Д.Тэрбишдагва: Засгийн газрыг задралын хэмжээнд хүртэл зөрчилдөөнтэй байгаа гэж үзэхгүй байна
-Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдаад сар гаруйн хугацаа өнгөрлөө. Энэ хооронд “МАХН, МҮАН эв түнжингүй байгаагаас болоод “Шударга ёс” эвсэл задарч Засгийн газрын бүрэн бүтэн байдалд сэв суух нь” гэсэн утгатай мэдээллүүд тасралтгүй хөвөрлөө. Та Шадар сайд, МАХН-ын дэд даргын хувьд энэ асуултад бодитой хариулт өгөхгүй юу?
-Засгийн газрыг байгуулаад хэдийнээ 40 гаруй хоногийг ардаа үдээд байна. Бид цаг хугацаатай уралдан ажиллаж байгаа учир энэ 40 гаруй хоног их урт хугацаа юм шиг санагдаж байгаа шүү. Гэсэн хэдий ч УИХ-ын ээжит бус чуулганы хуралдаанаар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг батлуулж, зарим томилгоонуудыг хийлээ. Мөн 2012 оны төсвийн тодотголыг батлуулсан зэргээс харахад бид энэ хугацаанд чамгүй ажлыг амжуулаад байна. Шинэчлэлийн Засгийн газарт нэг эвсэл, хоёр нам хамтарч ажиллаж байгаа учир санал зөрөлдөх мэтгэлцэх асуудал гарна. Нам хооронд байтугай нэг намын дотор ч санал зөрөлдөх асуудлууд гардаг шүү дээ. Өнөөдөр бид ардчилсан нийгэмд амьдарч байгаа учир тулгуур зарчмаа баримталж мэтгэлцэх зарчмаар л ажлаа хийж байна. Энэ нь Засгийн газрын шийдвэрийг илүү эрүүл болгох гарц юм. Тиймээс би Засгийн газрыг задралын хэмжээнд хүртэл зөрчилдөөнтэй байгаа гэдэгтэй санал нийлэхгүй байна. Цаашид бид харилцан бие, биенээ хүндэтгэсэн хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулна. Харин хэн нэг нь хэт дарангуйлсан юм уу, илүүрхсэн, тулган шаардсан байж болохгүй. Мөн шинэчлэлийн Засгийн газрыг бүрдүүлж байгаа нам, эвслүүд хоорондоо харилцан ярилцсаны үндсэн дээр шийдэх асуудал цөөнгүй бий.
-Тухайлбал, ямар асуудал гэж?
-Шинэчлэлийн Засгийн газрын гэрээнд Ардчилсан нам болон “Шударга ёс” эвсэл 75:25 гэсэн бүтэцтэйгээр Засгийн газрыг бүрдүүлэхээр заасан. Уг гэрээнд мөн орон нутгийн хурлын сонгууль болон Ерөнхийлөгчийн сонгуульд Шинэчлэлийн Засгийн газрыг бүрдүүлж буй нам, эвсэл хамтарч орно гэж заасан ч Ардчилсан намын зүгээс Засгийн газар байгуулсан шиг ээ орон нутгийн хурлын сонгуульд хамтарч оролцох боломжгүй гэдгээ мэдэгдсэн. Манай эвсэл ИЗНН-ын удирдлагууд уулзаад орон нутгийн сонгуульд эвсэж, УИХ-ын сонгуульд тухайн тойрогт авсан саналыг харгалзан нэр дэвшигчдийн квотыг тогтоох зарчмыг санал болгосон боловч АН зөвшөөрөөгүй. Тиймээс энэ асуудал дээр санал зөрөлдсөний улмаас орон нутгийн хурлын сонгуульд эвсэж оролцох боломжгүй болсон. Өнгөрсөн лхагва гарагт намынхандаа орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвшигчдээ шударгаар тодруулах тухай албан даалгавар өгсөн.
-МАХН байгуулагдс ан цагаасаа эхэлж орон нутагт мянгат, зуут гэсэн нэгжүүдээ байгуулж эхэлсэн. Энэ бүхэнтэй холбоотойгоор танай намын нэр хүнд орон нутагт өндөр байгаа учир та бүхэн орон нутгийн хурлын сонгуульд дангаараа оролцоно гэж мэдэгдсэн юм биш үү?
-Тийм утга бүхий мэдээлэл гарсан байна лээ. Манай намын зүгээс албан ёсоор мэдэгдэл гаргаагүй. Орон нутгийн хурлын сонгуульд МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвсэл хамтарч оролцоно гэсэн ерөнхий зарчмаа бид хэдийнэ тохирохоос гадна эвсэж буй бусад улс төрийн намуудтай хамтран сонгуульд оролцох чиглэлийг өгсөн. Гэсэн хэдий ч орон нутаг дахь МАХН, МҮАН-ын салбар нэгжүүд зарим газраа тусдаа оролцохоор тохирсон байнэ лээ. Түүнчлэн хамтарч сонгуульд оролцохоор болсон газарт квотоо хэрхэн тогтоохоо орон нутгийн намууд өөрсдөө шийдэж байна. Орон нутаг дахь намууд өөрсдөө нөхцөл байдлаа тодорхойлоод саналаа ирүүлж байгааг бид хүндэтгэж үзэхээс аргагүй. Ардын нам хамтарч орон нутгийн хурлын сонгуульд оролцъё гэсэн санал ирүүлсэн тохиолдол гарч байгаа.
-МҮАН-ын гишүүн Ц.Цолмон танай намд элссэн нь “Шударга ёс” эвсэл тарах нь гэсэн хардлагыг улам баталгаажуулсан. Үүнээс гадна МҮАН-ынхан орон нутгийн хурлын сонгуулиар зарим газарт АН-тай хамтарч оролцоно гэдгээ ч мэдэгдээд байгаа. Танай намын салбар зөвлөлөөс зарим газарт МАН-тай хамтрах тухай санал ирүүлсэн гэлээ. Танай намын зарим гишүүн МАХН, МАН хоёр нэгдэх ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байгаа. МАХН бол МАН-аас, МҮАН бол АН-аас угшилтай нам. Тиймээс энэ хоёр намыг хуучин угшлаа сэргээж магадгүй гэсэн хардлага гараад байгаа. Хэрэв МАХН, МАН хоёр нэгдлээ гэхэд танай нам хохирохгүй. Цаашид ч засгийн эрхийг атгалцсан хэвээр байх болно. Тэгэхээр танай хоёр намын хооронд тийм яриа үнэхээр өрнөсөн юм биш байгаа гэсэн хардлага төрөөд байгаа юм л даа. Та үүнд ямар хариулт өгөх вэ?
-Таны асуултад хариулахаас өмнө нэг зүйлийг хэлмээр байна. Монголын ард түмэн бид улс төрийн үзэл бодол, шашин шүтлэг гээд олон зүйлээр ялгардаг болсон нь Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний эв нэгдэл, ард түмний эв нэгдэлд цаашид хор хөнөөл учруулах аюултай гэж би боддог. Монголын ард түмэн бид эв нэгдлээ эрхэмлэх нь ард түмний язгуур эрх ашигт нийцнэ. УИХ-ын гишүүн Ц.Цолмон МАХН, МҮАН хамтран эвсэл байгуулахаас өмнө “Манай хоёр нам сонгуульд эвсэж ялалт байгуулсныхаа дараа нэгдэх ёстой” гэсэн байр суурийг илэрхийлж байсан хүн. Тухайн үед ч хоёр намын удирдлагууд энэ тухай ярилцаж байсан юм билээ. Тиймээс би УИХ-ын гишүүн Ц.Цолмонг манай намд элссэн асуудлыг буруу тийшээ бүү мушгиасай гэж хүсэж байгаа. Эр хүн хэлсэндээ, эмээлт морь харайсандаа гэдэг байх аа. Тиймээс би УИХ-ын гишүүн Ц.Цолмонг хэлсэндээ хүрдэг эр хүн юм гэсэн дүгнэлтийг хийж, хүндэтгэж байгаа шүү. “Шударга ёс” эвсэл тарж, МАХН, МАН-тай нэгдэнэ гэсэн яриа албан ёсоор гараагүй гэдгийг баттайгаар хэлмээр байна. МАН-ын гишүүд бидний бодлогыг дэмжиж хэдэн зуугаараа хуучин батлахаа сэргээж байгаад бид талархалтай хандаж байгаа. “МАХН гэдэг бол 90 гаруй жилийн түүхтэй. Намынхаа энэ нэрийг бид хайрлаж явдаг. Энэ нэр улс төрийн түүхэнд байх ёстой. Та бүхний явуулж байгаа үйл ажиллагаа манай намын өмнө нь явуулж байсан үйл ажиллагаатай олон зүйлээрээ ижилхэн байна. Бид МАХН-ын батлахыг цээжиндээ байнга хадгалж явдаг гишүүний хувьд гишүүнчлэлээ сэргээе” гэсэн олон хүн бидэнд хандаж байна. Бидний зүгээс тэдэнд хүндэтгэлтэй хандаж, нээлттэйгээр хүлээж авч байгаа. Өмнө нь МАХН, МАН бол “Тасарсан мах, үсэрсэн цус” гэж олон удаа хэлж байсан даа. Нэг үзэл бодолтой хүмүүс атлаа ойлголцохгүй, намынхаа үзэл бодлоос урвасан, намынхаа нэрийг өөрчлөхийн төлөө улайран зүтгэсэн, МАХН гэдэг нэрийг дахин гаргаж ирэхгүйн тулд хэдэн зуугаар нь энэ нэрийн товчлолыг Улсын бүртгэлд бүртгүүлсэн хүмүүсээс салахыг хүссэн хүмүүс биднийг зориод ирэхэд бид ойлголцохгүй гэж хэлж болохшүй дээ. АН-тай бид шинэчлэлийн Засгийн газар байгуулаад ажиллаж байгаа шигээ МАН-ын үзэл бодол нэг, зөв ярьж, сэтгэж байгаа нөхөдтэйгөө нягтарч ажиллаж яагаад болохгүй гэж. Энэ нэг их ноцтой асуудал биш л дээ. Ингэж хэлснээрээ Шинэчлэлийн Засгийн газраас гарна, гарахгүй гэдэг асуудлыг хөндөж байгаа юм биш шүү. Энэ бол огт өөр асуудал.
-Ямар тохиолдолд шинэчлэлийн Засгийн газраас гарах тухай яриаг хөндөнө гэж?
-АН-ынхан улс орны язгуур эрх ашгийн төлөө хэлсэн, ярьсандаа, хийсэн гэрээ, гаргасан мөрийн хөтөлбөртөө үнэнч байж чадвал бид байнга дэмжиж, хамтарч ажиллах болно. Хэлсэндээ хүрэхгүй, гэрээгээ зөрчсөн тохиолдолд бид албан тушаалтай зууралдахгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлэх ёстой байх. Гэхдээ нэгэнт дөрвөн жилийн үйл ажиллагааныхаа хөтөлбөрийг боловсруулаад, гэрээ хэлэлцээр байгуулаад ажлаа эхэлсэн энэ үед сална, энэ засгаас гарна гэж ярихаас илүү ард түмний өмнө хүлээсэн үүрэг, хүлээлт их байгааг бид хариуцлагатай улс төрийн хүчний хувьд зайлшгүй харгалзан үзэх учиртай. Эхлүүлсэн ажлаа хэрэгжүүлэхийн тулд бүгдээрээ чармайж ажиллаж байхад бусад улс төрийн хүчин ч дэмжиж ажиллах үүрэгтэй гэж ойлгож байна.
-МАХН-ынхан албан тушаалаас зууралдахгүй гэлээ. Гэтэл “МАХН-ын удирдлагууд албан тушаалаас үхэн хатан зууралдаж, жирийн гишүүдээ тоохоо больсон” гээд танай намаас хэсэг залуус МАН-руу урвасан шүү дээ. Та хуучин намынхаа удирдлагуудын үйл ажиллагаанд нэлээд шүүмжлэлтэй ханддаг гишүүдийн нэг байсан. Гэтэл намын удирдлага байх зовлонг өнөөдөр биеэрээ мэдэрч байна уу?
-Би одоогийн МАН, тухайн үеийн МАХН-ын гишүүн байхдаа төрийн өндөр албан тушаалуудыг шат шатанд нь хашиж байсан төдийгүй намын Удирдах зөвлөлийн гишүүн ч байсан. Ер нь томилгоотой холбоотойгоор аль ч намд үеийн үед л асуудал үүсэж байдаг гэхэд болно. Өнөөдөр аль ч нам, эвсэлд хүмүүс бүгд л дарга болно гэх сонин үзэгдэл бий болчихоод байна. Эсвэл “Би маш их тэмцэж явсан тиймээс надад ажил өг” гэх ч юм уу. Улс төрч хүн зөвхөн албан тушаалд очихын төлөө биш, улс эх орныхоо сайн сайхан ирээдүйн төлөө, хийж бүтээхийн төлөө тэмцдэг байх учиртай. Үзэл бодлынхоо төлөө тууштай тэмцэж, ялалтад хүрсэн хүнд боловсрол, мэдлэг, чадварт нь тохирсон ажилд томилж намын үзэл баримтлалыг амьдралд хэрэгжүүлэхийн төлөө ажилладаг. Тиймээс боловсон хүчний томилгоо гэдэг нь хэн нь юу хийж чадах вэ гэдгийг дүгнэж үзсэний үндсэн дээр эх орныхоо төлөө юу, өөрийнхөө төлөө ажиллах уу гэдгийг нь тодорхойлж байж шийддэг асуудал. Бид ч дээрх шалгууруудыг тавьсны үндсэн дээр л томилгоог хийсэн. Цаашид ч энэ зарчмаар л явна. Харамсалтай нь хариуцлагатай албан тушаалд очих гэж горилж байгаа хүн олон байвч албан тушаал нь ганц л байдаг учир гомдогсод бий болдог жишиг өнөөдрийн нийгэмд тогтчихсон байна. МАХН-аас гарсан гэж байгаа 12 залуугийн арав нь МАХН-ын батлахгүй байсан. Тэгэхээр тэр хүмүүс чинь жинхэнэ албан тушаалаар шантаажлагч байсан байгаа биз. Ер нь аль ч нам дотор албан тушаалын шантаажлагч бий болвол шударгаар ажиллаж байгаа намын удирдлагуудыг гүтгэх асуудал дагаад урган гарна. Жирийн иргэдээсээ хөндийрч албан тушаал хөөцөлдөх болсон гэдэг тодорхойлолт манай намынханд тохирохгүй. Бид намынхаа ахмадууд, жирийн иргэд сонгогчтойгоо байнга уулзаж, санал бодлыг нь сонсдог. Туахайлбал, саяхан болсон ахмадын баяраар л гэхэд манай намд улс эх орондоо их зүйл бүтээсэн 108 алдар гавъяатай хүмүүс элсэн гишүүнчлэлээ сэргээлээ.
-Хэлсэн, ярьсандаа хүрдэг байх ёстой гэж та түрүүн хэлсэн. Гэтэл УИХ-ын 57 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах ёстой гэж байсан хүмүүс Засгийн газрын гишүүн болмогцоо хэлснээсээ ухарчихлаа. Мэдээж таниас бусад нь л даа. Та тэр хүмүүсийн талаар ямар бодолтой байна вэ?
- Миний хувьд бол нэг л байр суурин дээрээ баттай зогсохыг хичээдэг. Би хүнийг дарга байхад нь дагаж гүйдэг хүн биш. Харин ч дарга нарыг буруу, зөрүү үйлдэл хийвэл ажлыг сайжруулаасай гэсэн үүднээс санал бодлоо шуудхан хэлчихдэг зантай. Ингэж хэлснийг минь зарим нэгэн хүмүүс хүлээж авахдаа шүүмжлэл гэж ойлгодог бололтой. Зовох цагт нөхрийн чанар танигдана гэдэг ардын сайхан үг байдаг. Би энэ л зарчмыг баримталж явсаар өдийг хүрсэн. Ямар нэгэн шийдвэрийг найз нөхөд болон салбар бүрийн мэргэжлийн хүмүүстэй ярилцаж, тодорхой хэмжээнд судалгаа хийсний үндсэн дээр гаргадаг. Аль болохоор зөв шийдвэр гаргахыг хичээж ирсэн. Мэдээж олонхиороо ярилцаад цөөнх болбол олонхийг хүндэтгэнэ л дээ. Саяхан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцэх үеэр Оюутолгойтой холбоотой заалт оруулах эсэх талаар хэлэлцсэн. Оюутолгой гэдэг үгийг л хассан болохоос ерөнхий агуулга нь орсон гэж үзэж байгаа. Одоогийн хувилбарыг бид хэрэгжүүлж чадвал тийм ч муу хувилбар биш. Би УИХ-ын 57 дугаар тогтоолыг тухай хэлэлцэхэд Оюутолгойн гэрээг засаж сайжруулах шаардлагатай гэсэн нам, эвслийнхээ байр суурийг илэрхийлсэн. Гэтэл энэ гэрээг зогсоох гэж буй мэт мөн үндэсний радикал үндэстний үзэл бодолтой нам мэтээр буруу ойлгуулахыг хүсэгч дотоодын болон гадны хүчин байгааг мэдэж байгаа. УИХ-ын 57 дугаар тогтоол хууль л юм бол хуулийг хэрэгжүүлэхийг л шаардаж байсан. Ер нь бол Засгийн газраас мөрийн хөтөлбөрийн төсөлд тусгасан заалтыг УИХ эхний хэлэлцүүлгүүдээр дэмжиж байсан атлаа эцсийн хэлэлцүүлгээр өөрчлөх нь буруу гэсэн байр суурьтай байсан. Тиймээс Оюу толгой гэдэг үгийг хасах шаардлагагүй гэж санал өгсөн. Эсрэг санал өглөө, танхимын зарчмыг баримтлаагүй гээд надтай энэ асуудлаар Засгийн газраас хариуцлага тооцно гэвэл хүлээж авахад бэлэн байна. Ямар ч байсан миний байр суурь анхныхаасаа өөрчлөгдөхгүй. Мэдээж, засч сайжруулахын төлөө асуудлыг шийдвэл санал нэг байлгүй яах вэ.
-МҮАН-н дарга М.Энхсайхан Н.Энхбаяраас холбоогоо тасалж байгаа тухайгаа мэдэгдсэн. Тэгэхээр МАХН, МҮАН-ын хамтарч ажиллах хугацаа ч дуусгавар болно гэж ойлгож болох уу. Мөн Н.Энхбаяр даргыг хоригдож байгаа талаар та бүхнээс эсрэг бодолтой байгаагаа ч илэрхийлж, М.Энхсайхан дарга “Н.Энхбаярыг хэлмэгдсэн гэж үзэхгүй” байгаа хэмээсэн. Та ер нь түүний ярианд ямар дүгнэлт хийсэн бэ?
-М.Энхсайхан даргын тэгж хэлснийг МҮАН-ын байр суурь биш, М.Энхсайхан гэдэг хувь хүний үзэл бодол гэж ойлгож байгаа. Тэр ч бүү хэл, М.Энхсайхан гэдэг намын дарга, улстөрчийн байр суурь ч гэж бодохгүй байгаа шүү. Тэр хүн ардчилсан нийгэмд үзэл бодлоо илэрхийлэх нь чөлөөтэй асуудал. Тиймээс бид М.Энхсайханд юу ярихыг нь зааж, зааварлах ёсгүй. Н.Энхбаяр даргыг шүүх хурал нээлттэй болсон нь давуу тал ч гэсэн шүүхийн шийдвэр нь урьдаас бэлтгэсэн жүжиг шүү дээ. Ямар ч нотлох баримтгүйгээр ял ногдуулсныг хүн бүр надаар хэлүүлэлтгүй монголын ард түмэн дор бүрнээ ойлгож дүгнэлтээ хийсэн байгаа. Өнөөдөр Монголын шүүх засаглал ямар түвшинд ажиллаж байгааг ард түмэн тэндээс мэдсэн л дээ. Зохиомол, эзэнгүй хэргийг хэрхэн эзэнтэй болгож яллаж болдгийг Монголын ард түмэн ил тодоор харуулсан шүүх хурал болсон. Хэлмэгдүүлсэн гэж үзэхгүй байгаа гэдэг үгийг М.Энхсайхан дарга хэлсэнд нь миний хувьд харамсаж гайхаж байна. Шүүх хурлын дараа бид уулзаж ярилцаж байхад Монголд хэлмэгдүүлэлт байна гэж ярьж байсан хүн ингэж өөрчлөгдсөн учрыг ойлгохгүй л байна.
-Албан тушаал өгөөгүйгээс болж гомдсон юм болов уу. Сангийн сайд болох байх гэж бодож байсан ч тэр суудлыг нь өгөөгүйд нэлээд гомдоллосон байх шиг байсан?
-МАХН болон МҮАН-ын хооронд хийсэн гэрээний дагуу 70:30-ийн харьцаатайгаар бүх томилгоог явуулсан. Тухайлбал, дөрвөн сайдын гурав нь МАХН-д, нэг нь МҮАН-д хуваарилсан нь дээрх зарчмыг баримтласан болно. Сайд нарыг томилоогүй байхад М.Энхсайхан даргад “МҮАН-ын даргын хувьд та өөрийн сонгосон яамныхаа сайд бол” гэж хэлж байснаа тодоос тод санаж байна. Тэр ч бүү хэл Шадар сайдын суудлыг ч санал болгосон. Харамсалтай нь өөрөө тухайн үед татгалзсан. М.Энхсайхан дарга УИХ-ын гишүүн байж болох боломж өөрт нь байсан. Миний санаж байгаагаар Н.Энхбаяр дарга “М.Энхсайхан чи бид хоёр эвслийн жагсаалтад орох ёстой гэдэг талаар ярьж байсан. Миний зүгээс түүнийг МҮАН-ын даргын хувьд жагсаалтын эхэнд бичигдэж орох ёстой гэж хэд хэдэн удаа хэлж, зөвлөж байсан. Харин М.Энхсайхан дарга татгалзаж, М.Сономпилийг өөрийнхөө оронд жагсаалтаар нэр дэвшүүлсэн шүү дээ. Бид М.Энхсайхан даргад маш олон боломжийг олгосон. Тиймээс МАХН-ыг амбиц хөөсөн, Н.Энхбаяр даргыг хэлмэгдээгүй гэж үзэж байгаа гэсэн гоморхлын үгсийг нь хүлээн зөвшөөрөх аргагүй байна. Үүнийг түр зуурын үл ойлголцол байх гэж найдаж байна.
-Э.Батшугарыг УИХ-ын гишүүн болгох гэж танай намынхан сүүлийн үед зүтгэх болсон нь Н.Энхбаяр дарга алсаас намынхаа үйл ажиллагааг удирдаж байгаа гэх хардлагыг төрүүлээд байгаа. Та үүнд ямар хариулт өгөх вэ?
-Сүүлийн үед Э.Батшугарыг гишүүн болгох гэж зүтгүүлээд байгаа юм биш. Харин сонгуулийн ерөнхий хороо хууль зөрчсөн асуудал үүсч байгааг онцлон тэмдэглэмээр байна. Хардах эрх хэнд ч байж болно. Гэхдээ өнөөдөр эрүүл ухаанаар ойлгох аргагүй хардалт бий болж байна. Ер нь өнгөрсөн 20 жилийн турш Н.Энхбаяр гэдэг хүнийг болж бүтэхгүй бүхий л зүйлтэй холбож “нүдлээ” шүү дээ. Н.Энхбаяр дарга өнөөдөр бидэн дунд эрх чөлөөтэй байж чадахгүй, хийгээгүй хэрнээ зохиомол хэргийн золиос болоод хэрэгтэн болчихоод байна. Тиймээс тэр хүнийг алсаас намынхаа үйл ажиллагааг удирдаж байна гэж хэлэх нь өрөөсгөл ойлголт. Н.Энхбаяр даргатай өдөр бүр уулзаад, өдөр тутмынхаа үйл ажиллагааг асууж, лавлаад тэр хүний заавраар яваад байгаа зүйл огтхон ч байхгүй. Мэдээж МАХН-ын даргын хувьд зарчмын асуудлаар санал бодлоо солилцож, зөвлөлдөх зүйл байлгүй л яах вэ. Ер нь тэр хүнийг хэлмэгдүүлээд зогсохгүй, гэр бүлийг нь, үр хүүхдийг нь давхар хэлмэгдүүлж байгаа нь ардчилсан нийгэмд байж болохгүй асуудал. Энэ бол хэлмэгдүүлэлт хэрээс хэтэрч байгаагийн тод томруун жишээ болсон гэдгийг хариуцлагатайгаар хэлье. Монголын шүүхийн байгууллага албан тушаалтнаас хараат, захиалгаар ажиллаагүй шударга шүүсэн бол энэ хүн болоод түүний гэр бүлийнхэн өнөөдөр ингэж хэлмэгдэхгүй байсан. Нийслэлийн шүүхээс “Н.Энхбаяр гэдэг хүний биеийн байдал маш муу байгаа учир шүүх хуралд суух боломжгүй” гэж мэдэгдсэн. Маш богино хугацаанд хүний биеийг ингэтэл нь доройтуулчихаад дахиад дээрээс нь энэ мэтээр “балбаад” байх хэрэг байна уу. Э.Батшугарын хувьд Н.Энхбаярын хүүхэд болохоор л УИХ-д сууж болохгүй гэсэн заалт хаана ч байхгүй. Тэр ч бүү хэл, өнөөдөр Монгол Улсад шударга шүүх гэж байдаг л бол зөвхөн Э.Батшугарыг УИХ-д оруулах, оруулахгүй тухай асуудлыг ч биш ер нь эвслийн жагсаалтаар анх нэр дэвшиж байсан хүмүүсийн тухай ч ярих ёстой.
-Э.Батшугарыг цэргийн алба хаасан тухай бичиг гарч ирсэн гээд байгаа. Энэ ямар учиртай юм бэ?
-Цэрэг татлагын нь үеэр Э.Батшугарыг сэжигтнээр татаад цэрэгт бүртгүүлэх боломжийг нь хааж улс төрийн янз бүрийн үйл ажиллагаа хийсэн юм билээ. Дахиад хэлэхэд Сонгуулийн ерөнхий хороо шударга ажилласан бол Э.Батшугар өнөөдөр УИХ-д сонгогдсон байх байсан. Хүнд хэцүү үед үр хүүхэд нь хууль журмынхаа дагуу УИХ-ын гишүүн болчихвол Н.Энхбаяр дарга лав эсэргүүцэхгүй байх гэж бодож байна.
-Тэгэхээр УИХ-ын сонгууль болохоос өмнө Э.Батшугарыг цэргийн алба хаасан гэсэн бичгийг Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлсэн гэсэн үг үү?
-Тухайн үед цэрэг татлага болоход нь Э.Батшугар сэжигтэн байсан учир бүртгүүлж чадаагүй хоцорсон. Тэгээд сэжиглэгдэх хугацаа нь дууссаны дараа цэргийн бүртгэлд бүртгүүлж бид түүний нэрийг эвслийн нэрийн жагсаалтад оруулсан. Гэтэл бидний нэр дэвшүүлсэн хүмүүсийг Сонгуулийн ерөнхий хорооноос “боловсролгүй, шаардлага хангахгүй” гэдэг шалтгаанаар хассан. Үүнийг би захиалгатай л гэж ойлгож байгаа. Зөвхөн “Шударга ёс” эвслийн нэр дэвшигчдийг тэгж нарийн шалгачихаад яагаад бусад намын нэр дэвшигчдийг шалгахгүй байгаа юм бэ? Бусад намаас нэр дэвшигчдийн дунд эх орныхоо газрын баялгийг харийнхантэй нийлж байгаад худалдчихсан, олигархижсан хүмүүс орсон шүү дээ. Энэ бүхнээс харахад улс төрийн зорилготой байсан гэдэг нь л батлагдаад байгаа юм.
-МАН-ын дарга Ө.Энхтүвшин Н.Энхбаяр даргыг эргэж очсон гэсэн. Тэд чухам юу ярилцсан юм бол оо. Хамтарч магадгүй гэсэн хоёр намын дарга уулзалдсан байна шүү дээ. Танд Н.Энхбаяр дарга тэр талаар ярьж байх юм уу?
-Ө.Энхтүвшин дарга хүн ёсны, жинхэнэ нөхөр ёсны хувьд Н.Энхбаяр даргыг эргэж очсон л гэж хэлмээр байна. Энэ бол хоёр намын нэгдэлтэй холбоотой асуудал огтхон ч биш. Хэдэн сараар уулзаагүй хүмүүс ганц уулзалтаар улс төрийн тохироо хийнэ гэж байхгүй. Дотор гаднагүй камер зоолттой тэр орчинд тийм зүйл ярих боломж ч байхгүй. Олон хүн Н.Энхбаяр даргатай уулзах хүсэлт гаргадаг ч тэр болгон хүсэлтийг нь холбогдох байгууллага нь хүлээж авдаггүй юм гэсэн. Цаашид шүүхийн байгууллага хуулийг тэгш хэрэгжүүлээсэй гэж хүсэж байна. Ө.Энхтүвшин дарга Н.Энхбаяр даргатай уулзах хүсэлтээ холбогдох байгууллагад нь уламжилсан ч хүлээж аваагүй учраас бидэнд хандсан. Ийм хүнд байгаа үед нь олон жил нөхөрлөж явсан нөхөр нь ирсэнд Н.Энхбаяр дарга их баярлаж байгаагаа хэлж байсан. Харахад ч ер нь туйлын сэтгэл ханамжтай байгаа нь анзаарагдсан. Ө.Энхтүвшин дарга, Н.Энхбаяр дарга хоёр нас чацуутнууд, хоёулаа хамт улс орныхоо төлөө зүтгэж явсан нөхөд. Тухайн үед “гурван Э” ч гэгдэж байсан шүү дээ. Гэтэл тэр хоёр хүнийг зэрэгцээд сууж байхыг харахад надад ч мөн сайхан сэтгэл төрж байсан. Тэд бол нэг үеийнхэн, гэтэл ах, дүү хоёр сууж байгаа юм шиг харагдаж байсан. Хэтэрхий их насны зөрүүтэй юм шиг гэх үү дээ. Тийм учраас харахаар л сэтгэл эмзэглэдэгээ нуугаад яах вэ. Засгийн газраа хамтарч байгуулаад, гавьяа шагналыг гараас нь аваад л явж байсан олон хүмүүс бий. Улс төрийн үзэл бодол өөр байлаа гээд хүн чанар өөрчлөгдөхгүй байх аа. Хүнд хэцүү үед нь гашуун нясуун үгээр хүнийг баалж тохуурхахын оронд сэтгэлийн дэм өгдөг нь Монгол хүний жудаг юм даа.
-Одоо Н.Энхбаяр даргын биеийн байдал нь ямархуу байна вэ. “Эрүүл мэндийн шалтгаанаар ялаас мултлах гэж МАХН-ынхан Эрүүл мэндийн сайд, Хууль зүйн дэд сайдын албан тушаалыг авсан” гэх яриа улс төрийн хүрээнийхний дунд гарсан байсан?
-Аливаа зүйл бодит үнэнээрээ л байх ёстой. Н.Энхбаяр даргын биеийн байдал тааруу байгаа нь бодит үнэн. Шоронд байхдаа ухаан алдаж хойшоо савж унаад дагзандаа гэмтэл авсан. Хичнээн эмчилгээ хийлгээд байгаа ч биеийнх нь байдал сайжрахгүй байна. Гар барихад гар нь байнга хүйтэн, цусны эргэлт нь сайжрахгүй, хоол ундандаа ч сайн орохгүй л байна. Эрүүл мэндийн сайд хэн байх нь хамаагүй. Эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа, тангараг өргөсөн эмч хүн ард түмнийхээ эрүүл мэндийн төлөө л ажиллах ёстой. Н.Энхбаяр даргад тодорхой шинжилгээнүүд хийлгэсэн. Цаашид эмчлүүлэх шаардлага зайлшгүй байгаа. Монголын түүхийг бүтээлцсэн тэр хүний туршлага, эх оронч сэтгэл, мэдлэг чадварыг ашиглаж Монгол төрийн төлөө зүтгүүлэх ёстой. Тэр хүний бие, эрүүл мэндийг санаатай муутгах дайралт хийж тоглох, ямар нэгэн хорлонтой үйл ажиллагаа хийхийг бид зөвшөөрөхгүй.