Гишүүдийн тангараг өргөх асуудлыг яаравчлах нь учир дутагдалтай гэв
УИХ-ын гишүүн Н.Батцэрэг
2012.12.03

Гишүүдийн тангараг өргөх асуудлыг яаравчлах нь учир дутагдалтай гэв

УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгийн хурал өнөөдөр болж өнгөрлөө. Тус хурлын үеэр бүлгийн дарга Н.Батцэрэгтэй цөөн хором ярилцсанаа хүргэе.

-Өнгөрсөн долоо хоногт хуралдах ёстой байсан УИХ-ын чуулганы хуралдаан хуралдсангүй хойшилсон. Ардын намтай адил танай нам хурлыг гацаанд оруулж хуралд орж ирээгүйг юу гэж тайлбарлах вэ?

Чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаагүй нь эвслээс хамаараагүй. Ардчилсан намынхан өөрсдөө ирц хангалтгүй, дутуу л байсан. Түүнээс гадна Ардын намынхан орж ирээгүй шалтгааныг өөрсдөөс нь асуух хэрэгтэй. Манай бүлэг шуурхай хуралдаад энэ талаар тодорхой тайлбар, байр суурь хийсэн.

Тэр байр суурь хэвээрээ. УИХ-ын гишүүнд тангараг өргүүлэхээр өргөн баригдсан нэр дэвшигчдийн заримынх нь асуудал шүүх, хуулийн байгууллага дээр явж байгаа. Тэр асуудал нэг мөр шийдэгдэж, төгсгөл болоогүй нөхцөлд гишүүдийн тангараг өргөх асуудлыг яаравчлан хэлэлцэх нь жаахан гоомой байж магадгүй. Тиймээс  үүнийг харгалзаж үзэх ёстой болов уу гэсэн байр суурьтай байгаа.

-МАХН-аас намын жагсаалтаар ногоон гэрлээр орж ирсэн Ц.Оюунбаатарыг тангараг өргүүлэх асуудлыг та бүхэн эсэргүүцээд байгаа. Энэ асуудлаа хэрхэн шийдэх вэ?

Энэ тухайд бол Шударга ёс эвслийн удирдах зөвлөлөөс Сонгуулийн ерөнхий хороо руу албан тоот явуулсан байгаа. Бид албан тоотынхоо хариуг хүлээж байна. Тэгэхээр бас бус зүйлүүд тодорхой болж, нэг мөр болоогүй учир тайлбар хийхэд хэцүү.

Гэхдээ нэг зүйлийг хэлэхэд бид аль нэг хүнийг муу гэж, онилж гацааж байгаа зүйл огтхон ч байхгүй. Өөрөөр хэлвэл манай бүлэг тухайлан аль нэг хүнийг эсэргүүцэн хуралд оролцохгүй байгаа зүйл байхгүй гэдгийг хэлмээр байна.

Ярилцсанд баярлалаа.