2012.02.07
“УИХ-ын болон орон нутгийн сонгуулийг нэг өдөр явуулах боломжгүй”
МАН-ын бүлэг Д.Лүндээжанцан нараас өргөн мэдүүлсэн, Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, УИХ Н.Батбаяр нараас өргөн барьсан Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцээд УИХ-ын болон орон нутгийн сонгуулийг нэр өдөр явуулах боломжгүй гэж үзжээ.
Бүлгийн даргын хэлснээр бол “Хоёр сонгуулийг хамтад нь салгахгүй цуг хийнэ гэхээр 10 гаруй бэрхшээл байна. Тухайн үед орон даяар УИХ-ын сонгууль, аймгийн сонгууль, сумын сонгууль, багийн сонгууль, дүүрэг дээр гээд зэрэг сонгууль болохоор сонгуулийнх нь дүнг баталгаажуулна гэдэг төвөгтэй болчих байх гэж болгоомжилж байгаа. 20-иод мянган хүн орох болж байгаа. Үүнийг нэгэн өдөр явуулахад техник, хүн хүч, хууль эрх зүй, улс төр талаасаа ч хүнд юм гэж үзээд Д.Лүндээжанцан нарын өргөн мэдүүлсэн төслийг дэмжсэн байгаа” гэв.Мөн АН-ын бүлгээс дэмжлэг авч чадаагүй Засгийн газарт зарим эрх олгох тухай хуулийн төсөл, Төсвийн тухай хүчингүй болгосонд тооцох тухай хуулийн төсөл, “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг дэмжсэн байна. 2012 оны төсөв тодотгол хийх шаардлагагүйгээр цалин тэтгэврийг нэмэх боломжтой хэмээн бүлгийн гишүүд санал нэгджээ. Засгийн газарт зарим эрх олгох тухай хуулийн төслийг УИХ дахь Ардчилсан намын бүлэг Үндсэн хууль болон Төсвийн тухай хуулийг зөрчиж байна гэсэн үндэслэлээр дэмжихгүй гэдгээ мэдэгдсэн.
Харин МАН-ын бүлэг ямар шалтгаанаар энэхүү хуулийн төслийг дэмжсэн талаар МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшин “Засгийн газарт зарим эрх олгох тухай хуулийн төсөл нь Төсвийн хууль, Үндсэн хуулийг зөрчиж байна гэж ярьж байгаа бол үгүй. 2006 онд БСШУ-ы сайдаар намайг ажиллаж байх үед УИХ-аас тогтоол гаргаад “Үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүл” гэдэг үүрэг өгсөн.
Энийг яаж зохицуулж байсан бэ гэхээр тухайн 2006 оны 10-12 дугаар сарын санхүүжилтийг нь урагш нь гүйлгээд зохицуулаад явсан. Тийм учраас энэ нь хууль зөрчих болоод Үндсэн хууль зөрчих асуудал байхгүй. Хоёрдугаар сарын 1-нээс цалин, тэтгэврийг нэмнэ гээд олон нийтэд хүлээлт үүсгэчихсэн учраас УИХ дахь Ардчилсан намын бүлэг нэг их саад учруулахгүй биз дээ” гэсэн хариулт өглөө.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.