Санал тоолох автомат машин алдаатай ажилладаг нь сонгуулиар нотлогдлоо
Санал авах машин руу саналын хуудсаа хийж байгаа нь
2012.11.09

Санал тоолох автомат машин алдаатай ажилладаг нь сонгуулиар нотлогдлоо

АНУ-д Ерөнхийлөгчийн сонгууль болж, Барак Обама үргэлжлүүлэн алба хаших эрхээр "шагнууллаа". Гэхдээ түүний ялалтыг баталгаажуулсан сонгуулийн явц туйлын хариуцлагатай бас бэрхшээлгүй болж өнгөрсөнгүй.  Учир нь, өнгөрсөн УИХ-ын сонгуулиар манайд анх удаа ашиглаж, сонгуулийн үр дүнг богино хугацаанд элдэв хүлээлтгүй гаргаж чадсан хэмээн магтагдаад буй автомат машины алдаа энэ удаад америкчуудыг гайхахад хүргэсэн гэнэ.

Илүү тодруулбал, тус улсын Пенсильвани мужийн Филадельфи хотод санал тоолох автомат машин будилаан үүсгэж, сонгогчдыг эргэлзэж, тээнэгэлзүүлжээ. Хэсэг сонгогч өөрсдийн сонголтоор Обамагийн төлөө товчлуур дарж, саналаа нэмүүлэх гэтэл шууд автоматаар Митт Ромнийи нэр гарч ирээд байж. Тэд ч итгэл алдахгүйгээр дахин, дахин оролдсон ч "Зөвхөн Ромнид л өгөх ёстой" гэх мэт Ромнийн нэр гараад байсан гэнэ. Сонгогчид энэхүү нөхцөл байдлын бичлэгийг хийж, интернэтэд цацсан бөгөөд NBC телевиз мэдээлэл бэлтгэж хүргэсний дараа л уг хэргийн эзэн болох автомат машиныг сольсон байна.

Гэхдээ автомат машинтай холбоотой будилаан үүгээр дуусахгүй олон удаа гарч байсныг тодорхой баримтууд нотолдог. Тэр бүхнийг тоочвол дэндүү олон болно. Иймд ойлгомжтой алдаа, тодорхой жишээ нарыг доор товчлон хүргье.

-Эрдэмтэд гэрлийн мэдрэмжээр санал тоолох системд сонгуулийн дүнг үнэн зөв баталгаажуулах шаардлагатай техникийн суурь хяналт байхгүй болохыг тогтоосон байдаг.

-Тоног төхөөрөмжийн ажиллагааг доголдуулах замаар сонгуулийн тооллогод нөлөөлөх, сонгуулийн удирдлагын төвийн системд вирус суулган тараах боломж өндөртэй гэдгийг ч зарласан удаатай. Энэ нь өөрт ашигтай хувилбараар компьютерийн программыг өөрчилж, тухайн цаг үед намдаа ашигтайгаар уг машиныг ашиглах боломжтой гэх хардлагын эх үндэс болох нь бий.

-АНУ-ын Охайо мужийн Франклин тойрогт болсон сонгуулийн дүнг шалгасан тус мужийн Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бруннер нэгэнтээ "Сонгуульд ашигласан ЕS&S iVotronic системийн санал хураах, тоолох машинуудад сонгуульд нэр дэвшигчийн нэрийг арилгах оролдлого хийсэн байна" хэмээн мэдэгдэж байсан удаатай.

Үүнийг нь тухайн мужийн шүүхийн шинжээч "Оруулсан өөрчлөлтүүдийг илрүүлэх үүрэгтэй үйлдлийг санаатайгаар унтраасан" гэдэг дүгнэлтээрээ баталж байсан аж.

-Өнгөрсөн онд тус улсын Өмнед Каролинад болсон Ардчилсан намын анхан шатны сонгуулиар Алвин Грийн ялсан нь санал хураалтад ашигласан ES&S iVotronic системийн компьютерийн программд хийсэн гаднын нөлөөллөөс болсон гэх баримт ч байдаг. Өөрөөр хэлбэл, Алвин Грийний өрсөлдөгч нарын төлөө өгсөн санал бүхнийг уг компьютер Алвин Грийнд өгсөн болгон уншиж, компьютерийн аргаар тэрээр ялалт байгуулж, иргэдийн саналыг луйвардсан гэсэн үг.

-Арканзас мужийн Фолкнер тойрогт хийсэн шалгалтаар ES&S iVotronic системийн машины саналын эцсийн дүн санал хураалтыг цаасаар тоолсон дүнтэй таараагүй зөрж байсан байна.

-Флорида мужийн Сарасота тойрогт 2006 онд болсон АНУ-ын Конгрессийн сонгуулиар ES&S iVo­tronic системийн машинаар санал тоолох явцад 18 мянган санал алга болсныг тогтоосон байдаг.

-Арканзас мужийн Монро тойрогт явагдсан АНУ-ын сенатын анхан шатны сонгуулийн дүнгээр хэдэн мянган санал алга болсныг өнөөдрийг хүртэл шалгасаар байгаа гэдэг. Энэ бол 24 тэрбум төгрөгөөр Америкаас оруулж ирсэн Америкийн саналын машины үр дүн.

Хэдийгээр энэ машинд монголчууд дэндүү сайн итгэж буй ч гэлээ олон удаагийн туршилтаар оруулж, сонгуулийнхаа саналыг луйвардуулж ирсэн америкчуудын хувьд Ерөнхийлөгчийн сонгуулиараа ч тэр дахин үл итгэх сэтгэлтэйгээр үлдсэн нь энэ. Тэгвэл манай улс энэ удаагийн Орон нутгийн хурлын сонгуулийн саналыг ч АНУ-гаас тусгайлан захиалж авчруулсан "ES&S" компанийн DS200 маркийн 2005 онд үйлдвэрлэсэн сонгуулийн санал тоолох автомат машинаар тоолох юм.

ES&S DS200 маркийн санал тоолох сканнер

УИХ-ын сонгуулийн үеэр гомдол тээгчид олон хоцорч, "Автомат машин алдаатай тооллоо" хэмээн халаглаж байсан. Харин ирэх 21-ний өдөр асуудал хаашаа эргэх бол. Сонгогч таны саналыг үнэн тоолох болов уу, худлаа тоолох болов уу. Ямар ч байсан "Ядаж Монголд маань л ганцхан зөв машинаа нийлүүлсэн байгаасай" хэмээн залбирахад гэмгүй бололтой дог шүү.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.