Г.Шийлэгдамба: МАН-д олигархижсан хэдэн дарга нь үлдтэл бид гишүүд элсүүлнэ
МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбатай ярилцлаа.
-Танай нам Орон нутгийн сонгуульд хэдэн мандат, тойрогт хэчнээн хүн нэр дэвшүүлээд байгаа вэ?
-Нийслэлийн хэмжээнд нийт мандатын 90.7 хувьд нь хүмүүсээ нэр дэвшүүллээ. Улсын хэмжээнд бол 80 орчим хувьд нь нэр дэвшүүлсэн. Аймаг, сум бүрт харилцан адилгүй байгаа. Таван аймагт Сонгуулийн хороо нь манай намыг бүртгэж аваагүй асуудал үүсээд байна.
-Яагаад бүртгэж аваагүй гэж. Ямар нэг шалтгаан байсан юм уу?
-Дорнод, Өвөрхангай, Завхан, Говь-Алтай, Хөвсгөл аймагт МАХН-ыг Сонгуулийн тойргийн хороо бүртгэж аваагүй. Зарим суманд ч бас бүртгээгүй. Багахангай дүүрэгт мөн бүртгэж авахаас татгалзсан. Өвөрхангай аймагт бол Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гарч, бүртгэж авах ёстой гэчихээд байхад үүнийг биелүүлэхгүй байна. Ийм болохоор бид үүнийг цэвэр улс төрийн явуулга гэж ойлгож байгаа. Бид дараа дараагийн алхмаа хийнэ.
-Хуулийн хугацаандаа амжиж танайх нэр дэвшигчдийнхээ нэр, материалыг өгсөн үү?
-Өгсөн. Бүртгэж авахгүй гэсэн Сонгуулийн хороод бидэнд хуульд байхгүй шаардлага тавиад байгаа юм.
Жишээ нь, ямар үндэслэл хэлж, ямар шаардлага тавьж байгаа юм бэ?
-Тойрог бүрт өөр өөр юм ярьж байгаа. Хурлын протокол тамгагүй байна, албан бланкны нэр хаяг зөрчилтэй байна ч гэдэг юм уу. Дандаа жижиг сажиг зүйлээр шалтаглаж байгаа. Өвөрхангай аймагт гэхэд Сонгуулийн тойргийн хороо манай намын мөрийн хөтөлбөрийг хэрэгжих боломжгүй гэсэн. Гэтэл Аудитын байгууллагаар шалгуулаад хэрэгжих боломжтой гэдэг дүгнэлт гарчихаад байхад сонгуулийн тойргийн хороо тэгж үзэх эрх байхгүй. Шүүх түүнийг нь буруу байна гэж үзээд МАХН-ыг бүртгэж авах ёстой хэмээн шийдвэр гаргасан юм. Тэгтэл шүүхийн шийдвэрийг тоохгүй цаг аваад байгаа явдал Өвөрхангай аймагт болоод байна.
-Шүүхийн шийдвэр гарчихаад байхад бүртгэж авахгүй гэсэн тохиолдолд өөр хаана хандах ёстой вэ?
-Шүүхийн шийдвэрийг заавал хэрэгжүүлэх ёстой. Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй бол бид Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандана. Иргэний шүүх бол давж заалдах гээд олон шаттай. Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гарсан даруйдаа хүчин төгөлдөр мөрдөгдөх учиртай. Гэтэл ийм шүүхийн шийдвэрийг тэд үл тоож байна.
-Налайх дүүрэгт МАН, МАХН хоёр хамтарч сонгуульд орох гэж байгаа тухай мэдээлэл байна?
-Налайх дүүрэгт МАХН хүмүүсээ нэр дэвшүүлж байгаа. МАН-аас манайд гишүүд нь орж ирсэн. Тэд манай намын нэр дээр нэр дэвшиж байгаа. Өмнө нь Налайх дүүргийн Засаг дарга, Засаг даргын орлогч байсан хүмүүс манай намд орсон юм. Төрийн албанд байсан МАН-ын хүмүүс ажлаа өгөөд, намаасаа гарч МАХН-ын гишүүнчлэлээ сэргээж, зарим нь тойрогт нэр дэвшиж байгаа. Үүнийг л андуурч ойлгосон байх.
-Налайхаас хэдэн хүн МАХН-д гишүүнчлэлээ сэргээсэн гэсэн үг вэ?
-Налайх, Баянгол, Сонгинохайрхан дүүргээс гишүүнчлэлээ сэргээх хүсэлт ирж, бид хүлээж авсан. Хамгийн сүүлд өнгөрсөн лхагва гарагт СХД-ийн 700 гаруй хүн МАХН-ын гишүүнчлэлээ сэргээсэн. Гавьяат багш, гавьяат эмч нар ч тэдний дунд бий.
-200, 300 –аараа л МАХН-ын гишүүнчлэлээ сэргээлээ гэж байна. Нийт хэчнээн хүн гишүүнчлэлээ сэргээчихэв ээ?
-Сар гаруйн хугацаанд 4000 гаруй хүн орсон. Биечилж өөрсдөө ирсэн нь болохоор 1000 гаруй хүн бий. Үлдсэн нь өөрсдөө ирж чадаагүй ч төлөөллөө явуулж, анкетаа албан ёсоор өгч, гишүүнчлэлээ сэргээлгэсэн. Дараа нь Баянзүрх дүүргээс гишүүнчлэлээ сэргээх хүсэлт ирээд, бид тоогоо гаргаж л байна.
-Орон нутгийн сонгуулийн шоу маягтайгаар баахан хүмүүс элсүүлж байна гэх юм?
-Сонгуулийн өмнө ч, дараа нь ч манайд гишүүнчлэлээ сэргээнэ. 2014 он хүртэл гишүүнчлэлээ сэргээнэ. Ардын намд хэзээ МАХН-д орж ирэх гишүүнгүй болоод хэдэн олигархижсан, бидэнд хэрэггүй дарга нь үлдэнэ, тэр болтол элсүүлнэ. Түүнээс гишүүнчлэлээ сэргээх гэсэн хүмүүсийг бид хүлээж авахгүй байж болохгүй.
-МАН-ынхан Н.Энхбаяртай уулзаж, МАХН, МАН-аа нийлүүлэх тухай хөндсөн гээд байх юм. Үнэхээр тийм яриа болсон юм уу?
-Бид албан бус байдлаар уулзсан. Орон нутгийн сонгууль зарлахаас өмнө. Энэ сонгуульд эвсч оролцох боломж бий юү гэдгийг ярилцсан. Энэ удаадаа эвсч орох боломжгүй юм гэж үзсэн. Манай намын дарга Энхбаяртай МАН-ын дарга Энхтүвшин очиж уулзсан. Манай намд уулзах хүсэлт тавьж, хувийн шугамаар уулзсан юм. Тэр үеэр тэд намын тухай ярилцаагүй. Ер нь, МАН-ынхан “Бид нэгдэх гэж байгаа” гэж яриад байгаа. Албан ёсоор бол бид тийм зүйл яриагүй.
-Хоёр намаа нийлүүлэх талаар аль аль талаасаа хандаагүй гэж ойлгож болох уу?
-Манайх бол нэгдэх тухай тэдэнд хандаагүй. МАН-ынхантай уулзахдаа хэлсэн л дээ. “Бид эвсэх, нийлэх тухай ярихын өмнө хамгийн эхэнд Энхбаяр даргыг хэлмэгдүүлж байна гэдэг байр сууриа илэрхийл. Хэрэв тэгж илэрхийлвэл бид нэг байр сууринд байгаа юм байна. Ингээд дараа дараагийн улс төрийн нөхцөл байдлаа үргэлжлүүлээд явах бололцоотой болно” гэсэн юм. Тэд “хэлмэгдүүллээ” гэдэг байр сууриа тодорхой илэрхийлээгүй.
Манай намын гишүүд болохоор Нямдорж ХЗДХ-ийн сайд байхдаа Энхбаяр даргыг хэлмэгдүүлсэн гэж үзээд байгаа юм.
МАН-ынхан, Нямдорж тэргүүтэй хүмүүс хэлмэгдүүлэлтийг эхлүүлж, одоо ч гэсэн үргэлжилж байна гэж үзсэн учраас өөрсдөө үүнийгээ хүлээн зөвшөөр гэсэн юм. Манай намтай эвсэх, нэгдэх хүсэл МАН-ын олон гишүүнд бий. Харин МАН-ын дарга нар нь аргагүйн эрхэнд үүнийг нь манайд хамаатуулж яриад байгаа юм. МАН-ын байр суурь тодорхойгүй байгаа нөхцөлд бид хэзээ ч эвсч нэгдэх тухай ярихгүй.
-Хэрэв МАН-ынхан бид хэлмэгдүүлжээ гэдгээ хүлээн зөвшөөрөөд, МАН, МАХН-ыг нийлүүлж нэг нам болгоё гэсэн хүсэлт тавибал танайх хүлээж авахад бэлэн гэсэн үг үү?
-Яг хүсэлт хүлээж авах, авахгүй тухай асуудал бас биш юм. Бид дангаараа шийдэхгүй. “Шударга ёс” эвслийн МҮАН-ынхантай ярих ёстой. Хамтарсан Засгийн газарт ажиллаж байгаа учраас түүнийгээ яах вэ гэдгээ ярих ёстой. Тийм амархан шийдчих зүйл биш.
Манай намын гишүүд “МАН-тай нэгдэх нь зарчмын хувьд байж болно. Гэхдээ одоо байгаа олигархижсан, хэлмэгдүүлэлтэд холбоотой, ялзарсан удирдлагуудаасаа салсан цагт нэгдэх тухай ярина” гэсэн байр суурьтай байгаа.
-МАН-аас МАХН руу ингэж хэдэн зуугаараа ороод байгааг хардах нэгэн байна. МАХН-ыг дотроос нь МАН-даа уусгах нь гэж харж байгаа?
-Тиймэрхүү санаа байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ тийм амархан болчих зүйл биш. Бид МАН-аас орж ирсэн хүмүүсийг дандаа тагнуул, туршуул байна гэж үзэж болохгүй шүү дээ. Ганц нэг тийм санаатай хүн байхыг үгүйсгэхгүй. Олонхи нь “Шударга ёс гэж МАН-д алга, ямар ч ардчилалгүй, өөрчлөлт шинэчлэлтгүй, хувааж талцуулсан, олигархижсан хүмүүсээсээ бүрэн салж чадахгүй. Түр зуурын өнгөлөн далдлалт хийлээ” гэж цаашдаа тэдэнд итгэх итгэлгүй болсон хүмүүс л манай намд орж ирж байгаа.