2012.08.28
Орон нутгийн сонгуулийг улстөржүүлж болохгүй гэв
УИХ дахь МАН-ын гишүүд энэ удаагийн хуралдаанаараа Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцсэн байна. Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн төслийг Ардчилсан нам, ИЗНН, “Шударга ёс” эвсэл хамтран санаачилж, өнгөрсөн долоо хоногт УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн. Төсөлд орон нутгийн ИТХ-ын төлөөлөгчийн гуравны нэг хүртэлхийг намын жагсаалтаар үлдсэн төлөөлөгч тойргийн системээр өрсөлдөхөөр заагаад байгаа.
Харин МАН-ын гишүүд орон нутгийн ИТХ-ын төлөөлөгчийг сонгохдоо гуравны нэг хүртэлхийг намын листээр сонгох нь буруу, энэ бол улстөржсөн, намжсан түүнээс харьяат байлгах гэсэн маш буруу алхам гэж үзжээ. Нөгөөтэйгүүр, Үндсэн хуулийн хэм хэмжээг зөрчсөн заалтууд Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн төсөлд багтаад байна гэж УИХ-ын гишүүн Н.Энхболд мэдэгдлээ.
Орон нутгийн сонгуулийн тухай хуульд сонгогч сонгууль өгөх нь үүрэг гэж заасан, энэ нь Үндсэн хуульд заасан хэм хэмжээг давсан заалт юм. Мөн орон нутгийн сонгуульд сонгогч саналаа өгөөгүй бол төрийн албанаас чөлөөлж дараагийн сонгуульд саналаа өгвөл ажилд нь эргүүлэн томилох гэх заалт ч ороод байгаа. Энэ бүхэн бол хүний эрх зөрчсөн үйлдэл болно гэж хэллээ.
Харин УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан "орон нутгийн сонгуулийг ирэх арваннэгдүгээр сард зохион байгуулах нь зохисгүй. Малчид өвөлжөөндөө буух их ажилтай нэг талаар давхцана, нөгөө хэсэг нь отор нүүдэл гээд явчихсан байх талтай. Тиймээс орон нутгийн сонгуулийг зохион байгуулах хугацаа ч бас асуудалтай гэж байна. Гэх мэтчилэн энэ бүхний хажуугаар засч залруулах зайлшгүй шаардлагатай заалтууд бий ч МАН-ын бүлгийн гишүүдийн хувьд байнгын хорооны харьяалалд багтаагаагүйн дээр чуулганы нэгдсэн хуралдаан, байнгын хорооны хуралдаанд оролцсон ч үг хэлэхээс цааш хэтэрдэггүй. Хуулийн төсөлд саналаа нэмэрлэж, алдаатай заалтуудыг өөрчилье гэвч цөөнхийн саналыг хүлээж авахгүйгээр олонхийн бүлэг зөвхөн өөрсөддөө тааруулж хууль батлахын төлөө улайран тэмцэж байн" гэлээ.
Мөн УИХ-ын гишүүн С.Бямбацогт “МАН-ын 25 гишүүн УИХ-д сонгогчоо төлөөлөн сууж байгаа, бүлэг байгуулагдсан боловч, одоог хүртэл хүлээн зөвшөөрч чадахгүй байна, олонхийн бүлэг. Тэр байтугай УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл, Ц.Цолмон нар МАН-ын гишүүдийг бүлэгтэй болгох хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн мэдүүлсэн ч энэ удаагийн ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд оруулсангүй. Тэгсэн атал энэхүү ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд 13 асуудлыг багтаасан байгаа. УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хуралдаан өчигдөр болсон ч МАН-ын бүлгийн гишүүдээс холбогдох хүмүүсийг алийг нь ч оролцуулалгүй асуудлыг шийдлээ” хэмээсэн юм.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.