Д.Тэрбишдагва: Н.Энхбаяр, Ө.Энхтүвшин хоёрыг хараад хоолой зангирсан
Шадар сайд Д.Тэрбишдагва
2012.10.05

Д.Тэрбишдагва: Н.Энхбаяр, Ө.Энхтүвшин хоёрыг хараад хоолой зангирсан

-Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдаад сар гаруйн хугацаа өнгөрлөө. Энэ хооронд “МАХН, МҮАН хоёр эв түнжингүй байгаагаас болоод “Шударга ёс” эвсэл задарч Засгийн газрын бүрэн бүтэн байдалд сэв суух нь” гэсэн утгатай мэдээллүүд тас­ралтгүй хөвөрлөө. Та Ша­дар сайд, МАХН-ын дэд даргын хувьд энэ асуултад бодитой хариулт өгөхгүй юу?
-Засгийн газрыг байгуулах гэж бид нэлээд хугацаа алд­сан. Гэтэл Засгийн газрыг бай­гуулаад хэдийнэ 40 гаруй хоногийг ардаа үдээд байна. Бид цаг хугацаатай уралдан ажиллаж байгаа учир энэ 40 гаруй хоног их урт хугацаа юм шиг санагдаж байгаа шүү. УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар Засгийн газ­рын үйл ажиллагааны хөтөл­бөрийг батлуулж, зарим томил­гоонуудыг хийлээ. Мөн 2012 оны төсвийн тодотголыг бат­луулсан зэргээс харахад бид энэ хугацаанд чамгүй ажлыг амжуулаад байна. Шинэч­лэлийн Засгийн газарт нэг эвсэл, хоёр нам хамтарч ажиллаж байгаа учир  санал зөрөлдөх, мэтгэлцэх асуудал гарна.

Нам хооронд байтугай нэг намын дотор ч санал зөрөлдөх асуудлууд гардаг шүү дээ. Түүнтэй л ижилхэн гэх үү дээ. Өнөөдөр бид ардчилсан нийгэмд амьдарч байгаа учир тулгуур зарчмаа баримталж мэтгэлцэх зарчмаар л ажлаа хийж байна. Энэ нь Засгийн газрын шийдвэрийг илүү эрүүл болгох гарц юм. Тиймээс би Засгийн газрыг задралын хэмжээнд хүртэл зөрчилдөөнтэй байгаа гэдэгтэй санал нийлэхгүй байна. Цаашид бид харилцан бие, биеээ хүндэтгэсэн хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулна. Харин хэн нэг нь хэт дарангуйлсан юм уу, илүүрхэсэн, тулган шаардсан байж болохгүй. Мөн шинэчлэлийн Засгийн газрыг бүрдүүлж байгаа нам, эвслүүд хоорондоо харилцан  ярилцсаны үндсэн дээр шийдэх асуудал цөөнгүй бий.
-Тухайлбал, ямар асуудал гэж?
-Шинэчлэлийн Засгийн газрын гэрээнд Ардчилсан нам болон “Шу­дарга ёс” эвсэл 75:25 гэсэн бүтэц­тэйгээр Засгийн газрыг бүрдүүлэхээр заасан. Үүн дээр санал, бодлын зөрүүтэй зүйл цөөнгүй гарсан ч бид зохицож тохирч  чадсан. Уг гэрээнд мөн Орон нутгийн хурлын сонгууль болон Ерөнхийлөгчийн сонгуульд шинэчлэлийн Засгийн газрыг бүр­дүүлж буй нам, эвсэл хамтарч орно гэж заасан ч Ардчилсан намын зүгээс Засгийн газар байгуулсан шигээ Орон нутгийн хурлын сонгуульд хамтарч оролцох боломжгүй гэдгээ мэдэгдсэн. Зарчмын хувьд амаар тохироод сонгуульд оролцъё  гэсэн байр суурийг илэрхийлж байгаа юм. Тиймээс энэ асуудал дээр санал зөрөлдсөний улмаас Орон нутгийн хурлын сонгуульд хамтарч оролцох боломжгүй болсон. Өнгөрсөн лхагва гарагт намынхандаа Орон нутгийн хурлын сонгуульд  нэр дэвшигчдээ шударгаар тодруулах тухай албан даалгавар өгсөн. Иймэрхүү маягаар хоорондоо зөрчилтэй асуудал бай­гааг үгүйсгэх аргагүй юм.
-МАХН байгуулагдсан цагаасаа эхэлж орон нутагт мянгат, зуут гэсэн нэгжүүдээ байгуулж эхэлсэн. Энэ бүхэнтэй холбоотойгоор танай намын нэр хүнд Орон нутагт өндөр байгаа учир та бүхэн орон нутгийн хурлын сонгуульд дангаараа оролцоно гэж мэдэгдсэн юм биш үү?
-Тийм утга бүхий мэдээлэл гарсан байна лээ. Манай намын зүгээс албан ёсоор мэдэгдэл гаргаагүй. Орон нутгийн хурлын сонгуульд МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвсэл хам­тарч оролцоно гэсэн ерөнхий зарчмаа бид хэдийнэ тохирчихсон. Орон нутгийн хурлын сонгуульд оролцохдоо  МАХН, МҮАН олон газарт  хамтрахаар болсон ч зарим газарт тусдаа орно. Тухайлбал, МАХН-ын нэр хүнд өндөр байгаа газарт МАХН-ынхан дангаараа, МҮАН-ын нэр хүнд өндөр байгаа газарт МҮАН-ынхан дангаараа оролцохоор тохиролцсон гэх үү дээ. Харин хамтарч сонгуульд оролцохоор болсон газарт квотоо хэрхэн тогтоохоо орон нутгийн намууд өөрсдөө шийднэ. Ер нь бид орон нутаг дахь салбарууддаа зас­гийн эрхийг хамтарч барьж байгаа намуудтайгаа аль болох хамтдаа орох чиглэлийг л өгсөн. Орон нутаг дахь намууд өөрсдөө нөхцөл байдлаа тодорхойлоод саналаа ирүүлсэн. Бид тэдний саналыг хүндэтгэж үзэхээс аргагүй. Ирсэн саналуудыг судалж үзэхэд  харьцангуй байсан л даа. Нэг хэсэг нь дангаараа орно гэж байхад нөгөө хэсэг нь хамтарч орох боломжтой гэж байх жишээтэй. Бүр Ардын намтай хамтарч орон нутгийн хурлын сонгуульд оролцох санал ирсэн байсан.
-МҮАН-ын гишүүн Ц.Цолмон танай намд элссэн нь “Шударга ёс” эвсэл тарах нь гэсэн хардлагыг улам баталгаажуулсан. Үүнээс гад­на МҮАН-ынхан Орон нутгийн хурлын сонгуулиар зарим газарт АН-тай хамтарч оролцоно гэдгээ ч мэдэгдээд байгаа. Та сая зарим салбар зөвлөлөөс МАН-тай хамтрах тухай санал ирүүлсэн гэлээ. Мөн танай намын зарим гишүүн МАХН, МАН хоёр нэгдэх ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байгаа. МАХН бол МАН-аас, МҮАН бол АН-аас угшилтай нам. Тиймээс энэ хоёр намыг хуучин угшлаа сэргээж магад­гүй гэсэн хардлага гараад бай­гаа. Та үүнд ямар хариулт өгөх вэ?
-УИХ-ын гишүүн Ц.Цолмон МАХН, МҮАН хамтран  эвсэл бай­гуулахаас  өмнө “Манай хоёр нам сонгуульд эвсэж ялалт байгуулс-ныхаа дараа нэгдэх ёстой” гэсэн байр суурийг илэрхийлж байсан хүн. Тухайн үед ч хоёр  намын удирд­лагууд энэ тухай ярилцаж байсан юм билээ. Тиймээс би УИХ-ын гишүүн Ц.Цолмонг манай намд элссэн асуудлыг буруу тийш нь бүү мушгиасай гэж хүсэж байгаа. Эр хүн хэлсэндээ, эмээлт морь харайсандаа гэдэг байх аа. Тиймээс би УИХ-ын гишүүн Ц.Цолмонг хэлсэндээ хүрдэг эр хүн юм гэсэн дүгнэлтийг хийж, хүндэтгэж байгаа шүү. “Шу­дарга ёс” эвсэл тарж, МАХН, МАН-тай  нэгдэнэ гэсэн яриа албан ёсоор гараагүй гэдгийг баттайгаар хэлмээр байна. Харин хувь хүмүүс хоорондоо ямар нэгэн байдлаар ярьж, зөвлөлдөж, санал бодлоо солилцож байгааг үгүйсгэхгүй. МАН-ын гишүүд бидний бодлогыг дэмжиж хэдэн зуугаараа хуучин батлахаа сэргээж байгаад бид талархалтай хандаж байгаа. “МАХН гэдэг бол 90 гаруй жилийн түүхтэй. Энэ намынхаа нэрийг бид хайрлаж явдаг. Энэ нэр улс төрийн түүхэнд байх ёстой. Та бүхний явуулж байгаа үйл ажиллагаа манай намын өмнө нь явуулж байсан үйл ажиллагаатай олон зүйлээрээ ижилхэн байна. Тиймээс бид энэ намын­хаа батлахыг цээжиндээ байнга хадгалж явдаг хүний хувьд бат­лахаа сэргээе” гэсэн олон хүн  бидэнд хандаж байна. Бидний зүгээс тэдэнд хүндэтгэлтэй хандаж, нээлттэйгээр хүлээж авч байгаа. Би өмнө нь МАХН, МАН бол “Тасарсан мах, үсэрсэн цус” гэж олон удаа хэлж байсан даа. Нэг үзэл бодолтой хүмүүс атлаа ойлголцохгүй, намынхаа үзэл бодлоос урвасан, намынхаа нэрийг өөрчлөхийн төлөө улайран зүтгэсэн, МАХН гэдэг нэрийг дахин гаргаж ирэхгүйн тулд хэдэн зуугаар нь энэ нэрийг хуурамчаар “үйлдвэрлэсэн” буруу, зөрүү бодолтой хүмүүсээс салахыг хүссэн, салж байгаа хүмүүс биднийг зориод ирэхэд бид ойлголцохгүй гэх газар үгүй шүү дээ. АН-тай бид шинэчлэлийн Засгийн газар байгуулаад ажиллаж байгаа шигээ МАН-ын үзэл бодол нэг, зөв ярьж, сэтгэж байгаа нөхөдтэйгөө няг­тарч ажиллаж яагаад болохгүй гэж. Энэ нэг их ноцтой асуудал биш л дээ. Ингэж хэлснээрээ Шинэчлэлийн Засгийн газраас гарна, гарахгүй гэдэг асуудлыг хөндөж байгаа юм биш шүү. Энэ бол огт өөр асуудал.
-Ямар тохиолдолд шинэч­лэлийн Засгийн газраас гарах тухай яриаг хөндөнө гэж?
-АН-ынхан улс орны язгуур эрх ашгийн төлөө хэлсэн, ярьсандаа, хийсэн гэрээ, гаргасан мөрийн хөтөлбөртөө үнэнч байж чадвал бид байнга дэмжиж ажиллах болно. Харин чадахгүй бол бид эхлээд шүүмжлэлтэй хандана. Тэгээд болохгүй бол заавал хамтрах албагүй улс төрийн шийдвэр гаргаж ч болно. Хэлсэндээ хүрэхгүй, гэрээгээ зөрчсөн тохиолдолд бид албан тушаалтай  зууралдахгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлэх ёстой байх. Гэхдээ нэгэнт дөрвөн жилийн үйл ажиллагааныхаа хөтөлбөрийг боловсруулаад, гэрээ хэлэлцээр байгуулаад ажлаа эхэлсэн энэ үед сална, энэ засгаас гарна  гэж ярихаас илүүтэй бидний өмнө хүлээгдэж буй  ажил их байна. Эхлүүлсэн ажлаа хэрэгжүүлэхийн тулд бүгдээрээ чармайж ажиллаж байхад бусад улс төрийн хүчин ч дэмжиж ажиллах ёстой гэдгийг  хэлэх нь зүйтэй.
-МАХН-ынхан албан тушаалаас зууралдахгүй гэлээ. Гэтэл “МАХН-ын удирдлагууд албан тушаалаас үхэн хатан зууралдаж, жирийн гишүүдээ тоохоо больсон” гээд танай намын хэсэг залуус МАН руу урвасан шүү дээ. Та хуучин намынхаа удирдлагуудын үйл ажиллагаанд нэлээд шүүмжлэлтэй ханддаг гишүүдийн нэг байсан. Одоо намын удирдлага байх зовлонг өнөөдөр биеэрээ мэдэрч байна уу?
-Би одоогийн МАН, тухайн үеийн МАХН-ын гишүүн байхдаа төрийн өндөр албан тушаа­луудыг шат шатанд нь  хашиж байсан төдийгүй  намын Удирдах зөвлөлийн гишүүн ч байсан. Ер нь аль ч томилгоотой холбоотойгоор үеийн үед л асуудал үүсэж байдаг гэхэд болно.Тиймээс би анхнаасаа боловсон хүчний асуудал амаргүй гэж хэлж байсан юм. Өнөөдөр аль ч нам, эвсэлд хүмүүс бүгд л дарга болно гэх сонин үзэгдэл бий болчихоод байна. Эсвэл “Би маш их тэмцэж явсан тий­мээс надад ажил өг” гэдэг. Хүн зөвхөн албан тушаалд очихын төлөө биш, улс эх орныхоо сайн сайхан ирээдүйн төлөө, хийж бүтээхийн төлөө  тэмцдэг байх учиртай. Үзэл бодлынхоо төлөө  тууштай тэмцэж, ялалтад хүрсэн хүнд үзэл бодол, боловсрол, мэдлэг, чадварт нь тохирсон ажлыг ялсан нам нь хуваарилдаг нь нууц биш бодит үнэн л дээ. Тиймээс боловсон хүчний томилгоо гэдэг нь хэн нь  юу хийж чадах вэ гэдгийг дүгнэж үзсэний үндсэн дээр эх орныхоо төлөө юу, өөрийнхөө төлөө ажиллах уу гэдгийг нь тодорхойлж байж хийдэг асуудал. Бид ч дээрх шалгууруудыг тавьсны үндсэн дээр л томилгоог хийсэн. Цаашид ч энэ зарчмаар л явна. Харамсалтай нь хариуцлагатай албан тушаалд очих гэж горилж байгаа хүн олон байвч албан тушаал нь ганц л байдаг учир гомдогсод бий болдог жишиг өнөөдрийн нийгэмд тогтчихсон байна. МАХН-аас гарсан гэж байгаа 12 залуугийн арав нь МАХН-ын батлахгүй байсан. Тэгэхээр тэр хүмүүс чинь жинхэнэ албан тушаалаар шантаажлагч байсан байгаа биз. Ер нь аль ч нам дотор албан тушаалын шантаажлагч бий болбол шударгаар ажиллаж байгаа намын удирдлагуудыг гүтгэх асуудал  дагаад урган гарна. Жирийн иргэдээсээ хөндийрч албан тушаал хөөцөлдөх болсон гэдэг тодорхойлолт манай намынханд тохирохгүй. Бид намынхаа ахмадууд, жирийн иргэд сонгогчидтойгоо  байнга уулзаж, санал бодлыг нь сонсдог. Тухайлбал, саяхан болсон ахмадын баяраар л гэхэд манай намд улс эх орондоо их зүйл бүтээсэн 108  хүн элслээ.
-Хэлсэн, ярьсандаа хүрдэг байх ёстой гэж та түрүүн хэлсэн. Гэтэл УИХ-ын 57 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах ёстой гэж бай­сан хүмүүс Засгийн газрын гишүүн болмогцоо хэлснээсээ ухарчихлаа. Мэдээж таниас бусад нь л даа. Та тэр хүмүүсийн талаар ямар бодол­той байна вэ?
-Тэд яагаад ийм шийдвэр гаргасныг хэлж мэдэхгүй юм. Тодорхой цаг хугацааны дараа хүний байр суурь өөрчлөгддөг байх л даа. Гэхдээ зөв тийшээ өөрчлөгдөх ёстой. Түүнээс биш албан тушаалд очихоороо бусдыгаа танихгүй, өөрийн гэсэн бодолгүй болчихдог байж болохгүй л дээ. Миний хувьд нэг л байр суурин дээрээ баттай зогсохыг хичээдэг. Би хүнийг дарга байхад нь дагаж гүйдэг хүн биш. Харин ч дарга нарыг буруу, зөрүү үйлдэл хийвэл   ажлаа сайжруулаасай гэсэн үүд­нээс  санал бодлоо шуудхан хэлчихдэг зантай. Ин­гэж хэлснийг минь зарим нэгэн хүмүүс  хүлээж авахдаа  шүүмжлэл гэж ойлгодог бололтой. Зовох цагт нөхрийн чанар танигдана гэдэг ардын сайхан үг байдаг. Би энэ л зарчмыг баримталж явсаар өдийг хүрсэн. Ямар нэгэн шийдвэрийг  найз нөхөд болон салбар бүрийн  мэргэжлийн хүмүүстэй ярилцаж, тодорхой хэмжээнд судалгаа хийсний үндсэн дээр гаргадаг. Аль болохоор зөв шийдвэр гаргахыг хичээж ирсэн.  Мэдээж олонхиороо ярилцаад миний буруу байна гэвэл  олонхийг хүндэтгэнэ л дээ. Саяхан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцэх үеэр Оюутолгойтой холбоотой заалт оруулах эсэх талаар  хэлэлцсэн. Оюутолгой гэдэг үгийг  л хассан болохоос ерөнхий агуулга нь орсон гэж үзэж байгаа. Одоогийн хувилбарыг бид хэрэгжүүлж чадвал тийм ч муу хувилбар биш. Би УИХ-ын 57 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх тухай ярьж эхлэх үед   Оюутолгойн гэрээг засаж сайжруулах  шаардлагатай гэж үгээ хэлсээр ирсэн. Түүнээс биш энэ гэрээг зогсоох ёстой гэж хэзээ ч дуугарч  байгаагүй. УИХ-ын 57 дугаар тогтоол хууль л юм бол хуулийг хэрэгжүүлэх ёстой. Хэрэв хууль нь хэрэгжих боломжгүй юм бол дахиж хэлэлцээд өөрчлөх шаардлагатай. Ер нь бол Засгийн газраас мөрийн хөтөлбөрийн төсөлд тусгасан заалтыг УИХ эхний хэлэлцүүлгүүдээр дэмжиж байсан атлаа эцсийн хэлэлцүүлгээр  өөрчлөх нь буруу гэсэн байр суурьтай байсан. Тиймээс Оюу толгой гэдэг үгийг хасах шаардлагагүй гэж санал өгсөн. Сайд нараасаа ганцаараа эсрэг санал өглөө,   танхимын зарчмыг баримтлаагүй гээд надтай энэ асуудлаар Засгийн газраас  хариуцлага тооцно гэвэл би хүлээж авахад бэлэн байна.  Ямар ч байсан миний байр суурь анхныхаасаа өөрчлөгдөхгүй. Мэдээж, засч сайжруулахын төлөө асуудлыг шийдвэл санал нэг байлгүй яах вэ.
-МҮАН-ын дарга М.Энхсайхан Н.Энхбаяраас холбоогоо тасалж байгаа тухайгаа мэдэгдсэн. Тэгэхээр МАХН, МҮАН-ын хамтарч ажиллах хугацаа ч дуусгавар болно гэж ойлгож болох уу. Мөн М.Энхсайхан дарга Н.Энхбаяр даргыг хоригдож бай­гаа талаар та бүхнээс эсрэг бодолтой байгаагаа ч илэрхийлэхдээ “Н.Энхбаярыг хэлмэгдсэн гэж үзэхгүй” байгаа хэмээсэн. Та түүний ярианд ямар дүгнэлт хийсэн бэ?
-М.Энхсайхан даргын тэгж хэлснийг МҮАН-ын байр суурь биш, М.Энхсайхан гэдэг хувь хүний үзэл бодол гэж ойлгож байгаа. Тэр ч бүү хэл, М.Энхсайхан гэдэг улстөрчийн байр суурь ч гэж бодохгүй байгаа шүү. Тэр хүн ардчилсан нийгэмд үзэл бодлоо илэрхийлэх нь чөлөөтэй асуудал. Тиймээс бид М.Энхсайханд юу ярихыг нь зааж, зааварлах ёсгүй. Н.Энхбаяр даргыг шүүх хурал нээлттэй болсон нь давуу тал  ч гэсэн шүүхийн шийдвэр нь урьдаас бэлтгэсэн жүжиг шүү дээ. Ямар ч нотлох баримтгүйгээр ял ногдуулсныг хүн бүр надаар хэлүүлэлтгүй  дор бүрнээ ойлгож дүгнэлтээ хийсэн байгаа. Өнөөдөр Монголын шүүх засаглал ямар  төвшинд  ажиллаж байгааг  ард түмэн тэндээс мэдсэн л дээ. Шүүх зохиомол, эзэнгүй хэргийг хэрхэн эзэнтэй болгож яллаж болдгийг Монголын ард түмэн  ил тодоор харуулсан шүүх хурал болсон. Хэлмэгдүүлсэн гэж үзэхгүй байгаа гэдэг үгийг М.Энхсайхан дарга хэлсэнд нь миний хувьд харамсаж  гайхаж байна. Шүүх хурлын дараа   уулзаж ярилцах үед хэлмэгдүүлэлт боллоо гэж ярьж байсан хүн ингэж өөрчлөгдсөн учрыг ойлгохгүй л байна.
-Албан тушаал өгөөгүйгээс болж гомдсон юм болов уу. Сангийн сайд болох байх гэж бодож бай­сан ч тэр суудлыг нь өгөөгүйд нэлээд гомдоллосон байх шиг байсан?
-МАХН болон МҮАН-ын хооронд хийсэн гэрээний дагуу 70:30-ийн харьцаатайгаар бүх томилгоог явуулсан. Тухайлбал, дөрвөн сайдын гурав нь МАХН-д, нэг нь МҮАН-д очсон. Сайд нарыг томилоогүй байхад М.Энхсайхан даргад би “ МҮАН-ын даргын хувьд та өөрийн сонгосон яамныхаа сайд бол” гэж хэлж байснаа тодоос тод санаж байна. Тэр ч бүү хэл Шадар сайдын суудлыг ч санал болгосон. Харамсалтай нь өөрөө тухайн үед татгалзсан. М.Энхсайхан даргад УИХ-ын гишүүн   болох боломж   нь байсан. Миний санаж байгаагаар Н.Энхбаяр дарга “М.Энхсайхан чи бид хоёр эвслийн жагсаалтад орох ёстой. Би нэгдүгээрт, чи хоёрдугаарт бичигдэх нь зүй ёсны хэрэг” гэж хэлж байсан. Харин М.Энхсайхан дарга татгалзаж, М.Сономпилийг өөрийнхөө оронд жагсаалтаар нэр дэвшүүлсэн шүү дээ. Би худлаа ярьж, хүнийг гүжирдэх дургүй. Харин хүн намайг гүжирдэхэд хариуг нь тааруулаад барина. Тэгэхээр бид М.Энхсайхан даргад маш олон боломжийг олгосон. Бодит байдлын талаар   асуусан учир ийм л хариулт өгөх байна. Тиймээс  МАХН-ыг амбиц хөөсөн, Н.Энхбаяр даргыг хэлмэгдээгүй гэж үзэж байгаа гэсэн гоморхлын үгсийг нь хүлээн зөвшөөрөх аргагүй байна. Үүнийг түр зуурын үл ойлголцол байх гэж найдаж байна.
-Э.Батшугарыг УИХ-ын гишүүн болгох гэж танай намынхан сүүлийн үед зүтгэх болсон нь Н.Энхбаяр дарга алсаас намынхаа үйл ажиллагааг удирдаж байгаа гэх хардлагыг төрүүлээд байгаа. Та үүнд ямар хариулт өгөх вэ?
-Хардах эрх хэнд ч байж болно. Гэхдээ өнөөдөр эрүүл ухаанаар ойлгох аргагүй хардалт бий болж байна. Ер нь өнгөрсөн 20 жилийн турш Н.Энхбаяр гэдэг хүнийг  болж бүтэхгүй  бүхий л зүйлтэй холбож “нүдлээ” шүү дээ. Н.Энхбаяр дарга өнөөдөр бидэн дунд эрх чөлөөтэй байж чадахгүй, хийгээгүй хэрнээ зохиомол хэргийн золиос болоод хэрэгтэн болчихоод байна. Тиймээс тэр хүнийг алсаас намынхаа үйл ажиллагааг удирдаж байна гэж хэлэх нь өрөөсгөл ойлголт.  Н.Энхбаяр даргатай өдөр бүр уулзаад, өдөр тутмынхаа үйл ажиллагааг асууж, лавлаад тэр хүний заавраар яваад байгаа зүйл огтхон ч байхгүй.  Мэдээж МАХН-ын даргын хувьд хааяа нэг уулзаж, санал бодлоо солилцож, зөвлөлдөх зүйл байлгүй л яах вэ. Ер нь тэр хүнийг хэлмэгдүүлээд зогсохгүй, гэр бүл , үр хүүхдийг нь давхар хэлмэгдүүлж байгаа нь ардчилсан нийгэмд  байж болохгүй асуудал. Түүний хүүхэд нь гадаадад  сургуульд явж чадахгүй болтлоо  хэлмэгдэж байна шүү дээ. Энэ бол хэлмэгдүүлэлт хэрээс хэтэрч байгаагийн тод томруун жишээ. Монголын шүүхийн байгууллага албан тушаалтнаас хараат, захиалгаар ажиллаагүй шударга шүүсэн бол энэ хүн болоод түүний гэр бүлийнхэн өнөөдөр ингэж хэлмэгдэхгүй байх байсан. Нийслэлийн шүүхээс “Н.Энхбаяр гэдэг хүний биеийн байдал маш муу байгаа учир шүүх хуралд суух боломжгүй” гэж мэдэгдсэн.  Маш богино хугацаанд хүний биеийг ингэтэл нь доройтуулчихаад дахиад дээрээс нь энэ мэтээр “балбаад” байх хэрэг байна уу. Э.Батшугарын хувьд Н.Энхбаярын хүүхэд  болохоор л  УИХ-д сууж болохгүй гэсэн заалт хаана ч байхгүй. Тэр ч бүү хэл, өнөөдөр Монгол Улсад шударга шүүх гэж байдаг л бол зөвхөн Э.Батшугарыг УИХ-д оруулах, оруулахгүй тухай асуудлыг ч биш ер нь эвслийн жагсаалтаар анх нэр дэвшиж байсан хүмүүсийн тухай ч ярих ёстой.
-Э.Батшугарыг цэргийн алба хаасан тухай бичиг гарч ирсэн гээд байгаа. Энэ ямар учиртай юм бэ?
-Цэрэг татлагын үеэр Э.Батшугарыг сэжигтнээр татаад цэрэгт бүртгүүлэх боломжийг нь хааж улс төрийн янз бүрийн үйл ажиллагаа хийсэн юм билээ. Дахиад  хэлэхэд Сонгуулийн ерөн­хий хороо шударга ажилласан бол Э.Батшугар өнөөдөр УИХ-д орчихсон сууж байх бай­сан. Хүнд хэцүү  үед үр хүүхэд нь хууль журмынхаа дагуу УИХ-ын гишүүн болчихвол Н.Энхбаяр дарга лав эсэргүүцэхгүй байх гэж бодож байна.
-Тэгэхээр УИХ-ын сонгууль болохоос өмнө Э.Батшугарыг цэргийн алба хаасан гэсэн бичгийг Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлсэн гэсэн үг үү?
-Тухайн үед цэрэг татлага болоход нь Э.Батшугар сэжигтэн байсан учир бүртгүүлж чадаагүй хоцорсон. Тэгээд сэжиглэгдэх хугацаа нь дууссаны дараа цэргийн бүртгэлд бүртгүүлж  бид түүний нэрийг эвслийн нэрийн жагсаалтад оруулсан. Гэтэл бидний нэр дэвшүүлсэн хүмүүсийг Сонгуулийн ерөнхий хорооноос “боловсролгүй, шаардлага хангахгүй” гэдэг шалтгаанаар хассан. Үүнийг би захиалгатай л гэж ойлгож байгаа. Зөвхөн “Шударга ёс” эвслийн нэр дэвшигч­дийг тэгж нарийн шалгачихаад яагаад бусад намын нэр дэвшигчдийг шалгахгүй  байгаа юм бэ. Бусад намаас нэр дэвшигчдийн дунд эх орныхоо газрын баялгийг харийнхантэй  нийлж байгаад худалдчихсан, олигархижсан хүмүүс орсон шүү дээ. Энэ бүхнээс харахад улс төрийн зорилготой байсан гэдэг  нь л батлагдаад байгаа юм.
-МАН-ын дарга Ө.Энхтүвшин Н.Энхбаяр даргыг эргэж очсон гэсэн. Тэд чухам юу ярилцсан юм бол оо. Хамтарч магадгүй гэсэн хоёр намын дарга уулзалдсан байна шүү дээ. Танд Н.Энхбаяр дарга тэр талаар ярьж байх юм уу?
-Ө.Энхтүвшин дарга хүн ёсны, жинхэнэ нөхөр ёсны үйлдэл хийж Н.Энхбаяр даргыг эргэж очсон л гэж би хэлмээр байна. Энэ бол хоёр намын нэгдэлтэй холбоотой асуудал огтхон ч биш. Хэдэн сараар уулзаагүй хүмүүс ганц уулзалтаар улс төрийн тохироо хийнэ гэж байхгүй. Дотор гаднагүй камер зоолттой тэр орчинд тийм зүйл ярих боломж ч  байхгүй. Олон хүн Н.Энхбаяр даргатай уулзах хүсэлт гаргадаг ч тэр болгон хүсэлтийг нь холбогдох байгууллага нь хүлээж авдаггүй юм гэсэн. Цаашид шүүхийн байгууллага энэ тал дээр арай уян хатан хандаасай гэж хүсэж байгаа. Н.Энхбаяр даргатай нөхөр ёсоор уулзах гэсэн олон хүн байгаа учир тэдний хүсэлтийг харгалзаж үзэх хэрэгтэй  болов уу. Ө.Энхтүвшин дарга Н.Энхбаяр даргатай уулзах хүсэлтээ холбогдох байгууллагад нь уламжилсан ч хүлээж аваагүй учраас бидэнд хандсан. Түүний хүсэлтийн дагуу холбогдох байгууллагуудаас нь зөвшөөрлийг нь авч тэр хоёр уулзсан. Би тэдний уулзалтынх нь төгсгөлд очиж таарсан юм л даа. Ийм хүнд байгаа үед нь олон жил нөхөрлөж явсан нөхөр нь ирсэнд Н.Энхбаяр дарга их баярлаж байгаагаа хэлж байсан. Харахад ч ер нь туйлын сэтгэл ханамжтай байгаа нь анзаарагдсан. Ө.Энхтүвшин дарга, Н.Энхбаяр дарга хоёр нас чацуутнууд, хоёулаа хамт ажиллаж байсан. Тухайн үед “гурван Э” ч гэгдэж байсан шүү дээ. Гэтэл тэр хоёр хүнийг  зэрэгцээд сууж байхыг харахад өөрийн эрхгүй хоолой зангирч байсан. Тэд бол нас чацуутнууд,  гэтэл ах, дүү хоёр сууж байгаа юм шиг харагдаж байсан. Хэтэрхий их насны зөрүүтэй юм шиг гэх үү дээ. Тийм учраас харахаар л сэтгэл эмзэглэдгээ  нуугаад яах вэ. Засгийн газраа хамтарч байгуулаад, гавьяа шагналыг  гараас нь аваад л явж байсан олон хүмүүс бий. Улс төрийн үзэл бодол өөр байлаа гээд хүн чанар өөрчлөгдөхгүй  байх аа. Хүнд хэцүү үед нь гашуун нясуун үгээр хүнийг баалж байсны оронд сэтгэлийн дэм өгөх нь илүү байх гэж бодож байна.
-Одоо Н.Энхбаяр даргын биеийн байдал нь ямархуу байна вэ. “Эрүүл мэндийн шалтгаа­наар ялаас мултлах гэж МАХН-ынхан Эрүүл мэндийн сайд, Хууль зүйн дэд сайдын албан тушаалыг авсан” гэх яриа улс төрийн хүрээнийхний дунд гарсан байсан?
-Аливаа зүйл бодит үнэнээрээ л байх ёстой. Н.Энхбаяр даргын биеийн байдал тааруу байгаа нь бодит үнэн. Шоронд байхдаа ухаан алдаж хойшоо савж унаад дагзандаа гэмтэл авсан. Гавлын яс нь язраад, цус гаран, арьс нь хуулраад шархалсан байгаа. Хэчнээн эмчилгээ хийлгээд байгаа ч  биеийнх нь байдал сайжрахгүй байна. Гар барихад гар нь байнга хүйтэн, цусны эргэлт нь сайжрахгүй, хоол ундандаа ч сайн орохгүй л байна. Эрүүл мэндийн сайд хэн  байх нь хамаагүй. Эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа, тангараг өргөсөн эмч хүн хүнийхээ эрүүл мэндийн төлөө  л ажиллах ёстой. Бид Н.Энхбаяр даргад тодорхой шинжилгээнүүд хийлгэсэн. Цаашид эмчлүүлэх шаардлага зайлшгүй байгаа. Монголын түүхийг бүтээлцсэн тэр  хүний  мэдлэг чадварыг ашиглаж  Монголын улс төрд үлдээх ёстой. Тэр чигээр нь устгах, эсвэл шоронд хийж санаа нь амрах, сэтгэл зүйн дайралт  хийж тоглох, ямар нэгэн хорлонтой үйл ажиллагаа хийхийг бид зөвшөөрөхгүй. Түүнээс биш Н.Удвал Эрүүл мэндийн сайд, Э.Эрдэнэжамъяан Хууль зүйн дэд сайд болсноороо тэд хууль өөрчилдөг субьектууд болчихгүй. Энэ мэт явган яриа бол дахиад л Н.Энхбаярыг үгүй хийх гэсэн тодорхой хэсэг хүмүүсийн гаргасан үйлдэл гэж үзэж байна.
-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.