Сонгуулийн “сезон” дууссан шүү
УИХ дахь Шударга ёс эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг, дэд дарга Ч.Улаан нар сэтгүүлчдэд өчигдөр мэдээлэл хийлээ.
Тэд мэдээллийн эхэнд орон нутгийн сонгуульд маш амжилттай оролцсон тухайгаа онцолсон юм.
Дэд дарга Ч.Улаан ярихдаа: “Одоо бид нарт цаг нартай уралдаж ажиллах л чухал болоод байна. Улс төр хийж хоорондоо маргалдах зав бидэнд байхгүй. Тиймээс манай намын зүгээс цаг нартай уралдан ажиллах хэрэгтэй гэж үзэж байна. тогтвортой, үр ашигтай ажиллаж байж төлөвлөсөн ажлаа хийж амжуулна. Одоо сонгуулийн сезон дууссан гэж хэлмээр байна. Их хурлын сонгууль, орон нутгийн сонгууль болоод дуусчихлаа, Засгийн газрыг бүрдүүлж байгаа олонхи ард түмнээс дэмжлэг итгэл хүлээчихлээ. Одоо нэгдэж нягтарч ажиллах л үлдсэн” хэмээн хэлсэн юм.
Одоо нэгдэж нягтарч ажиллах л үлдсэн
Үүнээс гадны бүлгийн хурлаар зарим гишүүдийн тангараг өргөх асуудлыг хэлэлцсэн байна. Тэд шүүх хуулийн байгууллагын зүгээс маргаангүйгээр эцэслэн шийдвэрлэсэн шийдийг хүлээн зөвшөөрч, асуудалд хандахаар болжээ. Ц.Оюунбаатарыг тангараг өргүүлэх бус УИХ-ын гишүүний түр үнэмлэхээ авчихсан байсан Э.Батшугарыг тангараг өргөх ёстой хэмээн шударга ёс бүлэг үзэж байгаа юм.
Энэ асуудлаар сонгуулийн ерөнхий хороонд албан тоот хүргүүлжээ. СЕХ-оос хариу ирэхийг хүлээж, одоохондоо байдлыг харзнасан, хүлээсэн маягтай байгаа ажээ. Ямартай ч тэд чуулганы хуралдаанд ирцээ бүрдүүлж орох эсэх нь эргэлзээтэй хэвээр байна.