагаан идээ, 7-нд монгол бичиг, 8-нд язгуур урлаг, 9-нд монгол хувцасны өдөр зохион байгуулахаар тогтлоо. Мөн тэгш ойн жилийн баяр наадмын чимэглэлүүдэд Монголын Үндэсний Уран зургийн Галерейн сан хөмрөгт хадгалагдаж буй үе үеийн нэрт мастеруудын туурвисан уран зураг болон өнөө цагийн залуу зураачдын бүтээлийг ашиглан хийсэн эх загваруудыг баталлаа. Төв цэнгэлдэх болон Улаанбаатар хот, Энхтайвны өргөн чөлөө, Энхтайвны гүүрийн чимэглэл болон наадмын урилга, тасалбар, хүндэтгэлийн тоглолтын урилга зэрэгт Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач Ч.Базарваанийн “Төрийн цагаан сүлд”, Төрийн соёрхолт зураач Ц.Цэгмидийн “Мөнх тэнгэрийн чуулган”, хөдөлмөрийн баатар, ардын зураач Н.Цүлтэмийн “Наадам”, төрийн шагналт зураач Б.Пүрэвсүхийн “Уралдаан наадам”, ардын зураач Б.Чогсомын “Бөх” зэрэг Их Монгол Улс болон Ардын хувьсгалын тухай хүүрнэх бүтээлүүдийг дүрслэн үзүүлэх юм байна.

 

Тус хурлаар мөн наадмыг зохион байгуулах салбар хороодын ажлын явцтай танилцсан юм. Бөхийн салбар хорооны дарга мэдээлэл хийхдээ энэ жил 1024 бөх барилдана, тэдний 420 нь улсын цолтой бөх байна, сумын цолтой болон заалны барилдаануудад амжилттай барилдаж буй залуучуудыг оролцуулах нь барилдааны чансаанд сайнаар нөлөөлнө гэж салбар хороо үзэж байна. Мөн бөхийн галууд эхнээсээ бэлтгэлдээ гарч эхэлсэн, зургадугаар сарын 1-н гэхэд жигдэрсэн байна гэсэн мэдээллийг өглөө. Хурдан морины салбар хорооныхон энэ жилийн наадмаар зургаан насанд нийт 3500-4000 морь уралдана гэсэн багцаа тоо хэлж байна. Тэд уяачдын наадмаар шинэ цагийн монгол морьдын уралдааныг гурван насанд уралдуулахаар бэлтгэж байгаа ажээ. Төв цэнгэлдэх хүрээлэнд болох наадмын нээлтийн ажиллагааны үеэр урлагийн тоглолт болохоос гадна сур харвааны гайхамшгийг харуулсан үзүүлэх тоглолт зохион байгуулахаар сурын салбар хорооныхон бэлтгэж байгаа гэнэ.

 

Жил жилийн наадмын нээлтийн арга хэмжээний үеэр тасалбар худалдан авсан хэдий ч цэнгэлдэхэд нэвтэрч чадаагүй наадамчид гомдол гаргадаг. Энэ асуудлыг арилгах үүднээс энэ жил төв цэнгэлдэхийн суудлыг дугаарлах бөгөөд тасалбар дээр бичсэн дугаарын дагуу наадамчид суудлаа эзлэх тул ийм гомдол багасна гэж наадам зохион байгуулах Үндэсний хорооныхон үзэж байна. Төв цэнгэлдэхийн гадаа талбайг барааны зах нүүгээд ирсэн юм шиг худалдааны газар болгохгүй байх талаар ч анхаарч ажиллахаар боллоо.

 

Тус хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд М.Энхболд наадмын бэлтгэл ажлын хүрээнд Улаанбаатар хотын өнгө зүс, түүний дотор Энхтайвны өргөн чөлөөний гэрэлтүүлэг чимэглэлд онцгой анхаарахыг хотын удирдлагуудад үүрэг болголоо. Наадмын нэгдсэн болон нээлт, хаалтын арга хэмжээний хөтөлбөрийг зургадугаар сарын 15-н гэхэд танилцуулахыг холбогдох хүмүүст анхаарууллаа. Мөн түүхт ойн баяр наадмын талаар гадаадын нэр хүнд бүхий хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилгаа, мэдээлэл явуулахыг зөвлөлөө гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.