Д.Тэрбишдагва: Шударга ёсыг тогтооход миний хариуцаж байгаа салбар чухал үүрэгтэй
Шадар сайд Д.Тэрбишдагва
2012.09.26

Д.Тэрбишдагва: Шударга ёсыг тогтооход миний хариуцаж байгаа салбар чухал үүрэгтэй

 
“Ярилцах цаг”-ийн энэ удаагийн зочноор Шадар сайд Д.Тэрбишдагвыг урилаа.
-Шадар сайдаар анх томилогдоход тань ярилц­лага авъя гэсэн ч та “Зав­гүй, ажил их байна” гэж хойшлуулсаар бараг са­рын дараа уулзлаа. Таны ажил­лаж буй Засгийн газ­рын “Шинэчлэлийн” гэдэг тодотгол ямар агуулгатай, мөн тэрхүү танхимд Шадар сайдын хариуцлагатай албыг хаших нь ямар онц­лог­той вэ гээд олон асуулт гарч байна?

-Сүүлийн 20 гаруй жи­лийн хугацаанд Монгол­чууд бид ардчилал, шинэч­лэ­лийн тухай их ярьсан. Бид хүний эрхийн талаар ярьдаг атлаа үүрэг хариуц­лагын тухайд дутуу орхи­сон зүйл олон байна. “Шинэчлэлийн” Засгийн газрын хамгийн чухал ажил нь хүмүүсийн үүрэг, хариуцлагыг сайжруулна. Аливаа улс орон хөгжихөд хамгийн их хариуцлага үүрч байгаа хүмүүс өөрс­дөө манлайлах ёстой. Бу­сад улс орны туршлагаас үзэхэд, та бидний мэдэх хам­гийн ойрын жишээ­нээс татахад Сингапур, Япон, Солонгос зэрэг улс орны удирдлагууд нь өдөрт тогтмол 12 цагаас дээш, шаардлагатай тохиолдолд 16-17 цаг ажилладаг. Тий­мээс “Шинэчлэлийн” Зас­гийн газрын сайд нар аж­лын өдрүүдэд өдөрт 12 цагаас дээш ажиллаж бай­на. Засгийн газрын хуралдааныг бямба гаригт явуулдаг боллоо. Ман­лайл­лыг бид өөрсдөөсөө эхэлж үүрэг, хариуцлага биднээс эхтэй гэж үзсэн. Бас нэг асуудал гэвэл өөрийн гэсэн тогтмол ажил­тай, байнгын орлого­той хэн ч байсан сэтгэл хангалуун аз жаргалтай амьдрах ёстой. Тиймээс ард иргэдээ ажлын байр­тай болгоход Засгийн га­зар түлхүү анхаарч ажил­лана.

 

Олон жил ярьсан их бүтээн байгуулалтын аж­лыг эрчимтэй эхлүүлнэ зэргээр тоочоод байвал Засгийн газарт хийх ажил их байна. Нөгөө талаар та миний эрхлэх асуудлын хүрээнд хариуцаж байгаа салбарын ажлын онцло­гийг асууж байх шиг бай­на. Шадар сайдын хийж гүйцэтгэх ажил маш их хариуцлагатай, ихэвчлэн сахилга, дэг журам, хя­налт шалгалт хариуцсан салбарууд багтдаг. Ту­хайл­бал, Онцгой байдлын ерөнхий газар л гэхэд осол аваар гамшиг, сүйрэл га­зар хөдлөлт, гал усны аюул, гэх мэтчилэн эх орны хаана хэзээ ч тохиол­дож болох аюул эрсдэлийг хянаж, түүний эсрэг арга хэмжээг хэрэгжүүлэх байн­гын бэлэн байдалд байх ёстой. Тэнд сахилга хариуцлага, сонор сэрэмж өндөрт тавигддаг. Мэргэж­лийн хяналтын ерөнхий газрыг Шадар сайд мөн хариуцдаг. Тэнд хяналтын тогтолцоо төвлөрч байгаа­гаас гадна хүнд суртал, ав­лигын асуудал мөнхийн сэ­дэв, байцаагч нарын мэргэжлийн ур чадварын талаар санал гомдол ихээр ирдэг.

 

Эдгээр нөхцөл шаард­лагууд нь дээрх байгууллагуудад ажиллаж байгаа байдлаас боловсон хүчнийг чадавхижуулах, дадлагажуулах хэрэгтэйг харуулж байна. Хууль зөрч­сөн хэн боловч хуу­лийн өмнө тэгш ха­риуц­лага хүлээнэ. Байцаагчид шалгах ёстой ажлаа шалгадаг, тэр нь үнэн бодитой байж түүндээ ха­риуцлага хүлээх чадвартай байх ёстой. Тэгэхгүйгээр албан тушаалтан, эрх мэдэлтэй хэн нэгнийг илж өнгөрүүлчихээд, жирийн иргэн, жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд хатуу ханддаг байж таарахгүй. Товчоор хэлэхэд “бай­цаагч нар шалгана, шал­гасныхаа дараа хариуц­лагыг өөрсдөө хүлээнэ” гэдэг зарчмаар ажиллах хэрэгтэй. Тиймээс миний зүгээс баримталж байгаа гол зарчим бол зөв зүйтэй шийдвэр, үнэн шударгын төлөө ямар ч албан тушаал­тан, эрхтэн дархтнаас айж эмээлгүйгээр хуулийг жинхэнэ ёсоор хэрэгжүүл гэсэн шаардлага юм.

-Хуучин нэрээр тенде­рийн хороо, одоо Худалдан авах ажиллагааны газар гэж нэрийг нь өөрчлөөд байгаа агентлагийг Шадар сайд хариуцах болсон. Тэнд ямар шинэчлэл хийх вэ?

-Худалдан авах ажил­лагааны газар улсын бо­лон орон нутгийн хэм­жээнд улсын төсвийн мөнгөөр бараа үйлчилгээг худалдан авах ажлыг зохион байгуулна. Тий­мээс төрийн өмнө маш том хариуцлага хүлээсэн газар учраас сайн ажиллах ёстой. Бараа, үйлчилгээ худалдан авч байгаа зардал татвар төлөгчдийн мөнгө, та бидний хөрөнгө. Унтах нойроо хугаслан идэх хоолоо хасч, өдөр шөнөгүй ажиллаж байгаа жижиг дунд үйлдвэр­лэгчид, үйлдвэр аж ахуйн газрууд, бизнесийнхний татварт төлж буй мөнгө. Тэр мөнгийг төсвийн байгууллагын тендер гэдэг нэрийн дор чанаргүй бараа, үйлчилгээ ний­лүүл­дэг байж таарахгүй. Төсвийн хөрөнгөөр хамгийн чанартай бараа, ажил үйлчилгээг худалдан авах ёстой. Гэтэл өнөөдөр гэхэд хэчнээн олон чанаргүй зам баригдаж байна вэ. Зам, эрчим хүчний асуудлаас эхлээд олон зүйл дээр улсын төс­вийн хөрөнгөөр худалдан авч байгаа бараа, ажил үйлчилгээний чанарыг сайжруулж шударга ажил­лаж байгаа хариуцлагатай компани, аж ахуйн нэгжийг шалгаруулахад анхаарна. Чанаргүй бараа ажил, үйлчилгээ нийлүүлэхийг оролдсон гэрээний үүргээ хангалтгүй биелүүлсэн компаниуд дээр “хар түүх” хөтөлж дараагийн удаа тендерт оролцох эрх­гүй болгох арга хэмжээг нь ил тод хэрэгжүүлнэ. Үүнтэй адил зарчмыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт мөн хэрэгжүүлнэ. Шударга, өрсөлдөөнийг тогтоохын тулд монополь эрхтэйгээр үйл ажиллагаа явуулж ард түмнийг хохироож байгаа явдлыг таслан зогсоох болно. Энд зориуд нэг зүйлийг дахин онцолж хэлэхэд, олон хүнийг ажлын байраар хангаж, улс эх орондоо шударгаар өндөр татвар төлж байгаа, ажил хэрэгч хүмүүсийг монополь байна гэж үзэж ажлыг нь зогсоож болохгүй. Үүний нөгөө талд хэрэглэгчээ, иргэдээ хохироосон нь шалгалтаар тогтоогдсон байгууллага аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоож яагаад болохгүй гэж.

-Олон жил ярьж, шүүмжилж байгаа ч ахиц гардаггүй Оюуны өмчийн газар болон шударга зарчим алдагдаж байна гэж хэл ам таталдаг Стандарт хэмжил зүйн газарт ямар зарчим хэрэгжүүлэх вэ?

-Бид оюуны өмчийн талаар олон асуудал ярь­даг. Монголчууд эртнээсээ оюунлаг ард түмэн. Тиймээс оюуны өмчийг зөв бүртгэж, мон­гол­чуу­дынхаа бүтээсэн оюуны гайхамшгийг дэл­хийд зар­лахад анхаарах нь чухал. Стандартчилал хэмжил зүйн газарт Европ стандартыг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана. Бүх зүйл стандарт бус бол­чихоод байгаа өнөөгийн нөхцөлд бүгдийг стан­дар­тын дагуу хийж, цаашид хэвшүүлэх нь чухал байна.

-Ингэхэд Засгийн газар байгуулагдаж сайд нар томилогдоод нэг сар болж байна. Та ажлаа хаанаас эхлэв?

-Хариуцсан бай­гуул­лагуудаараа орж ажил бай­далтай нь танилцаж яг ямар үйл ажиллагаа явуулж байгааг өөрсдийнх нь амнаас сонссон. Ажлын хариуцлагатай, сахилга баттай манлай­лалтай ажиллана шүү” гэдгийг очсон газар бүртээ захисан. Төрд ажиллаж байгаа та бидний ман­лайллаас ажил эхэлнэ. Ажилдаа хариуцлагатай хандаж, үүрэг хариуц­лагыг сайжруулна.

-Манайд сахилга, хариуцлагын асуудал ярихаар эсрэгээрээ айдас, хүйдэс төрүүлсэн зүйл болж хувирдаг. Халж, солих гэж байна гээд л түгшдэг, бужигнадаг ийм зуршил бий болоод удаж байна шүү дээ?

-Ёс зүйтэй, ажлын цагтаа багтааж ажлаа хийдэг, цаг баримталдаг байх нь айдас төрүүлсэн зүйл биш. Хариуцлагагүй хүмүүс л халж, солих гэж байна гэж айдаг байх. Айж эмээх зүйлгүй ажлаа бардам сайн хийдэг л бол тухайн хүний ажлыг хэн ч байсан дэмжээд хамтран ажиллана. Би өмнө нь хэлсэн. Сахилга, хариуц­лагын асуудлыг бүх газарт анхааруулахаас ажлаа эхэл­сэн. Одоо очсон бүх харъяа газрууддаа Шадар сайдын албан даал­гавар гардуулж өгө­хөөр бэлтгэн төлөвлөгөө гарган ажил­лаж байна. Албан даал­гаврыг ажил гэж бодож хэрэгжүүлэх ёстой.

-Засгийн газар болон, таны хариуцсан салбарт бүтэц зохион байгуулал­тын болон шийдвэрлэх асуудлуудын хүрээнд ажил хэр цэгцэрч байгаа вэ?

-Сарын хугацаа гэдэг урт юм шиг атлаа бас богино юм. Энэ хугацаанд бид хамтарсан Засгийн газар байгуула­хаар гэрээ хэлэлцээр хийж, үйл ажиллагаа­ныхаа хамтар­сан мөрийн хөтөлбөрийг боловсрууллаа. Одоо 2013 оны улсын төсөв дээр ажиллаж байна. Ажлын өдрүүдээс гадна хагас, бүтэн сайнд амралгүй сууж ажилласнаар амжуулсан зүйлүүд нэлээд байна. Бүтэц, зохион байгуулалтын тухайд яарч хийхээс илүү хаана юуг нь шинэчилвэл орон тоо хэмнэх вэ, аль салбарт ажил сайжруулах үүднээс орон тоо, зохион байгуулалтыг яаж өөрчлөх вэ гэдгээс эхлээд цаг хугацаа шаардсан ажлууд бий. Нэгэнт бий болсон бүтцийг өөрчлөх гэж яарах хэрэггүй юм. Тэнд төрийн ажил явж байна. Шадар сайдын хариуцсан ажлын хүрээнд худалдан авах газрын бүтэц, зохион байгуулалтын асуудлыг ярьж байгаа. Энэ нь олон нийтийн анхаарлыг татсан асуудал учраас маш нээлт­тэй ажиллах хэрэгтэй. Ца­хим хэлбэрт шилжүүлбэл хүнээс хамааралтай байдлыг багасгаж, нөгөө талаас цаг хугацаа, зардал хэмнэх ач холбогдолтой.

-Та УИХ-д олон удаа сонгогдож төр түшилцсэн манай мэргэшсэн пар­ламентчдын нэг. Засгийн газарт дэд сайд болон салбарын сайдаар ажил­лаж байсан турш­лага­тай. Эв нэгдлийн, Их эвслийн, Стандарт бус гээд янз бүрийн тодотголтой ажил­лаж ирсэн өмнөх Засгийн газруудаас таны алба хашиж буй Н.Алтанхуя­гийн танхим юугаараа онцлог байх бол?

-Монгол хүний олон сайхан зан чанар бий. Тухайлбал, монголчууд жудагтай байна гэж ярьдаг. Түүнтэй адил бид өмнөх үедээ жудагтай хандаж, сайн зүйлүүдийг нь авч цаашид бодлогодоо тусгах ёстой. Хийсэн бүтээсэн зүйлийг бүгдийг нь харлуулж болохгүй. Өмнөх үеэ харлуулсан улс орон хөгждөггүй. Өмнөх түүхийнхээ сайн мууг нь ялгаж, тэрхүү түүхэн үед бүтээгдсэн зүйлүүд, түүхэн хүмүүсээ хүлээн зөвшөөрч байх нь дараа дараагийн ажиллах хүмүүс болоод ирээдүй хойчид туршлага, нэг ёсондоо үндэс суурь болж өгнө. Өмнөх Засгийн газруудад би бүгдэд нь ажиллаж байсан. Сайн зүйлүүд ч, сул тал ч их бий. 2000 онд би Хүнс, хөдөө аж ахуйн салбарт дэд сайдаар ирж байлаа. Газар тариалангийн салбар нур­чихсан, улсын хэмжээнд үйлдвэрлэж байгаа улаан буудайнхаа 23-хан хувийг дотооддоо хангадаг, малын тоо толгой 25 саяас илүү гардаггүй байсан бол өнөөдөр энэ бүхэн өөрчлөгдсөн. Одоогийн байдлаар улсын хэмжээнд улаан буудайн хэрэгцээг 100 хувь дотооддоо хангадаг, малын тоо толгой өсч 40 саяд хүрсэн, жил бүр “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэм­жээг зохион байгуулдаг болсон. Миний хариуцаж байсан салбарын ажлаас эхлээд “Мянганы зам”-ын бүтээн байгуулалт, авто замын сүлжээ гээд томоохон ажлуудыг аваад үзэхэд өмнөх Засгийн газруудад үр дүнтэй ажил­ласан, хийсэн бүтээсэн зүйлүүд олон бий.

 

Гэхдээ тухайн үед эдийн засгийн нөхцөл байдал төдийлөн сайн байгаагүй. Зах зээлд шилжээд удаагүй байсан үед үйлдвэр аж ахуйн газрууд нурчихсан, үндэсний үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдэж чадаагүй. Гадаад зах зээлд ашигт малтмалын үнэ өсөөгүй хүнд байсан 2000 оны үеийн Засгийн газрууд сайн ажиллаж ирсэн. 2004 оноос дэлхий нийтийн хэмжээнд уул уурхай, ашигт малтмалын салбарыг ихээхэн сонирхож, Монгол Улс өөрөө сонирхолтой улс болж эхэлсэн. Ялангуяа 2008-2012 оны Засгийн газар уул уурхайн салбарт Монголын баялгийн сүр дуулиан болж байсан үе. Дэлхий нийт Монголыг сонирхож эхэлсэн. Үүнийгээ дагаад ДНБ-ий хэмжээ өсч эдийн засгийн хувьд таатай үе тохиосон. Одоо дэлхийн эдийн засгийн хямрал нүүрлэнэ гэж байгаа ч Монгол Улс түүнээс ухаантай гарч чадах юм бол боломж бий. Шинэчлэлийн Засгийн газар өмнөх үеийн бай­гуулсан сайн зүйлүүдийг авч, саарыг нь хаяад аж­лаа үргэлжлүүлэх ёстой. Шударга ёсыг тогтоох, их шинэчлэл, бүтээн бай­гуулалтыг хийх боломж­той үе тохиож байгаа учраас бид аль болохоор Засгийн газруудын өмнөх алдаа дутагдлыг давтахгүй ажиллана.

-Шинэчлэлийн Зас­гийн газар шударга ёс тогтооно, шинэчилнэ гэж байгаа. Засгийн газарт хамтран ажиллаж байгаа танай намын хувьд мөн шударга ёсыг тогтоохоо амлаж, эвслээ ингэж нэр­лэн сонуульд оролцож, сонгогчдын тодорхой ху­вийн саналыг авсан. Та бүхний дэвшүүлсэн шудар­га ёсны зарчмууд Засгийн газрын мөрийн хөтөлбөрт хэр туссан бэ. Нөгөө талаар шударга ёсыг тогтоох амаргүй болов уу?

-Шударга ёсны талаар Засгийн газрын мөрийн хөтөлбөрт боломжийн хэмжээгээр тусгагдсан. Мэдээж намынхаа мөрийн хөтөлбөрийг тэр чигээр нь үг үсэг гээлгүй оруулах боломжгүй шүү дээ. Гурван субьект Засгийн газрыг бүрдүүлж байгаа учраас өөрсдийн мөрийн хөтөлбөрт дэвшүүлсэн зүйлүүдээ оруулахыг зорьсон. Нам, эвслийн мөрийн хөтөлбөрт давхацсан зүйл олон бий. Гурвууланг нь нийлүүлж ерөнхий болгож оруулсан зүйлүүд ч байгаа. Тус тусад тусгасан асуудлууд ч байна. Тэрхүү мөрийн хөтөлбөрийг биелүүлж чадвал шударга ёсыг тогтооход ихээхэн хувь нэмэр оруулна. Засгийн газар мөрийн хөтөлбөрт дэвшүүлсэн шударга ёсыг тогтоох арга хэмжээг хэрэг­жүүлэхээс гадна УИХ-аас ч шударга шийдвэр гарч байх ёстой. Тэндээс гарсан хууль, тогтоомжийг Засгийн газар хэрэгжүүл­дэг байх учиртай. Шударга ёсыг тогтооход миний хариуцаж байгаа салбар их чухал үүрэгтэй. Ийм байхыг ч биднээс шаардаж байгаа. Нэг үгээр хэлбэл, эвслийн маань нэр “Шударга ёс”, хариуцаж байгаа салбарууд бүгд шударга ёс, сахилга хариуцлагатай холбоотой. Нөгөө талаас шударга ёсыг тогтоох амаргүй гэдэгтэй би санал нийлнэ. Харъяа салба­руудын ажилтай танил­цаж явахад ялангуяа Мэргэжлийн хяналтын газраас гаргасан судал­гаа­наас үзэхэд олон газарт байцаагч нар акт тавьчихсан байна. Гэтэл тэр актыг хүлээн зөв­шөөрөхгүй байгаа газрууд нь цаанаа улс төрийн том эзэнтэй, хууль хүчний байгууллагын нөлөөтэй байх жишээтэй. Ийм газ­рууд ихэвчлэн байцаагч нарын өгсөн үүрэг даал­гаврыг үл тоомсорлодог нь харагдсан.

-Мэргэжлийн хянал­тын газар болзошгүй аюул, ослоос урьдчилсан сэргийлэхэд анхаардаг бол аюул, осол болоход авран хамгаалах үүрэгтэй аврах албаныхан ажлын багаж­гүй, хамгаалах хэрэгсэл дутмагаас өөрсдөө аюулд орж байна гэсэн мэдээлэл дуулддаг. Засгийн газрын төвшинд энэ асуудалд хэрхэн анхаарах вэ?

-Хариуцлагагүйн зуд улс орны хэмжээнд газар авсан байна. Тиймээс миний түрүүнд хэлсэн үүрэг, хариуцлагыг сайж­руулах нь чухал. Нөхцөл байдал үнэхээр хүнд байна. Бид манайлалыг өөрсдөөсөө эхлүүлье гэж байгаа шиг дунд шатны албан тушаалтнууд хүнд суртлаа арилгах талаар мөн санаачилга гарган ажиллах ёстой. Нөгөө талаас хяналт, шалгалтыг бодлогогүй хэт хавтгай­руулбал иргэд, аж ахуйн байгууллагын үйл ажил­лагаанд дарамт учруулж мэдэх аюул байна. Тийм учраас хяналт гэдэг нь иргэн бүрийн үүрэг юм. Иргэдээ манлайлж, мэр­гэжил арга зүйн талаас нь тэдэн­тэйгээ хамтарч ажил­лах нь төрийн бай­гууллагын үүрэг, зорилго байх ёстой. Онцгой байдлын ерөнхий газрын хувьд хүний амь нас ав­рах, аюул гамшгийг арилгахад анхаарч галын шугамд ажилладаг төрийн тусгай албан хаагчид. Тэнд ажиллаж байгаа хүмүүсийг төр анхаарч зохих хамгаалалтын хэрэг­­сэл, тоног төхөө­рөмж, өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах боломжоор нь хангах ёстой. Нөгөө талаас хүний хүчин зүйлтэй холбоотой асуудлууд ч бас байна. Тухайлбал, түймэр гэхэд л тэр бүр гараад байдаггүй хувь хүний сахилга, хариуцлагатай холбоотой. Байгалийн давагдашгүй хүчин зүйл, үер усны аюул зэрэг хүнээс үл хамаарсан зүйлүүдэд Онцгой­гийнхон бэлэн байдалд байх ёстой. Тиймээс Онцгой байдлын ерөнхий газрын харъяанд тоног төхөөмжийг сайжруулах ажил хийгдэж байгаа. Гэхдээ сэтгэлд хүртэл хийсэн зүйл алга.

-Сүүлийн үед мэргэж­лийн хяналтын газрыг чиглэсэн шүүмжлэл нэлээд өрнөж байна?

-УИХ-аас ажлын хэсэг гарсан. Хариуцлага аль шатанд сул байгаа нь ажлын хэсгийн шалгал­таар тодорхой болох байх. УИХ-аас томилогд­сон ажлын хэсгийн хяналт, шалгалтаар ямар нэгэн дүр зураг гарна гэдэгт найдаж байна. УИХ өөрөө ард түмний төлөөлөл учраас хүний амь нас эрсдэж буй хариуцлагагүй байдлыг шалгах учиртай. Ажлын хэсэг зөвхөн барилгын тухайд бус аваар осол гарч байгаа асуудлууд юунаас болж байгааг олж тогтооход анхаарах шаардлагатай. Мэргэжлийн хяналт гэдэг цаасаар хяналт тавих биш, газар дээр нь очиж заавар зөвлөгөөг урьдчилан өгдөг байх ёстой. Миний хувьд ч гэсэн хариуцлагагүй, сахилга батгүй ажилтнуудад хариуцлага тооцох болно. Цаашид хариуцлагагүй байдлыг яаж таслан зогсоох вэ гэдэг хамгийн чухал. Би ярилцлагын эхэнд хэлж байсан “Бид эрх, үүрэг­тэй. Гэтэл эрхээ эдлээд, үүргээ орхигдуулаад бай­на” гэж. “Эрхийн мангар болно” гэж монголчууд үр хүүхдээ болгоомжлуулдаг шүү дээ. Үүнтэй адил эрх чөлөөт монголчууд маань эрх ярьсаар үүргээ мартаж “Эрхийн тэнэг” болоод байгаа тал байна. Нийтийн үүрэг гэж бий. Үүргээ биелүүлж хариуцлагаа ухамсарлаад ажлаа зөв хийж үр дүн гаргая. Дор бүрдээ ингэж ажиллаж чадвал байдал өөр болно.

-Та өөрийн ажиллаж буй салбарын хүрээнд сахилга, хариуцлагыг сануулж бас уриалсан албан даалгаврыг гар­дуулна гэсэн. Харин ажил хүлээж авснаас хойш хэвлэлд өгсөн анхны ярилцлага энэ болов уу. Тиймээс Монгол Улсын Шадар сайдын хувьд ард иргэддээ хандаж юу хэлэх бол?

-Засгийн газрын гишүүний хувьд, УИХ-ын гишүүний хувьд, намын дэд даргын хувьд гээд олон ажил бий л дээ. Салбарынхаа ажилтай танилцаж, үүрэг чиглэл өгөхөөс эхлээд завгүй л ажиллаж байна. Гэхдээ би ийм юм хийчихлээ гэж рекламдаж сурталчлахаас илүү 2012 оны арванхоёрдугаар сарын 31-ийг хүртэл ямар ч гэсэн энэ эрчээрээ ажиллахад хариуцсан газрууд маань эмх цэгцэнд орчих байх гэж найдлага тавьж, түүндээ гол анхаарлаа төвлөрүүлж байна. Эхний үр дүн 2013 оны нэгдүгээр сараас харагдах болов уу. “Уул үзээгүй хормой шууж, ус үзээгүй байж гутал тайлна” гэдэг шиг юу юуны туханд хүрэлгүй хэвлэлээр ярих утгагүй. Мэдээж ажлын талаар сонин, хэвлэлээр ярьж мэдээлэл өгөх нь зөв ч эхлээд ажлаа хийе, үр дүнг нь харуулъя. Гол нь амаар биш ажлын амжилтаар үзүүлье гэж бодож байна.

 

Монгол Улсын Шадар сайдын хувьд ард түмэндээ хандаж хэдэн зүйлийг хэлж, Монгол­чууд­даа уриалахыг хүсч байна. Манай улс хоёр том гүрний дунд оршдог. Бидэнд өвөг дээдсээс үлдээсэн их түүх, түүхийн асар их бахархал бий. Өвөг дээдэс маань дэлхийд гайхагдсан их түүхийг бүтээхийн тулд зүгээр нэг дайн тулаан хийж дэлхийг тойроогүй, асар их хө­дөлмөрч, маш эв нэг­дэлтэй, Эх оронч хүмүүс байсан. Энэ бүгдийг цаашид өвлөн хамгаалах ёстой. Мөнхийн хөрш бол­сон хоёр их гүрэнтэйгээ өрсөлдөх чадвартай байхын тулд хүн болгон оюунлаг, ажилсаг, эх оронч байх нь бидний маш том бахархал бөгөөд хийж чадах ёстой ажил. Хүн болгон улс орынхоо язгуур эрх ашгийн төлөө зүгээр ярьж шүүмжлэх бус ажил хийдэг эх оронч баймаар байна. “Эх орондоо хайртай байна гэдэг эх орноосоо юу хэрэгтэйгээ шаардах бус би эх орондоо юу хийж бүтээж чадах вэ гэж асуухаас эхэлнэ” гэсэн үг бий. Монгол хүний бүтээсэн юм болгон эх оронд чинь, үр хүүхдэд чинь үлдэнэ. Тиймээс хүн болгон түүний төлөө ажиллаасай гэж уриалъя.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.