2012.08.23

Орон нутгийн сонгуулийг хэрхэн зохион байгуулах вэ


Уг хуулийн төслийг нам, эвслийн булгийн гишүүдээс бүрдсэн ажлын хэсэг хэлэлцүүлэгт бэлтгэж байгаа юм. Нам, эвслүүд хуулийн төсөлд оруулах саналаа ч илэрхийлж эхэлсэн.
Орон нутгийн хурлын сонгуулийг явуулах тогтолцоо болон саналыг хэрхэн тоолох вэ гэдэг дээр намуудын санал зөрөлдөж байгаа нь ч тодорхой болсон билээ.

УИХ-ын зарим гишүүнээс уг хуулийн төслийн талаар тодрууллаа.

С.Дэмбэрэл: Хуулийн төслийг хэлэлцэж байгаа
-ИЗНН-ынхны хувьд Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд оруулах саналаа хэлэлцэж байгаа. Саналаа нэгтгээд ажлын хэсэгт танилцуулах байх.

Ц.Цолмон: Энэ тухай ярих эрт байна

-Орон нутгийн сонгуультай холбоотой асуудлаар одоохондоо санал хэлэхэд эрт байна. Энэ асуудлыг эхлээд УИХ дахь "Шударга ёс" эвслийн бүлгээр хэлэлцэнэ. Түүний дараа байр сууриа нэгтгэж байгаад тодорхой зүйл хэлэх нь зүйтэй байх.

Ж.Эрдэнэбат: Орон нутгийн тойргийг томсгож болохгүй

-Орон нутаг гэдэг бол УИХ биш юм. Бүр тэс ондоо ойлголт. Орон нутгийн хурлын сонгуульд зөвхөн тэнд байгаа хүн л оролцдог. Тэгэхээр зарчмын нэлээн том ялгаатай. Орон нутагг нэг хүндрэл гардаг. Багийн Засаг дарга сонгуулиар гарч ирдэг. Тэр хүн нь цөөн хүн амтай баг дотроо олон ах дүүтэй бол насаараа шахам Засаг даргын ажлаа хийдэг. Энэ зөрчлийг арилгах хэрэгтэй. Үүний тулд орон нутгийн тойргийг томсгож ерөөсөө болохгүй.

Тухайн сумын Засаг дарга, удирдлагууд нэг гэр бүлийн, эсвэл нэг бизнесийн фракцийн эрх ашгийн төлөө ажиллах ёсгүй. Харин тухайн орон нутгийнхаа тодорхой асуудлуудыг хэлэлцэх ёстой. Тойргийг нэг болгочих юм бол тэр суманд үйл ажиллагаа явуулдаг томоохон компанийн удирдах ажилтнууд бүгд иргэдийн хуралд орох магадлалтай. "Биднийг сонгочих юм бол чи ажилтай" гээд хэлчихвэл тухайн компанид ажилладаг хүмүүс саналаа өгч л таарна. Тиймээс орон нутгийн сонгуулийг УИХ-тай адилтган үзэж болохгүй.

Р.Бурмаа: Саналыг автомат машинаар тоолох нь зүйтэй
-Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуулийн төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл дээр ажиллаж байгаа. Хуулиа баталж, сонгуулийн товоо зарлахгүй бол ерөнхийдөө оройтох нь. Намрын ажил, өвөлжилтийн бэлтгэл эхэлж байгааг ч анхаарах хэрэгтэй.

Сонгуулийн зохион байгуулалт, санал авах байрны багтаамж зэрэг дээр анхаарах зүйл бий. Орон нутгийн сонгуулийн хуулийг боловсруулахдаа нийслэлийн ИТХ-ын сонгуулийн бүтцийг авч байгаа. Сонгуулийн саналыг автомат машинаар тоолох тухай заалтыг оруулсан. УИХ, НИТХ-ын сонгуулиар санал авах байр жижиг байсантай холбоотойгоо иргэдийн саналын нууцлалыг хангаж чадаагүй зэрэг зөрчил илэрсэн. Энэ бүхнийг тооцоолох ёстой. Саналын хуудсыг хавтсанд хийж авчраад машинд уншуулах, санал тоолох машины дээр бүхээг хийх зэргийг хуулийн төсөлд тусгаж байна. Мөн орон нутгийн уугуул иргэдийн эрх ашгийг хуулийн төсөлд тусгах ёстой. Тухайн орон нутгийг аль нэг компанийн төлөөллөөс бүрдсэн ИТХ удирдах ёсгүй.
Д.Лүндээжанцан: Орон нутгийн удирдлагыг улстөржүүлэх нь зохимжгүй
-Би яг хуулийн төсөлтэй нь танилцаагүй байна. Харин Орон нутгийн сонгуулийг хойшлуулна, саналыг нь автомат машинаар тоолж холимог тогтолцоогоор явуулна гэх мэт мэдээлэл сүүлийн үед хэвлэлээр их гарах болж.

Би удахгүй ажлын хэсэг дээр нь орж санаагаа хэлнэ. Ер нь орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагыг аль болох улстөржүүлэхгүй байж үндэсний эв нэгдлийн зарчмыг хадгалах хэрэгтэй. Баг, аймаг, дүүргийн хэмжээнд намуудаар нь санал өгүүлж, туж улстөржүүлэх нь зохимжгүй юм. Тиймээс орон нутгийн удирдлагыг байн байн өөрчлөх хэрэггүй.

Харин тогтолцоо нь нутгийн ард иргэддээ ойлгомжтой энгийн байх ёстой. Одоогийн тогтолцоогоо өөрчлөх шаардлага байгаа нь үнэн. Гэхдээ энэ нь Үндсэн хуультай очиж тулчихаад байгаа юм. Тиймээс ирээдүйд Үндсэн хуулийн зарим зүйл, заалтыг өөрчлөх шаардлага ч гарч ирэхийг үгүйсгэхгүй.
Нийтлэлч
Т.Урангэрэл
Эх сурвалж
Улстөрийн тойм сонин
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.