М.Энхболд: Наадмын бэлтгэл ажил үндсэндээ хангагдсан
Улсын баяр наадам дөхөж буй энэ үед МонголУлсын шадар сайд,Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хорооныдарга М.Энхболдоос дараахтодруулгыг авлаа.
-Энэ жил улсын баяр наадамд үзүүр, түрүү, мөн шөвгийн бөхчүүдийн бай шагналыг нэлээд өсгөж, 15 сая төгрөг хүртэл болгосон. Төсвийнхөө хамаг мөнгөө наадамлаад дуусах нь гэсэн шүүмжлэл сонсдож байгаа. Та үүнд ямар хариулт өгөх вэ?
-Өмнөх жилүүдийн бай шагналтай харьцуулбал энэ жилийн бай өссөн нь үнэн. Өнгөрсөн оны сүүлчээр буюу Засгийн газрын 2010 оны аравдугаар сарын 20-ны өдрийн "Жишиг хэмжээг шинэчлэн тогтоох тухай" 271 дүгээр тогтоолоор улсын болон аймаг сумын наадмын бөх, морь, харваачдад олгох бай шагналын хэмжээг шинэчлэн баталсан. Энэ жишиг хэмжээгээ үндэслэн Үндэсний их баяр наадмын тухай хуулийн Баяр наадмыг зохион байгуулах талаар Засгийн газрын бүрэн эрх гэсэн 11 дүгээр зүйлийн 11.1.4-т Улсын баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэхэд шаардагдах төсвийг батлах, зарцуулалтад хяналт тавих гэж заасны дагуу энэ жилийн баяр наадмын зардлын төсвийг дөрөвдүгээр сарын 27-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар баталсан. Энэ жил өөрөө маш олон онцлогтой жил шүү дээ. Үндэсний их баяр наадам, Их Монгол Улс байгуулсны 805 жил, Ардын хувьсгалын 90 жилийн ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд ийнхүү Засгийн газраас дээрх шийдвэрийг гаргасан. Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо Засгийн газрын баталсан төсвийн дагуу баяр наадмын үйл ажиллагааг зохион байгуулж, ажиллаж байна.
-Олон түүхт ой давхцаж байгаа өнөө жилийн наадмын бэлтгэл ажил хэр яваа вэ. Жилийн жилд засвараа эхлүүлж, тохижилтоо хийдэг тэр жишгээрээ засаж байгаа юу?
-Ерөнхийдөө бэлтгэл ажил үндсэндээ хангагдаад байгааг хэлье. Төв цэнгэлдэх хүрээлэнгээс эхэлье л дээ. "Төв цэнгэлдэх хүрээлэн" ХХК нь Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна фасадын засварт 110 сая төгрөг зарцуулж долдугаар сарын 1-ний өдөр хүлээлгэж өгнө. Харин сурын талбайн 2100 м2 замыг 82 сая орчим төгрөгөөр хийж гүйцэтгэсэн байна. Мөн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 9-12 секцийн харалдаа 7000 м2 талбайг 273 сая төгрөгөөр асфальтан талбай болон дугуй,тэшүүрийн талбай болгон засаж байна. Үүнээс гадна Улаанбаатар хотын хөрөнгө оруулалтаар "Тусгаар тогтнолын өндөрлөг"-ийг 13,4 сая төгрөгөөр сэргээн засварласан. Мөн Хот тохижилтын газар Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайн зүлэгжүүлэлтийг 10 сая төгрөгөөр хийж байна.
Төв цэнгэлдэхийг зорих наадамчин олондоо дуулгах бас нэг мэдээ нь энэ жилийн хувьд үзэгчдийн суудлыг дугаарлан суулгах болсон. Өмнөх жилүүдэд секц секцээр нь дугаарлаад, суудлын дугаар гэж байхгүйгээр тасалбарыг олгодог байсан. Харин энэ жилээс эхлэн тухайн хүн зөвхөн өөрийн худалдан авсан тасалбар дээрх дугаараар л сууна. Наадамчдын тав тухтай наадах боломжийг хангаж ажиллаж байгаагийн нэг жишээ шүү дээ. Хүй долоон худгийн морь барианы газарт хийгдэх ажлын төлөвлөгөөг график гарган батлуулан мөрдөн ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, наадмын өмнөх өдрүүдэд санд мэнд хийж байгаа биш тодорхой төлөвлөгөөгөөр ажиллаж байгаа. Өнгөрсөн сарын 28, 29-ний өдрүүдэд СХД-ийн Эмээлтэд байрлах аж ахуйн нэгж байгууллагуудын малын гаралтай (арьс, нэхий, өлөн, шийр зэрэг) үүсмэл болон хур хогийн цэгүүдийг То-18 трактортой механикжсан бригадаар гарч 24 удаагийн явалтаар 144 м3 хог хаягдлыг цэвэрлэж бүрэн устгасан.
Мөн энэ сарын 3-4-ний өдрүүдэд Хүй долоон худгийн морь барианы газарт Зам талбайн ажилчидтай 54000 м2 талбайн түүвэр цэвэрлэгээг хийлгэж хоёр удаагийн явалтаар 36 м3 хог хаягдлыг тээвэрлэлээ. Аж ахуйн нэгж байгууллагууд, худалдааны гэрүүдийн урд талбайд муу усны нүхийг шинээр ухаж, гарсан шороог нь нүхийг тойруулан, өнгөрсөн жилийн үлдэгдэл бохирын нүхийг дарж устгах ажлуудыг хийж гүйцэтгэснийг хэлэх хэрэгтэй байх. Мөн СХД-ийн 22-н товчооноос Шар хөвийн дөрөлж орчим 21000 м2 талбайд түүвэр цэвэрлэгээг хийж 36 м3 хог хаягдлыг тээвэрлэж устгасан. Цаашид графикийн дагуу энэ 20-ны өдрөөс нийт ажилчдыг Хүй долоон худгийн морь барианы газарт гарган ажиллуулж долдугаар сарын 8-ны өдөр гэхэд хүлээлгэж өгөхөөр ажиллаж байгаа.
-Жилийн жилд асуудал болсоор ирсэн автомашины зогсоолын асуудлыг яаж шийдэж байгаа вэ. Ялангуяа Төв цэнгэлдэхийн орчмын автомашины зогсоол хамгийн бэрхшээлтэй асуудал болдог...
-Төв цэнгэлдэх орчмын автомашины зогсоол гэвэл А зөвшөөрөл 750, Б зөвшөөрөл 500, ДК зөвшөөрөл 50, Ж зөвшөөрөл 200, Г.Ү зөвшөөрөл 1500 гээд нийт 3000 .машинд зөвшөөрөл олгож байгаа. Тэгэхээр Төв цэнгэлдэх хүрээлэнгийн орчмын автомашины зогсоолын тухайд олгогдсон зөвшөөрлийн хүрээнд хангалттай гэж ойлгож болно.
-Авто замын засвар шинэчлэлтийн ажлууд ид явж байна. Нэг талаар бүтээн байгуулалтаа бодвол сайшаамаар ч нөгөө талаар замын түгжрэл иргэдийнбухимдлыг багагүй төрүүлээд байна...
-2011 онд замын 45 төсөл арга хэмжээг 74,160.1 сая төгрөгийн төсөвт өртөгтэйгөөр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Үүнээс Улсын баяр наадмаас өмнө нийт 13,7 км зам, 45,4 км тэмдэглэгээг хийж дуусах юм. Тухайлбал: Чингэсийн өргөн чөлөөг Нарны замтай холбох 2,4 км зам 4,8 км тэмдэглэгээ хийгдэнэ, 22-ын товчооны чиглэлийн 10,6 км замаас долдугаар сарын 10 гэхэд 5-н шарын уулзвараас Сонсголонгийн уулзвар хүртэл зургаан эгнээ бүхий 21 метр өргөнтэй нэг км зам ашиглалтад орно. Мөн Бага тойруугийн 2,6 км замаас 1,6 км замыг, Таван шараас Толгойт-Орбитын чиглэлд 2,5 км зам, 7,5 км тэмдэглэгээтэй замууд ашиглалтад орох юм. Түүнээс гадна Залуучуудын өргөн чөлөөний гурван эгнээ 0,9 км замыг 2,4 км тэмдэглэгээ хийгдсэн, ТЭЦ 4-ийн 6,4 км замын нэг км замын хашлагыг тавьж газар шорооны ажил дууссаныг хүмүүс анзаарч байгаа байх. Энхтайвны гүүрний хувьд урсгал засварын ажлыг "Цацат өргөө" ХХК-тай 15 сая төгрөгийн гэрээ байгуулан ажлыг эхлээд байна. Засварын ажлын хүрээнд 9000 м3 будгийн ажил, шавардлагын засварын ажил хийгдэх юм.
Ер нь өмнөх жилүүдтэй харьцуулбал нэг дор нийслэл хотод ийм тооны зам засвар шинэчлэлтийн ажил хийж байгаагүй. Хүмүүс ч үүнийг санаж байгаа байх. Улсын баяр наадмын өмнө төлөвлөгдсөн зам засварын ажлууд төлөвлөснөөрөө хийгдэж дуусна. Хур бороо элбэгтэй зун болж байгаа болохоор замын компаниудад жаахан хүндрэл гарч байгаа ч хугацаандаа ажлаа амжуулахаар хичээж байна. Одоо наадам болоход ердөө арваадхан хоног л үлдээд байна шүү дээ. Наадамчдынхаа тав тухыг хангахын төлөө өдөр шөнөгүй ажиллаж байгаа тэдгээр ажилчдынхаа ажлыг ч бас хүндэтгэх нь зүйн хэрэг биз ээ.
-Наадам дөхөөд ирэхээр баяр наадамтай холбоотой газруудын тохижилт хангалттай хийгддэг. Харин бусад газруудын хувьд үлдэжхоцрох нь бий. Энэ жил түүхт их ойнууд давхцаж байгаа болохоор гадны дотны олон жуулчид Улаанбаатар хотыг зорих байх даа...
-Тэгэлгүй яах вэ. Түүхт ойг зохион байгуулах хүрээнд салбар комиссууд нэгдсэн төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Улаанбаатар хотод Үндэсний их баяр наадмаас өмнө Ард Аюушийн өргөн чөлөө, Самбуугийн гудамж, Цэрэндоржийн гудамж, Магсаржавын гудамж, Б.Явуухулангийн цэцэрлэг, Ажилчны алдар талбай,Тусгаар тогтнолын талбай зэрэг нийтийн эзэмшлийн 14 гудамж талбайд иж бүрэн тохижилтын ажлыг хийж дуусгахаар ажиллаж байна. Эдгээр гудамжнууд нь нийслэлийн өнгө төрх болсон төвийн гудамж талбайнууд гэдгийг та анзаарсан байх.
Үүнээс гадна орон сууцны хороолол болон гэр хорооллын орчмын нийтдээ 19 байрлалд амралт чөлөөт цагийн талбай бүхий бичил цэцэрлэг байгуулж, долоон ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгт спорт тоглоомын талбай байгуулах ажлыг хийж гүйцэтгэх юм. Хотын өнгө төрхийг засах нэг том ажил нь гэрэлтүүлэг байгаа. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн орчмыг эрчим хүчээр хангах, гадна талбайд гэрэлтүүлэг хийх ажлыг тохижилт, засвар, үйлчилгээний зардлаас нийт 75 сая төгрөгийн санхүүжилтийн гэрээ байгуулан ажиллаж байна. Угсралтын ажилд 39 тулгуур босгосноос 30 нь тулаастай, нийт 69 шон босгож ТЦХ-ийн цахилгааны схемийг шинэчлэн гаргасан. Үндэсний их баяр наадмын өдрүүдэд нийслэлийн гэрэлтүүлгийг бүрэн асаж байхаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар бороо, уснаас шалтгаалж Нийслэлийн гэрэлтүүлэг 2 хувьтай асаж байна.